Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ерөнхийлөгчийг огцруулах санал ба М.Энхболдын айдас

Монгол Улсын төрийн тэргүүнийг хугацаанаас нь өмнө огцруулах тухай УИХ-ын зарим гишүүн мэдэгдэл хийсэн нь өнгөрсөн долоо хоногийн содон үйл явдлуудын нэг байлаа. Гишүүн С.Жавхлан гишүүн асан Г.Уянга нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хуулийн эрх ашгаас урвасан гэсэн бол УИХ дэд дарга Ц.Нямдорж 3 сая монголчуудын нийслэлийг үр ашиггүй хот болсон гэж хэлснийх нь төлөө Ерөнхийлөгчийг огцруулах хөдөлгөөн өрнүүлнэ гэдгээ чуулганы танхимд мэдэгдэв. Аль аль нь амнаасаа гал дөлтэй үг унагадаг эрхмүүд болохоор энэхүү мэдэгдэл олон нийтэд гэрлийг хурдаар түгсэн. Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэхүү мэдэгдэлтэй холбогдуулж байр сууриа ямар нэг байдлаар илэрхийлээгүй байна. Бодвол Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах Үндсэн хуулийн болоод цаг хугацааны боломж бараг шавхагдсан гэж үзэж байгаа бололтой.

 

Ардчилсан улсад Ерөнхийлөгчийгөө, Засгийн газраа огцор гээд шаардах нь ердийн л үзэгдэл. Иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ иймэрхүү байдлаар илэрхийлэх явдал бараг л өдөр бүр тохиолддог. Харин УИХ-ын дэд дарга, гишүүд чуулганы танхим дотроос ийм мэдэгдэл хийж байгаа нь орхиж болох сэдэв биш. Өнгөрсөн жилээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрт таалагдаагүй хүмүүсийг шорон гяндангаар айлгадаг, засгаа унагаах хуйвалдааны гол зохион байгуулагч, ашигт малтмалын баялгийг хэдхэн хүн хувааж авах гэж байна гэх зэргээр нэлээн дуулиан шуугиантай мэдэгдэл хийсэн. Үүнд мөн л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг буруутгасан. Араас нь С.Жавхлан, Ц.Нямдорж нарын гишүүд Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ. Сонирхолтой нь эдгээр 3 улстөрч гурвуулаа Увс аймгаас гаралтай байгаа юм. Нэг нутгийн гурван улстөрч нэг амаар ярих болсон нь тохиолдлынх уу, эсвэл зохион байгуулалттай юу гэдгийг цаг хугацаа харуулах байх.

 

Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулна гэдэг тийм амархан даваа биш. Үндсэн хуулийн 35-р зүйлийн 1-д “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна, 2-т Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заажээ. Эндээс үзвэл Ерөнхийлөгчийг тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн асуудлаар эхлээд Үндсэн хуулийн цэцэд хандаж дүгнэлт гаргуулсны дараа УИХ-аар огцруулах эсэхийг шийдэх хуулийн гарцтай. Яг үүгээр явна гэвэл Цэцийн маргаан хэлэлцэх дэг гэх мэт хүчин зүйлээс болоод Ерөнхийлөгчийн сонгууль болтол асуудал сунжрах магадлалтай. 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулсан тохиолдол гараагүй учраас энэ тал дээр улстөрчид ч, Цэц ч, УИХ ч туршлага багатай. Дээрээс нь Увсаас гаралтай хэдэн гишүүний хүслийг биелүүлээд сууж байдаг Цэц ч гэж юу байхав.

 

Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгчийг огцруулах боломж, гарц бий. Гэхдээ УИХ ч, Ерөнхийлөгч ч бүх ард түмнээс мандат авч сонгогддог субьект учраас нэгнийхээ бүрэн эрх рүү хууль бусаар халдвал өөрөө нэр хүндээ унагаж, олон нийтийн дэмжлэгээ алдах аюул бас бий. Ялангуяа нэг намын үнэмлэхүй олонхиос бүрдсэн одоогийн парламент Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах гэж оролцвол төрийн тогтворгүй байдал үүсэж, харин ч эсрэгээрээ УИХ өөрөө тарах хэмжээнд очтолоо хүчгүйдэж болзошгүй. Үнэмлэхүй олонх буюу МАН-ын 65 гишүүн бол Ерөнхийлөгчийг огцруулах, Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний том эрх мэдэл, бас хүч. Энэ хүч чадлаа буруу зүйлд буруу цагт гаргавал сууж байгаа мөчрөө хөрөөдсөнөөс өөрцгүй. Ийм эрсдэл байгаа учраас Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах тухай яриа хөөрөөг газар авахуулахгүй намжаах сонирхол МАН-д, УИХ дахь олонхийн бүлэгт байгаа нь нууц биш. Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялах ялагдах нь үүнээс хамаарах учраас Ц.Элбэгдоржийг өмөөрсөн, өмгөөлсөн үгийг МАН-ынхан унагаж эхэлсний учир энэ.

 

Одоогийн төрийн тэргүүн Ц.Элбэгдорж бол улиран сонгогдсон хүчтэй улстөрч.Түүний нэр хүнд 8 жилийн өмнөхөө бодвол багагүй хувиар унасан ч дэмжигчид цөөнгүй бий. Гэхдээ энэ удаад Ц.Элбэгдорж хүчтэйдээ, нэр хүндтэй байгаадаа биш ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч ялагдах вий гэсэн айдастай байгаа учраас Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах тухай хөдөлгөөн газар авахгүй л болов уу. Шуудхан хэлэхэд Ц.Нямдоржийн Ерөнхийлөгчийг огцруулах хөдөлгөөн МАН-ын дарга М.Энхболдын төрийн тэргүүний сэнтийд залрах мөрөөдлийг баллаж мэдэх учир УИХ-аар Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг хэлэлцүүлэхгүй байх. Гэхдээ үйл явдал хэрхэн өрнөхийг цаг хугацаа л харуулна.  

 

Б.Түвшинтөгс

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [43.228.131.110] 2017/01/23
Өмхий дөрвөдүүд солиороод байгаарай.