Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Нүүрс борлуулагч сүлжээг шахмал түлш рүү урвуулъя

Саяхан агаарын бохирдлыг бууруулахад тустай техник технологийн үзэсгэлэн болсон. Засгийн газраас гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор уг үзэсгэлэнд төрөл бүрийн цахилгаан халаагуур, мөн агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүд түлхүү тавигдсан байв. Өөрөөр хэлбэл, өмнө нь утаагүй зуух, шахмал түлш зэрэгт анхаарал хандуулдаг байсан бол одоо цахилгаан халаагуур “моод”-нд орж эхэллээ. Нөгөөтэйгүүр, агаарын бохирдлыг бууруулахад зориулах хөрөнгө оруулалт ч цахилгааны хэрэглээг дэмжихэд чиглэж байна. Тодруулбал, улсын төсвөөс хуваарилсан 5 тэрбум төгрөгийн 80 хувийг цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор станцуудын нөхөн олговорт зарцуулах юм. Мөн үлдсэн нэг тэрбумыг эмзэг бүлгийн 40 гаруй мянган өрхөд зориулна. Түүнчлэн, нийслэлийн төсвөөс хуваарилсан 3.5 тэрбум төгрөгийг дотоод орчны бохирдлыг бууруулахад түлхүү зарцуулах аж. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгүүдийн анги танхимд агаар цэвэршүүлэгч байрлуулна. Энэ мэтээр агаарын бохирдолтой тэмцэх хандлага технологийг илүүтэй шүтэж байна. Нөгөөтэйгүүр, агаар бохирдуулагч гэр хорооллын иргэдэд хамаг анхаарлаа хандуулах боллоо. Гэтэл энэ бүхний цаана нэг зүйлийг орхигдуулж байгааг уг нийтлэлээр сануулахыг хүслээ. Энэ бол гэр хорооллын хаа сайгүй зарах болсон нүүрсний хэрэглээг хумих, эсрэгээр шахмал түлшний хэрэглээг дэмжих явдал юм.


Нүүрс борлуулагч сүлжээ гэр хорооллыг аалзны тор шиг хэрсэн байна


Манай улс агаарын бохирдлын гол шалтгаан болсон нүүрсний хэрэглээг бууруулахын тулд хэрэглэгч нарт чиглэсэн бодлого хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл нүүрс борлуулж буй сүлжээ илүү өргөн цар хүрээ, дайлайцтай байгааг энэ удаад анхааруулж байна. Гэр хороолол руу чиглэсэн бүх замын хажууд 200-300 метр яваад л ямар ч хяналтгүйгээр нүүрс борлуулж байна. Та машинаасаа буух шаардлагагүй. Замаа захалж зогсоод цонхоо онгойлгож мөнгөө өгөхөд нүүрсний худалдаачид иж бүрэн үйлчилгээ үзүүлнэ. Иргэний сонголтоос хамаарч шигшсэн, илч сайтай нүүрсийг автомашинд ачаад өгнө. Яг л шатахуун түгээх станц дээр очоод түлш авдагтай ижил юм. Хэн ч байсан ийм шуурхай үйлчилгээнд дасал болно. Гэтэл шахмал түлш борлуулдаг цэг тоотой хэд байна. Уг нь шахмал түлш агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй, илчээ удаан хадгалдаг, хэрэглэхэд цэвэр, эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн олон давуу талтай. Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн дээр танилцуулсан хоёр төрлийн шахмал түлшийг онцолж байна. Нэг нь үртсээр хийсэн. Нөгөөх нь нүүрсийг өндөр хэмд коксжуулсан түлш юм. Үйлдвэрлэгчид эдгээр түлшийг хэрэглэснээр нүүрстэй харьцуулахад жилд 140-540 мянган төгрөг хэмнэх боломжтойг хэлсэн. Энэ судалгааг задалбал нэг өрх өвөлд дунджаар 5 тонн нүүрс түлдэг байна. Багануурын нүүрс тонн нь 130-150 мянга, Налайхынх 200-220 мянган төгрөг байгаа. Тэгвэл шахмал түлш хэрэглэвэл өвөлд 2.8 тонн хангалттай. Нэг тонн нь 200 мянган төгрөг. Энэ тооцоогоор шахмал түлш хэрэглэснээр Багануурын нүүрс түлдэг байсан айл 140 мянга, Налайхынх 540 мянган төгрөг хэмнэх бололцоотой аж. Тэгвэл нүүрс түлснээс илүү цэвэр, утаагүй, гол нь эдийн засгийн хувьд ашигтай байхад иргэд яагаад шахмал түлш хэрэглэж хэвшихгүй байна вэ.


Шалтгааныг нь та дээрх баримтаас гадарласан байх. Шахмал түлш борлуулах цэг цөөн, харин нүүрсийг алхам тутам зарж байгаа тул хүмүүс нүүрс сонгож байна. Шалтгаан нь ердөө л энэ. Хальтиргаатай, хүйтэнд тэрэг түрээд хоёр гудамжны цаана байгаа шахмал түлш борлуулах цэг рүү явахын оронд утсаа шүүрээд ганц залгахад төд удалгүй нэг нөхөр шуудай нүүр авчраад амбаар руу нь шийдчихээд мөнгөө тоолж аваад явчихаж байна. Эсвэл ажлаасаа ирэх замдаа түр зогсоод багаж руугаа хэдэн шуудай нүүрс шидүүлээд ирж, зуухаа галлаж байна. Хэдийгээр шахмал түлш хэрэглэх ёстой гэсэн ухамсарт найдаж болох ч энэ нь цөөн хүнд байгаа юм. Энэ ухамсарыг амар хялбар байдлаар нүүрсээ татах “залхуурал” даван гарч чадаж байна.


Иргэд шахмал түлш авах сонирхолтой ч залхууралд дийлдэж байна


Хэрэв хаа сайгүй шахмал түлш борлуулдаг байсан бол хүмүүс түүнийг л авна. Нэгэнт эдийн засгийн хувьд ашигтай юм чинь нүүрс хайгаад давхиад байхгүй. Иймд шахмал түлшний түгээлтийг сайн хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, иргэдэд хоолыг нь бэлдэж, халбагадаж өгч байж л нүүрсийг шахмал түлшээр сольно. Үүний тулд нүүрсний хэрэглээг тас хориход хангалттай юу. Мэдээж төрөөс эрс шийдэмгий шийдэл гаргах ёстой ч энэ нь өрөөсгөл юм. Учир нь нүүрсний борлуулалтын ард асар том сүлжээ, бизнес явж байна. Нэг хэсэг нь олборлодог, нөгөөх тээвэрлэдэг, дараагийн хэсэг нь борлуулдаг бүхэл бүтэн сүлжээг дамжиж байж нүүрс бараг айл бүрийн хашааны гадна очиж байна. Энэ бүхний цаана олон хүн гэр бүлээ тэжээж, өрхийн амьжиргаагаа залгуулж байгаа. Хэрэв нүүрсийг шууд хорчихвол тэд ажилгүй болно. Энэ нь сонгуулийн өмнө баахан ТҮЦ байгуулах зөвшөөрөл олгож нэг хүнээс 5-6 сая төгрөгийн зардал гаргуулчихаад эргээд ТҮЦ-ийг нь ачиж, нус нулмистай нь хутгаж байгаатай ижил үйл явдлыг давтана. Тэгвэл нүүрсний хэрэглээг хэрхэн бууруулах вэ. Үүнд энгийн гаргалгаа байна. Нүүрс борлуулалтын сүлжээнийхэн өөр өөрийн ашгаа олж байгаа. Налайхад нүүрс ухаж байгаа залуус тогтсон цалинтай. Нүүрс тээвэрлэдэг хүмүүс ч зохих ашиг олж байгаа нь мэдээж. Мөн борлуулагч нарын сар бүрийн ашиг цаг агаарын байдлаас болж хэлбэлзэх ч бараг л нэг түвшинд байгаа. Тэгвэл энэ сүлжээний оролцогч талуудын орлогыг хадгалж, шахмал түлшний хэрэглээг дэмжихэд урвуулж болно. Өөрөөр хэлбэл, дээрх талууд өмнөхтэйгөө ижил орлого олж л байвал нүүрс, эсвэл шахмал түлш зарах нь чухал биш юм. Газар дор орж амь насаар дэнчин тавьж нүүрс ухахын оронд шахмал түлшний үйлдвэрлэл эрхэлж, тогтмол орлоготой ажиллаж боломж бүрдвэл залуус тийшээ хошуурна. Тээвэрлэгчдийн хувьд тэвшин дээр нь нүүрс, эсвэл шахмал түлш байгаа эсэх нь чухал биш. Таван “цаас”-аа олж үр хүүхдээ тэжээж байвал боллоо. Мэдээж борлуулагч нарын хувьд ажлын байр, орлогоо алдахгүйгээр шахмал түлшний борлуулалт руу шилжвэл харин ч ашигтай. Нүүрс шигшиж, шуудайлж хар хөөтэй хутгалдаад байх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр, үүнийг дагаад ганц хоёр хүнээ цөөлж цалингаа хэмнэх боломж ч бүрдэнэ.


Манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн 32-н тойргоос 17-н буудал хүртэлх зайнд нүүрс хувиараа зарж буй иргэдтэй уулзлаа. Нүүрс борлуулаад гурван болсон нэгэн байхад гурван жил нүүрсний наймаа хийж байгаа хүн ч байна. Тэдний хувьд нүүрс зарах нь ашигтай тухай ний нуугүй хэлсэн. Шуудай 1500-3500 төгрөгийн үнэтэй. Илч сайтай учир ихэвчлэн Налайхын нүүрс зардаг аж. Нүүрсний борлуулагчдын дунд хэрэглэгчдийнхээ итгэлийг олж авах нь чухал байдаг гэв. Учир нь тухайн чиглэлийн гэр хороололд амьдарч байгаа иргэд нүүрс тогтмол хэрэглэдэг. Тиймээс анхнаас нь шигшсэн сайн нүүрс ачиж өгөөд байвал байнга аваад дасал болчихдог байна. “Хэрэв нэг удаа л хогтой нүүрс өгчихвөл дараагийн удаа өөр борлуулагч руу явна. Иймд чанартай, сайн нүүрс зарахын төлөөх өрсөлдөөн явагддаг” хэмээн борлуулагч Н.Тулга хэлсэн. Тэд өдөртөө сайн зарвал 150, муу бол 90 орчим шуудай нүүрс зардаг аж. Хэрэв та бүхний орлого өөрчлөгдөхгүйгээр шахмал түлш зарах боломж бүрдвэл борлуулах уу гэхэд тэд бүгд “Тэгэлгүй яахав. Бид энэ улсын иргэн хүн. Мэдээж агаарын бохирдолд санаа зовж явдаг. Тэглээ гээд энд сайн дураараа нүүрс зарахаа болиод орлогоо алдах хүн байхгүй. бидний ард үр хүүхэд, гэр орон байгаа. Хэрэв энэ орлогоо хадгалж шахмал түлш зарах бол дуртай хүлээж авна” хэмээсэн.


Мөн МҮОНРТ орчмоор шахмал түлш зардаг хоёр байрлал байлаа. 50 кг нь 8500 төгрөг аж. Өндгөн шахмал нь сайн халдаг учир борлуулалт өндөр аж. Хүмүүс шахмал түлш нэлээн авдаг тухай ярьсан. Гэхдээ цөөн газар борлуулдаг болохоор ойр хавийн иргэд ирж авдаг байна.


Нүүрс борлуулагч сүлжээг шахмал түлш рүү урвуулъя


Шахмал түлшний хэрэглээг олон аргаар дэмжиж, нүүрсийг халах боломжтой. Мэдээж бүтээгдэхүүний чанар онцгой чухал юм. Иймээс үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүний стандартыг нарийн чанд мөрдөж ажиллах шаардлагатай. Улаанбаатарын гэр хорооллын иргэд жилд 600 мянга орчим тонн нүүрс түлдэг байна. Тэгвэл шахмал түлш үйлдвэрлэгчдэд нүүрсийг нь үнэгүй олгож болно. Манай улс нийт 180 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Энэ нь манай улсын хэрэглээг хэдэн мянган жилээр хангах боломжтой нөөц. Одоо нар салхины эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, мөн хүлэмжийн хийг бууруулахаар олон улсын өмнө үүрэг хүлээж байгаатай холбоотойгоор цаашид нүүрсний олборлолт багасах төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, газар доорх бүх нүүрсээ манайх барж хэрэглэж чадахгүй. Тиймээс стандартын дагуу сайн шахмал түлш үйлдвэрлэгчдэд нүүрсээ үнэгүй нийлүүлж болно. Нэмээд олборлолтын өртгийг бууруулахад татаас өгөх боломжтой.


Бид Налайх дүүргийг зорьсон юм. Налайхын олборлогчид гар аргаар нүүрс ухдаг тул олборлолтын өртөг өндөр байдаг аж. Нэг аман дээр дунджаар 7 хүн ажиллана. Хоёр нь гадаа тосч авах бол 4-5 нь доошоо орж нүүрсээ бэлтгэж явуулдаг байна. Тэд нийлээд 15 минутын дотор нэг ковш нүүрс гаргаж ирдэг. Уурхайн аман дээрээс нэг ковш нүүрсийг 30-50 мянган төгрөгөөр зарж байв. Ковшийн том жижгээс хамаарч үнэ нь ийн хэлбэлздэг аж. Нэг портерын тэвшийг 3-5 ковшоор дүүргэдэг байна. Манайхан дандаа даац хэтрүүлж ачдаг тул нэг портер нүүрс дунджаар хоёр тонн хүрдэг тухай хэлсэн. Ингэхээр долоон хүн нэг цагийн дотор дунджаар хоёр тонн нүүрс олборлож 150 мянган төгрөгийн ашиг олдог байна. Гэхдээ эндээс уурхайн амны эзний ашиг, мөн татвар төлбөр зэргийг хасч зөвхөн ажиллах хүчний хөдөлмөрийн зардлыг тооцвол нэг тонн нүүрс олборлох өртөг 25 мянга орчим болно гэсэн барагцаа тооцоог гаргаж болохоор байна. Энэ бол гар аргаар олборлоход гарах зардал гэдгийг анхаараарай. Тэгвэл энэ өртгийн тодорхой хувьд татаас өгснөөр шахмал түлш үйлдвэрлэгчид үндсэн түүхий эд болох нүүрсээ маш хямдаар авах болно. Энэ нь мэдээж бүтээгдэхүүний үнийг үлэмж хэмжээгээр бууруулна. Ингэснээр бий болох ашгийг тээвэрлэгч, борлуулагч нар руу шилжүүлснээр энэ сүлжээний орлогыг хадгалж нүүрсний боруулалтыг шахмал түлшээр солих боломжтой. Мөн нүүрсийг хаа сайгүй зардагтай адил шахмал түлшийг эхний ээлжинд энэ сүлжээгээр түгээн борлуулж явц дундаа замаас холдуулах зэргээр цэгцлэх боломжтой биз ээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)