Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Монголчууд иргэншлээ солиулах, гадагшаа зорих нь огцом нэмэгджээ

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн оны статистик тоо баримтыг танилцууллаа. Уг тоон үзүүлэлтээс манай улсын хүн амын болон нийгмийн байдлыг тольдох бололцоотой аж. Нөгөөтэйгүүр, хүн ам болон нийгмийн байдал нь улс орны хөгжлийг харах нэг цонх билээ. 
 
Жилийн дотор 2278 хүн иргэншлээ солиллоо
Өнгөрсөн оны 1 сарын 1-ны байдлаар хүн амын тоо 3.059.498 иргэн байсан. Тэгвэл өнгөрсөн оны төгсгөлд 3.123.936 болсон байна. Үүнээс 77762 хүүхэд шинээр төрсөн. Мөн иргэдийн тоо нэмэгдсэнээс гадна 18805 хүн нас барсан, 2278 иргэд улсын харьяатаас гарч бүртгэлээс хасагдсан байна. Энэ нь тухайн онд нэмэгдсэн хүн амын бараг 5 хувьтай дүйж байна. Хүйсийн харьцаагаар ангилвал эрэгтэй 1.547.286, эмэгтэй 1.576.650 байна. 
 
Гэрлэлтээ цуцлуулах нь нэмэгджээ
Мөн өнгөрсөн жил гэрлэлтээ батлуулсан 17118 тохиолдол байгаагаас 87 хувь нь анхны гэрлэлт аж. Харин 13 хувь нь дахин гэрлэсэн, мөн гэрлэлтээ сэргээсэн байна. Насны ангилалаар авч үзвэл эмэгтэйчүүд 18-24, эрчүүд 24-34 насандаа гэрлэжээ. Үүнээс харахад эмэгтэйчүүдийг бодвол эрчүүд хожуу амьдрал зохион байгаа юм. Гэрлэлтийн хажуугаар гэр бүл салалт өндөр гарчээ. Тодруулбал, 4159 хүн гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь нийт гэрлэлтийн 20 гаруй хувьтай дүйж байна. Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байна.  
 
Иргэний үнэмлэхээ гээгдүүлэх нь түгээмэл байна
Түүнчлэн  245.009 иргэн иргэний үнэмлэхээ авсан. Үүнээс 20 хувь нь шинээр авсан, 83900 хүн 45 нас хүрээд үнэмлэхээ солиулсан байна. Өнгөрсөн онд иргэний үнэмлэхээ авч буй иргэдийн 3 хүн тутмын нэг нь иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн байжээ. Энэ нь нэгдүгээрт иргэний үнэмлэхийн үнэ цэнэ ямар байгааг харуулж буй гэнэ. Мөн гадаад паспорт 166,503 иргэнд олгосон. Сүүлийн дөрвөн жилд гадаад паспорт авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэлээ.
Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг  “Энэ жил МУ-ын иргэн болсон таван иргэн байгаа. Үүнээс иргэн харьяатаа сэргээсэн гурван иргэн бүртгүүлсэн. Мөн шилжилт хөдөлгөөний хувьд өмнөх дөрвөн жилүүдтэй харьцуулахад төдийлөн өсөөгүй. Харин 2012, 2013, 2014, 2015 онд нийслэл рүү шилжих хөдөлгөөн орон нутаг руу шилжих хөдөлгөөнөөс өндөр байсан бол өнгөрсөн жил  харьцангуй бага байлаа” гэв. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)