Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Тоосонцороор амьсгалж буй монголчууд

Улаанбаатар хотын агаар дах том ширхэглэгт тоосонцорын жилийн дундаж агууламж 2014 онд 189 мкг/м3-д хүрсэн ба 2010 оныхтой харьцуулахад 35 мкг/м3-аар буюу 23 хувиар их байсан бол 2011 онтой харьцуулахад 40 мкг/м3-аар буюу 17 хувиар, 2012 онтой харьцуулахад 69 мкг-аар буюу 27 хувиар, 2013 онтой харьцуулахад 6 мкг-аар буюу 3 хувиар тус тус бага байна. 2010-2014 оны том ширхэглэгт тоосонцрын жилийн дундаж агууламжийг агаарын чанарын стандарт дах хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад 2010 онд 3.1 дахин, 2011 онд 4.6 дахин, 2012 онд 5.2 дахин, 2013 онд 3.9 дахин, 2014 онд 3.8 дахин тус тус их байна.


Нарийн ширхэглэгт тооснцорын 2014 оны жилийн дундаж агууламжийг 2011 онтой харьцуулахад 68 мкг/м3-аар буюу 51 хувиар, 2012 онтой харьцуулахад 42 мкг-аар буюу 40 хувиар, 2013 онтой харьцуулахад 20 мкг-аар буюу 24 хувиар тус тус бага байна. Нарийн ширхэглэгт тоосонцрын 2014 оны жилийн дундаж агууламж 64 мкг/м3-д хүрч агаарын чанарын стандарт дах хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад 2.6 дахин их, 2011 онд 5.3 дахин, 2012 онд 4.2 дахин, 2013 онд 3.4 дахин их байна.


Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө:


Хүний биед агаараас орсон тоос, мананцар, уур, давирхайлаг бодисын том ширхэгтэй нь эхлээд гадаад амьсгалын эрхтэн хамар, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн үс, намираа хучуур эдэд баригдан дээрх эрхтэнүүд хамгаалах үйл ажиллагааныхаа тогтолцоогоор цэр, нус болгон гадагш гаргадаг.
Харин нарийн ширхэглэгт тоосонцор механик хольцууд хамар, төвөнх, гуурсан хоолойн салбарласан бүдүүн хэсэгт нэвт орж дотоод амьсгалын үүрэг гүйцэтгэдэг уушгины цулцан гуурсан хоолойн нарийн хэсгүүдэд гүнзгий нэвтрэн орж цулцангийн дотоод гадаргууг бүрхэн гэмтээж, уушги тоосжих өвчнийг үүсгэж уушгины дотоод гадаргуугийн талбайг багасгадаг.


Мөн нарийн ширхэглэгт тоосонцорууд нь гуурсан хоолойн нарийн сүвүүдийг бөглөж, цулцанд орох хүчилтөрөгч бүхий цэвэр агаарыг саатуулж, уушиг мөгөөрсөн хоолойн үрэвсэлт (уушгины хатгалгаа, бронхит гэх мэт) өвчнийг үүсгэн хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг. Агаар мандалд буй хийн болон шингэн төлвийн тоосонцрын диаметрээс хамаарч тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй байдаг.


Тоосноцорын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг дурьдвал: РМ2.5 мкм буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь уушгин дах цусны эргэлтийн агаар солилцдог гүн хэсэгт тогтох аюултай байдаг ба 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог. Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судас, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно), хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд мэдрэмтгий байдаг. Нүд үрэвсэх, хамар, битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиалгах, амьсгал давчдах зэрэг нь тоосны нөлөөнд өртсөны нэг шинж юм.


Сэргийлэх арга:


Хүн бүр амьдарч буй орчноо цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх ажлыг албан байгууллага, хувь хүн, иргэд санаалчлагатайгаар гүйцэтгэж хэвшүүлэх. Манай “Ойн тухай” хуулинд Монгол улсын иргэн бүр жил бүр 1 мод, аж ахуйн нэгж бүр 5 мод тарьж байхаар, “Газрын тухай хууль”-ийн 56.6-д зааснаар хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10%-иас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлахаар заажээ. Хөгжилтэй орнуудын жишгээс харахд хот суурин газрын 20-оос доошгүй хувь нь ногоон байгууламж байдаг бол манай оронд 2-3 дахин бага байна. Нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая м3 агаар дахь утаа тортгийн 35.5 %-ийг шингээж, агаарт дэгдсэн тоос, шорооны 64.5%-ийг намжаах, дуу, шуугианы 26%-ийг замхруулж, нарны хурц төөнөлтийн 10-15 дахин багасгаж, аагим халуун, цочир хүйтрэлийг 2-3 градусаар бууруулах нөлөөтэйг тогтоожээ.


Мөн нарны эрчим хүч ашиглах, гялгар уут, машины дугуй, гутал, хувцас зэргийг түлэхгүй байх (Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэг хорт нэгдэл агуулсан хаягдал бүтээгдэхүүнийг шатаах нь таны болон танай гэр бүлийхний амьсгалах агаарыг хорт бодисоор бохирдуулж олон төрлийн өвчлөлийг үүсгэх аюултай), ахуйн хэрэглээнээс гарсан хог хаягдлаа ангилан, ялгаж, хадгалаад хуваарийн дагуу хотын тохижилтын машинд ачуулж хэвших, хашаандаа хогоо шатаахгүй байх, стандартын 00, бохирын цооногтой болох, гудамжаар явахдаа хогоо ил хаяхгүй байх, хог гарвал ойролцоо хогийн саванд хийж хэвших, ойрхон газар алхаж явах, дугуй унаж хэвших, нийтийн тээврээр зорчих, тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө цаг тухайд нь төлж байх хэрэгтэй.


Бусад улс орнуудын туршлагаас дурьдахад үндсн бохирдуулагч бодисын нэр төрөл, зөвшөөрөгдөх хэмжээг хуульчлан тогтоож, үндэсний болон бүс нутгийн стандартыг мөрдөж ажилласан. Агаарт химийн хорт бодис, утаа, үнс гаргадаг үйлдвэрүүдийн эх үүсвэрүүдийг стандартжуулж, гаргаж буй бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах жил жилийн төлөвлөгөө гаргаж ажиллаж байсан байна. Түүхий нүүрсний хэрэглээг зогсоон хийн түлшийг өргөнөөр хэрэглэдэг болсон ба бохирдуулагч бодис гаргаж буй эх үүсвэр бүрийг хяналтанд оруулж байсан байна. Мөн тээврийн хэрэгсэлд хяналт тавихын тулд тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, ашиглагч, түлшний чанар, хяналт, байцаагчийн талаар нарийн журам тогтоож өгсөн байна. Хотын тоосжилтонд тавих хяалтыг сайжруулах, тоосыг бууруулахын тулд ойжуулалт, нэг хүнд ноогдох бүсийн талбайг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авсан байна.


Тоос гэдэг нь агаарт удаан хугацаагаар чөлөөтэй хөвмөл байдлаар байх чадвартай хатуу жижиг хэсгүүд юм. Тоос нь агаарт цацарсан, манан, утаа хэлбэрээр байж болно.
Гар үүслээр нь байгалийн гаралтай, хүний үйл ажиллагаатай холбоотой гэж авч үздэг.
Тоос үүсгэх эх үүсвэрүүд:
• Дулааны цахилгаан станцууд
• Халаалтын зуухнууд
• Мод, нүүрс түлэх
• Авто тээврийн хэрэгслүүд
• Хучилтгүй зам, сул хөрс шороо
• Ой хээрийн түймэр
• Баригдаж буй барилга, байгууламжууд
• Элс, хайрганы орд газрууд
• Тосго, цемент, блокнй үйлдвэрүүд
• Металлургийн үйлдвэр


Нүүрсний шаталтаас гарч байгаа хий дэх хагас дэгдэмхий элементүүд нь хүйтэн цагт гадаад орчны агаартай холилдон тоосонцор болдог ба ширэхглэг нь бүрэн шаталтын хэмжээ болон орчны нөхцлөөс шууд хамаардаг байна.


Тоосонцрын ширхэг нь 2.5 микроноос бага хэмжээтэй байвал нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM2.5, 10 микроны хэмжээтэй тоосыг том ширхэглэгт тоосонцор гэдэг.
Тоосонцорын ширхэглэлийн голч 2,5 микроноос бага тоосонцрыг нарийн ширхэглэгт, 10 микроноос бага ширхэглэлтэй том ширхэглэгт тоосонцор буюу РМ10 гэнэ. Тоосны найрлаганд цахир, кадми зэрэг 200 гаруй төрлийн химийн бодис агуулагддаг байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)