Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичгийн талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалах яамнаас өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
 
 
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд аливаа улс аюулгүй байдлаа хангах, эх орноо батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон бодлогын баримт бичиг баталж хэрэгжүүлдэг. Энэ жишгээр Монгол Улс 1998 оноос “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлан мөрдөж ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэтгэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх шаардлагатай болсон юм. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцээд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” болгон өөрчилж баталлаа.
 
 
Нийт 4 бүлэг, 32 зүйлтэй энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар батлан хамгаалах салбарын эрх зүйн тулгуур үндэс шинэчлэгдэж, үүнийг дагалдан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах үндэс тавигдаж байгаа юм. Энэ чиглэлээр байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг дурдсан юм.
 
Мөн тэрээр Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно гэдгийг тэмдэглээд бодлогын баримт бичгийн онцлогийн талаар зарим зүйлийг тодотгов. Тухайлбал, өмнөх баримт бичигт зэвсэгт түрэмгийлээс сэрэмжлэх, түүнийг няцаахад улс орон, зэвсэгт хүчнийг бэлтгэх, ашиглахад чиглэсэн арга хэмжээнүүдийг гол болгож тусгасан бол шинэчлэгдсэн баримт бичигт батлан хамгаалах тогтолцооны үндсийг нэг мөр тодорхойлж, орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлж, бүх нийтийн оролцоонд тулгуурласан өөрийгөө батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого баримтлах, батлан хамгаалах асуудал нь улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээнээс бүрдэхээр тусгасныг онцоллоо.
 
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон бодлогын шинэ баримт бичгийн нэг онцлог нь батлан хамгаалах бодлогын эдийн засаг, нийгмийн чиглэлийг илүү өргөн хүрээнд, тодорхой болгож томьёолсон явдал юм. Батлан хамгаалах бодлогын эдийн засгийн чиглэл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангаж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэхээр заасан. Энэ хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах хэрэгцээг хангах эдийн засгийн чадавхыг бүрдүүлэх, батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлахаар тусгасныг дурдлаа.
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)