Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"Одоо надад бүтэн эрхтэн үлдсэнгүй, зодуур их байна" гэж ар гэр рүүгээ ярьдаг байжээ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр /2015.11.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн талаар ар гэрийнхэн нь болон албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм.
 
 
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр "Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байгаа"  хэмээн мэдэгдсэн.
 
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2013 оноос эхэлж Хууль зүйн яаманд гурван удаа, Хилийн цэрэгт нэг удаа тус бүр албан бичиг явуулж байсан. Эцэст нь цэргүүдийн ар гэрийнхэн Хилийн цэргийнхэнтэй уулзуулж өгөх хүсэлт тавьсан тул Ц.Даваасүрэн гишүүн хоёр талыг оролцуулсан уулзалтыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан байна. 
Мөн  хэвлэлийн  бага хуралд Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга энэхүү хэвлэлийн бага хуралд оролцлоо. Тэрээр “Цэрэг татлага, халалтыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга хариуцдаг. Маш хүнд, эцэг, эхчүүд одоо “Эрүүл гэсэн эмчийн бичигтэй хүүхдээ л хүлээж авна” гэдэг болсон. Ренчинлхүмбэ сумаас 0311 дүгээр ангид татагдсан цэргүүдээс тав нь ар гэрийнхнийхээ асаргаанд байгаа. Тэдний нэг нь цэргийн албанд байхдаа ар гэр рүүгээ утсаар ярьж “Одоо надад бүтэн эрхтэн үлдсэнгүй, зодуур их байна, дэг их байна” гэж ярьсан байдаг. Ийм яриа сонссон учраас эцэг, эх нь сумын Засаг даргын Тамгын газарт хандсан, би аймгийн Цэргийн штаб, аймгийн Засаг даргад хандсан.
 
Мөн цэрэгт татагдаад удаагүй байсан хүүхдийг нь өвдлөө гээд цэргийн ангиас ярихад нь ар гэрийнхэн нь очсон, гэтэл өрц нь цоорсон байсан. Өрцийг нь цоо өшиглөсөн байсан гэсэн. Тэрээр цэргийн алба хаасан нэг жилийн хугацааныхаа долоон сарыг нь эмнэлэгт байж, хаасан. Халагдаад ирснийх нь дараа эмчийн нарийн үзлэгт оруулахад юу ч хэлдэггүй. Бодит байдал ийм байгаа. Бид 1000 гаруй км-ын цаанаас Улаанбаатар хотыг зорьж ирсэн нь Хил хамгаалах ерөнхий газрын нэр хүндийг зохиомлоор гутаах гэж ирсэн юм биш. Асуудлыг анхаарч засахгүй бол эрдэнэт хүний амь эрсдэж, хүнд өвчин тусч байгаа учраас зохих хүмүүстэй нь уулзаж бодит үнэнийг хэлж арга хэмжээ авахуулах гэж л ирсэн” гэсэн юм.
 
Д.Оюун-Эрдэнэ 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)