Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Автозам барих ажлуудыг санхүүжүүлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх авто замын тухай шийдвэр гарсан байна. Анх 2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Монгол Улсад айлчлах үеэр хөнгөлөлттэй зээлийг 500 сая ам.долларын хэмжээнд үзүүлж болох тухай ярьсан байсан юм. Ингээд хоёр улсын Засгийн газар хэд хэдэн  удаа техникийн ажлын уулзалт хийж, холбогдох яамдын түвшинд ярилцсаны дүнд 2011 оны 7 сард зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-аас соёрхон баталсан.
 
Улмаар  зээлээр санхүүжүүлэх ажлын жагсаалтыг энэ онд гаргасан бөгөөд Зам тээврийн салбараас гэхэд гурван ажлын жагсаалт багтсан байна.
 
Завхан аймгийн Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам, Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км хатуу хучилттай авто зам, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны дагуу баригдах хурдны авто замыг барих ажлууд энэ онд багтсан. Эдгээр замууд нь стратегийн ач холбогдолтой. Монгол Улсын 21 аймгийг хатуу хучилттай замаар холбоход таван аймаг үлдээд байгаа юм. Баянхонгорын төвөөс Байдрагийн чиглэлийн автозам Говь-Алтай, Ховд, Баян-Өлгийг холбоход чухал үүрэгтэй. 2017 онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг хурдны замаар холбох нь шаардлагатай. Батлагдсан төсөвт багтааж санхүүжүүлэх ажлыг Сангийн сайд Б.Болорт даалгасан бол гүйцэтгэгч компаниудыг сонгож гэрээ байгуулж ажиллахыг Зам тээврийн сайд М.Зоригтод үүрэг болголоо.
 
БНХАУ-ын талаас санал болгосноор уг зээлийн хөрөнгөөр хийх ажлыг Хятадын компаниудаар хийлгэе гэсэн санал тавьжээ. Энэ саналын дагуу Зам тээврийн яам Хятадын талаас санал болгосон компаниудаас сонгон шалгаруулалт хийж гэрээ байгуулах үүрэг хүлээж байна.
 
Зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй байх юм. Эхний долоон жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх учраас эдийн засгийн ач холбогдолтой зээл гэж Засгийн газар үзэж байгаа.
 
Засгийн газрын тогтоолд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын зам дагуух хурдны зам, Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 114 км хатуу хучилттай авто зам, Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км хатуу хучилттай авто замын ажилд зөвлөх компанийг сонгон шалгаруулж ажиллахыг ЗТ-ийн сайдад үүрэг болголоо.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)