
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал Төрийн ордонд болж байна. Тус институт нь 4000 орчим мэргэшсэн нягтлан бодогч, 140 орчим аудитын компани, 25 салбарыг нэгтгэсэн үндэсний мэргэжлийн байгууллага бөгөөд энэ өдрүүдэд 20 жилийн ой нь тохиож буй ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, ажлын амжилт хүслээ.
Тэрээр, “Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт үүсч байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын санхүү, нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын нийт ажилтан, мэргэжилтнүүд, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн нийт хамт олон Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд нь компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх, санхүүгийн мэдээллийн ил тод, нээлттэй, найдвартай байдлыг хангах үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
Монгол Улсад нягтлан бодох бүртгэл, аудитын шинэ тогтолцоог төлөвшүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, түүний олон мянган гишүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн.
Монгол Улсын эдийн засаг жилээс жилд улам бүр өргөжин тэлж, 2015 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 23,1 их наяд төгрөгт хүрч байсан. Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт хурд саарч, улс орны маань эдийн засаг, санхүүгийн хувьд хүндрэлтэй цаг үе тулгараад байна.
Монгол Улс ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаагийн шалтгаан, нөхцөлийг гадаад орны судлаачид, олон улсын банк санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүд дүгнэж үзээд үүний нэг үндсэн шалтгааныг төсвийн хөрөнгийн оновчгүй бөгөөд үрэлгэн зарцуулалт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд сахиж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна” хэмээн хэллээ.