Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Шилдэг улстөрч горилогч алиа хүүхдүүд минь ирж бэлгээ аваарай

   Цаагуур чинь, шилдэг 99 улстөрчийг шалгаруулах олон нийтийн рейтинг тогтоох судалгааг авч байна гэнэ. Бас шилдэг 50 эмэгтэй улстөрчийг тодруулж, торгон жолоог нь өргөх юм байх. Манай Н.Батбаяр дарга “Тав гэдэг чинь их учиртай. Хүн яагаад таван хуруутай байдаг билээ. Яагаад таван хошуу мал гэж хэлдэг билээ. Таван тив яагаад байдаг юм” гээд л сэтгүүлчийн нүүрэнд улаан чийдэн “астал” авч өгдөг дөө. Түүнтэй адил 99, 50 зэрэг тоонуудыг сонгосон нь нарийн утга учиртай гэнэ. Мөн энэ хэдэн улстөрчдөө шагнаж урамшуулахгүй бол гомдоод Монголоо хөгжүүлэхээ больчихож магадгүй гэж дамшиглах. Заримдаа цаасан дээр хэдэн өнгийн будаг цацчихсан, эсвэл эрээлжилсэн утга учиргүй зураас сараачсан зургийг “Энэ чинь орчин үеийн урлаг шүү дээ. Сайн анзаарч, ойлговол хэлэх гэсэн агуу санааг мэдэх болно” гэж хэн нэгэн тайлбарладаг. Яг үүн шиг улс орны эдийн засаг сөхөрсөн үед шилдэг улстөрч шалгаруулна гэж байгаа нь цаанаа жирийн мань мэт ойлгохгүй нарийн утга учиртай юм болов уу хэмээн мунгинаж сууна. Ганц, хоёр бол өөр хэрэг. Гэтэл 99-ийг шалгаруулна гэнэ үү.

 

Нэгдүгээрт, эдийн засаг хүнд байна. Монгол Улс ирэх жилийн гуравдугаар сарын 21 гэхэд 580 сая ам.долларын бондын үндсэн төлбөрийг барагдуулна. Мөн үүн дээр зээлийн хүү нэмэгдсэнээр нийт 800 сая ам.долларыг гадаадад тушаах ёстой. Хэрэв үүнийг төгрөгт шилжүүлбэл хоёр их наяд элбэг давахаар байна. Уг нь бондоос санхүүжилт хийсэн төслүүд ирэх онд 1 их наяд 654 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны дансанд эргүүлэн төвлөрүүлэх ёстой. Ингэснээр Засгийн газрын үүрэх ачааг үлэмж хэмжээгээр бууруулах учиртай байв. Гэтэл Хөгжлийн банкны данс “улаасан” гэх. Мөн өдий төдий мөнгийг улстөрчид нь компаниудтайгаа нийлээд хуваагаад “цохичихсон” тул бүх ачааг өнөөгийн Засгийн газар үүрэхээр боллоо хэмээж байна. Үнэндээ Монголын ард түмэн энэ ачааг үүрнэ гэсэн үг. Ер нь арилжааны зээл болон донор орнуудын зээл тусламжийн хооронд асар том ялгаа бий. Донор орнууд манай улсыг дэмжиж өгсөн хөнгөлөлттэй зээл, тусламжийг бид заавал эргүүлэн төлөх албаггүй. Мөнгөгүй бол түүнийгээ тайлбарлахад хангалттай. Харин арилжааны зээл маш хатуу нөхцөлтэй байдаг. Энэ тухай Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат “Бусад улс донор орнуудаас авсан зээлээ чадах үедээ төлнө, чадахгүй үедээ төлөхгүй. Бид ч бас адил. Чадахгүй байна уучлаарай гэвэл бидэнд юу ч хэлэхгүй. Яагаад гэвэл бид нэг их гуйж аваагүй шүү дээ. Донор орнууд та нарын амьдрал хэцүү байгаа тул жаахан өөд нь татая гээд сайхан сэтгэлээр зээл, тусламж өгсөн. Харин сүүлд авсан Чингис бонд болон Хөгжлийн банкны зээл маш хатуу нөхцөлтэй. Үүнийг төлж чадахгүй бол бидний гарыг мушгина. Дэлхийн хувийн банкууд бүгд маш хатуу арилжааны зарчмаар ажилладаг. Мөнгөө төл, төлж чадахгүй бол гарыг чинь мушгина шүү гэсэн нөхцөлийг хүлээгээд л бид зээл авсан шүү дээ. Хэрэв төлж чадахгүй бол төсөв, төсвийн ажилчдын цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалтаа тэдээр хас гэх зэргээр эхлэнэ. Хасаад зээлээ төлж чадахгүй бол Эрдэнэтээ зар, тэр газар, үйлдвэрээ зар гэнэ. Монголын онгоц Бээжинд буувал шууд хураагаад авчихна. Монголын өмчийн бүх юмыг хаана ч хурааж авдаг дүрэмтэй” хэмээн сануулж байсан.

   Тиймээс ийм хариуцлагатай хүнд цаг үед юун шилдэг улстөрч шалгаруулах, зарлага гаргах манатай. Тэгж их улстөрчдийн өмнө гавьяа байгуулж, шилдгээр өргөмжлөхөөр гар нь загатнаад байвал тэр мөнгөө өр зээл дарахад хандивлачих. Бодвол шилдгийн эгнээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй хүмүүсийг багтаах нь ойлгомжтой биз. Мөн Авлигатай тэмцэх газартай “нэгийгээ үзэж” байгаа Н.Алтанхугийг шилдгийн эгнээнд оруулах зайлшгүй шалтгаан бий хэмээн тэрс үзэл гаргах нь ч бий. Зарим өөрийнхөө шагналыг захиалдаг ч гэх шиг. Яагаав, нэг хэсэг Хархорин зах орчимд тэмдэг, одон медалийг хэдхэн төгрөг өгөөд худалдаж аваад энгэртээ зүүчихэж болдог байлаа. Тэрэн шиг зарим нөхөр шилдэг улстөрчийн шагналын өнгө дизайныг хүртэл өөрийнхөө сонирхолд тааруулж хийлгэдэг гэх юм билээ. Энэ тухай УИХ-ын гишүүн асан С.Оюун шоолонгуй хэлж байсан санагдана. Тиймээс Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг шилдэг улстөрчөөр шалгарах нь ойлгомжтой нөхөд шагнал гардуулагчдад хандаж “шагналд зарцуулах мөнгөө зээл дарахад хандивлаач хө” хэмээн найрсаг санал тавьчих. Олны өмнө хоосон магтуулж, нүүр улайж зогсохгүй амар биш үү.     

 

Хоёрдугаарт, улстөрчдийг ямар гавьяа байгуулсан гэж шилдгээр шалгаруулж байгаа юм бэ гэж асуумаар байна. Магадгүй намаа сонгуульд ялуулсан байж болно. Бялуу хуваалтыг эмх цэгцтэй, эхийн эцээж тугалыг нь тураалгүй хийсэн мундаг авьяастан байж мэднэ. Гэхдээ энэ бол шилдэг улстөрч гэсэн үг биш. Зүй нь улс орноо дэмжин тэтгэсэн хүн шилдэг нь байх учиртай. Гэтэл энэ өнцгөөс дүгнэвэл улс төрд гавьяатан алга. Ганцхан жишээ дурдая. Өмнө нь шилэн дансны хуулийн дагуу төрийн байгууллагууд 5 саяас дээш төгрөгийн зарцуулалтыг сайтаараа дамжуулж тайлагнадаг байлаа. Харамсалтай нь үүнд шинэ засаг ухралт хийсэн. Хэний төлөө, юуны тулд вэ. Ямар ч байсан энэ нь ард түмний эрх ашгийг төлөө биш гэдэг нь баттай.

   Мөн засаг барьсан МАН-ынхан мөрийн хөтөлбөр хэмээн улаан, цэнхэр өнгө хосолсон сэтгүүл, сонингоо тараагаад хагас жил ч болоогүй байгааг санах хэрэгтэй. Гал асааж, хаяагаа манасан, тогооны бариул болгож ашигласан сонин, сэтгүүл олон бий байх. Гэхдээ цөөнгүй айл авдрын мухартаа нямбайлан хадгалж байгааг мартаж болохгүй. Хожим мөрийн хөтөлбөрүүдээс асуухад шилээ маажиж, эсвэл шалтаг тоочиж, мөн өмнөх нөхдийн балгыг урдаа барилгүйгээр би, бид “амлалтаа биелүүлсэн” хэмээн бардам хариулж зогсох тэр үедээ шилдэг улстөрчийн тухай бодоорой.

   Саяхан Ерөнхий сайд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэдтэй уулзсан. Ерөнхий сайд “бид сайн хийж чадах мал аж ахуйн салбараасаа ашиг олохгүй, харин сайн хийж чаддаггүй уул уурхайгаасаа ашиг олох гэж зүтгээд байна” хэмээн ярьж уулзалтыг эхлүүлэв. Энэ үеэр зааланд суусан малчид нэг ч гэсэн уул уурхайг шүтэлгүй, мал аж ахуйгаа дээдэлж байгаа нь яамай даа хэмээн шивэр авир хийж, алга нижигнүүлж байлаа. Гэвч Ж.Эрдэнэбат сайд уулзалтаас гараад уул уурхайн компаниудын удирдлагуудтай уулзаж тус сумын нутаг дахь Нарийн сухайтын ордоос Шивээ хүрэнгийн боомт хүртэл 40 гаруй км газарт төмөр зам тавих асуудлаар ярилцсан байх жишээтэй. Уг төмөр замыг хоёр жилийн дотор багтааж тавих асуудлыг үндсэнд нь шийдсэн байна. Харин уулзалтын уур амьсгалыг мал аж ахуй салбар руу хөтөлсөн шигээ уг салбарыг дэмжих чиглэлээр ямар нэг хэлэлцүүлэг хийж, тодорхой шийдвэр гаргасангүй. Учир нь түүнийг Эрчим хүчний сайд, Уул уурхайн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд нар дагалдан явснаас болохоос бус Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байсангүй. Иргэдийн ийн үл ойшоодог, тэдэнд бодит нүүр царайгаа харуулдаггүй улстөрчдийг шагнал бус зэмлэл хүртэх ёстой.

   Эцэст нь хэлэхэд дэлхийн түүхэнд олон мянган хүн чин сэтгэлээсээ алга нижигнүүлэн ташсан алдартай нэг тохиолдол байдаг. Энэ бол алдарт жүжигчин Чарли Чаплен оскарын шагнал гардан авахад танхимд суусан кино урлагийнхан, дэлхийн нэр хүнд бүхий хүмүүс босч 12 минутын турш тасралтгүй алга ташиж баяр хүргэсэн байдаг. Магадгүй энэ нь түүний хувьд амьдралдаа авсан хамгийн том шагнал байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл эрхэм төрийн түшээд шуналаа татаж, ард түмнээ ялгалгүй хүн бүрийн өмнө тэгш боломж олгож чадвал нийт хүн ард цугаар 20, бүр 30 минутын турш ч алгаа нижигнүүлэн ташиж, хүндлэл үзүүлэхэд бэлэн байна. Мөн Монголын бус дэлхийн шилдэг улстөрчөөр өргөмжилж, дуртай өнгө, загварт чинь тааруулж бэлтгэсэн шилдэг улстөрчийн шагналыг өмнө чинь сөгдөж тэргүүнээсээ дээш өргөн барья. Их хичээл зүтгэл, хөдөлмөрийг дагаж алдар нэр шагнал болон ирдэг. Энэ бол жам ёсны зүйл. Харин их шагналаар энгэрээ хучвал алдар нэр ирнэ хэмээн ойлгох нь өрөвдөлтэй, эмгэнэлтэй, өчүүхэн амьтны явдал билээ. Хэрэв энэ жил шилдэг улстөрч хэмээн шалгаруулбал хөх инээд минь хүрнэ. Хамгийн гол нь тэрнийг нь нөгөө улстөрчид хөөрцөглөн очоод авбал бүр элгээ тэврээд унана. Шилдэг улстөрч горилогч алиа хүүхдүүд минь ирж бэлгээ аваарай. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.50.206.40] 2016/12/05
hhhhggh