Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

М.Зоригт: Сольж магадгүй биш зайлшгүй солих ёстой сайд олон байна

Зам, тээврийн сайд асан М.Зоригттой ярилцлаа.
 
-Таныг аян замын тоосоо гөвж амжаагүй байхад л уулзаж байна даа. Сайн явж ирэв үү. Баян-Өлгийгөөс Монголоо бүтнээр нь тойрох аяллаа эхлүүлсэн юмуу? 
 
-Сайн явж ирлээ. Монгол орноо нэг ч сум, суурин газраа орхихгүй бүхэлд нь тойрох төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэр хүрээндээ Баян-Өлгий аймгийг бүргэдийн ангийн зураг авалтад яваад ирлээ. 
 
-Та аяллаа яагаад Баян-Өлгий аймгаас эхлэв? 
 
-Ер нь бол төслөө хэрэгжүүлэхийн тулд ажлаа төлөвлөх, маршрутаа гаргах, машин унаагаа бэлтгэх гээд олон талын бэлтгэл ажлууд шаарддаг. Тэр хүрээнд бэлтгэлээ сайтар базааж байна. Бид Цагаан сараас өмнө тойрон аяллын замдаа гарчихъя гэсэн төлөвлөгөөтэй. Яагаад гэнэт Баян-Өлгий явчихав гэхээр баруун аймгууд руу бид дулааны улиралд очих ёстой. Тэгж байж байгалийн тансаг, сүрдэм сайхан үзэмжийг хүмүүст мэдрүүлж, харуулж чадна. Аялын явцад гэрэл зургийн болон видео сан бүрдүүлэхээр тооцсон. Баян-Өлгий аймаг дахь Казах түмний бүргэдийг авахгүйгээр бидний санаа зорилго биелэхгүй нь ойлгомжтой.  Энэ удаад бүргэдийн өвлийн ан ав гэсэн сэдвээр зураг авалт хийлээ. Дахиад ч авна. Нэг, хоёрдугаар сард Цамбагарав хайрханы энгэрт хүрч дахиад бүргэдийн зураг авна. Ингээд бодохоор бидний зорьж байгаа Монголоо бүтэн тойрох аялал тун адармаатай, нүсэр ажил гэдэг нь хүмүүст ойлгогдох байх.
 
-Дэлхий дахиныг бишрүүлээд байгаа бүргэдчин Айшолпантай уулзсан байсан уу?
 
 -Алтанцөгц суманд бүргэдийн ан хийж байгаа зураг авалтуудыг хийсэн. Нургаев гуайнх буюу монголчуудын мэдэх Бүргэдчин охин Айшолпаны аавынхаар зочилж, хонон өнжиж, дайлуулж цайлууллаа. Ер нь казах түмэн чинь айхтар сайхан зочломтгой бас хөдөлмөрч, дэг ёс чамбай хүмүүс гэж сонсож байсан. Би өмнө нь Баян-Өлгий аймагт зочилж байгаагүй. Аймгийн төв болон сумын олон айлаар орлоо. Бүгд л найрсаг зочломтгой зангаар угтаж, дайлж цайллаа.
 
-Танаас шулуухан л асуучихъя. Нэлээд хэд хоногийн өмнө Н.Назарбаев Ерөнхийлөгчийн Монголын тухай хэлсэн үгэнд олон хүн бухимдаж байгаагаа нийгмийн сүлжээгээр илэрхийллээ. Бас сүүлийн үед Баян-Өлгий аймагт газар усны монгол нэрийг өөрчилж казахаар нэрлэсэн байна, Монголоор ярьдаг хүн ховордсон гэх зэргээр элдвийн л яриа гарах болсон. Та тэр хүмүүсийн дунд нь очоод, айл хунараар зочлоод ирсэн хүний хувьд ямархуу сэтгэгдэлтэй ирэв?
 
-Тэр тусгаар гэдэг үгэнд хүмүүс их эмзэглээд байгаа юм. Би өмнө нь туснаар гэдэг үгийг хоёр ч жишээн дээр хэлж байсан. Монгол Улсынхаа бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдал гэдэг бол тусгаар тогтнолын нэгэн баталгаа шүү дээ. Монгол бол нэгдмэл улс. Аймгуудын хувьд тусгаар болж явчих гээд байгаа юм шиг харагдахаар үйлдлүүд цөөнгүй л гаргадаг.  Нэг жишээ хэлье. Өмнөговь аймгийхан бид нар ганцаараа уул уурхайн том ордууд, баялагтай гэсэн шиг бэлэн мөнгөөр хишиг тарааж байсан шүү дээ. Аймгийнхаа иргэн бүрт 50000 төгрөг өгөөд тухай үед төсвийн нэгдмэл бодлого алдагдлаа гээд нэлээд хэл үг болсон. Уг нь тэр мөнгөөр Баян-Өлгийд ч юмуу, Дорнодод нэгээр тогтохгүй цэцэрлэг, сугргууль барьчихаар их мөнгө. Дорнод аймгийн удирдлагууд эртний үеийн түүхэн дурсгалт Хэрлэн барс байгууламжийг өмнөд хөршийнхөнтэй нийлж байгаад үзэмж муутай шаазан плита болгоод хаячихлаа шүү дээ. Би тусгаар улсын ийм нэгдмэл бодлого яриад, сануулсан л хэрэг. 1998 онд Баян-Өлгий аймгийнхан цас зуднаас болоод Казахстанаас тусламж хүсэж байсан юм билээ. Н.Назарбаев гуай тэр шуугиант үгийг 2003 онд хэлсэн юм билээ. Гэтэл бид энэ мэдээллүүдийг сая л харлаа, сонслоо.  Тэр мэдээллээс харахад Монгол Улс жил болгон 5000 тонн гурил будаа авдаг л гэнэ. Тэр нь хаашаа ч явдаг юм. Энийг хэн ч мэдэхгүй л байгаа байхгүй юу. Ер нь бол Назарбаев Ерөнхийлөгчийн доогуурх авлигач түшмэдийн гараар ордог юм биз
 
-Төрийн нэгдсэн бодлого алдагдах ёсгүй гэсэн Таны санааг ойлголоо. Казахуудын тухайд Та юу хэлмээр байна вэ?
 
-Гайхамшигтай соёл, давтагдашгүй уламжлалтай казах түмний тухай хар муу бодол надад байхгүй ээ. Бүргэдээр ан хийлгэдэг гайхамшигт соёл Монголд л хамгийн “ориг”-оороо хадгалагдаж үлдсэн гэвэл онгирч сагсуурсан хэрэг лав болохгүй. Казах үндэстэн дэлхийн цөөнгүй улс оронд байдаг ч Монголын казахууд шиг соёл, уламжлалаа унаган төрхөөр нь хадгалж үлдсэн нь ховор. Монгол орон руу гадаад ертөнцийнхөн анхаарал хандуулахад  казах түмний соёл, өвөрмөц зан заншил үнэхээр онцгой тус дэм болж байна шүү дээ. “Sony”  корпорацын цахим хуудас руу ороход л нүүр хуудсыг нь Айшолпан охин чимж байх жишээтэй. Надад казах айлын нэг дэг маш их таалагдлаа. Гэрийнхээ үүдээр архи оруулдаггүй гэнэ. Хөдөлмөрийн ид насны залуус сархаданд живчих гээд хэцүүхэн байгаа энэ үед нийтэд дэлгэрүүлчихмээр дэг жаяг байна гэж бодогдсон.
 
-Та бүргэдийн анг нүдээр үзээд иржээ. Аялал жуулчлалыг татах боломжууд олж харав уу?
 
-Би чинь Сүхбаатар, Дорнод чигийн хүн. Хурдан морьтой нутаг. Морь хурдлуулна гэдэг их нарийн  ухаан байдаг л даа. Өвс тэжээл, уяа сойлгыг нь тааруулахаас эхлээд учир утгатай. Бүргэд сургаж ан хийлгэнэ гэдэг ялгаагүй нарийн ухаан юм байна. Уяа сойлго, бэлтгэл сургуулилалт гээд. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл бол уулын орой дээр гарч ирж байгаа бүргэдийн ааш аяг. Яг л баярлаж хөөрсөн хүүхэд шиг дуу авиагаа гаргаад, далавчаа дэлгээд л, онгироод үсчээд л. Ууланд гарч ирсэн бүргэдийн сэтгэл хөдлөлийг анх удаа би харсан. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн сайхан зүйл байна лээ. Агаар салхи, задгай тэнгэр, эрх эрх чөлөө рүү тэмүүлсэн  тэмүүлэл... Би ер нь уран цэцэн үгтэй хүн огт биш. Гэхдээ хэр баргийн яруу найрагч дүрсэлж хэлэхэд бэрх байх болов уу гэмээр сэтгэл хөдлөл гаргадаг юм билээ.
 
-Бүргэдтэй анчид Тэрэлжид жил бүр фестивальд оролцдогийг мэдэх юм. Гэхдээ цаатнууд тайгаасаа бууж ирээд жуулчдад зориулж урцаа барьдаг шиг бага зэрэг хиймэл арга хэмжээ болдог юм шиг санагддаг. Баян-Өлгий аймагт, сүрлэг өндөр уулсынхаа дунд бүргэдийн ан зохион байгуулбал илүү үнэмшилтэй болох ч юм шиг. Та санал нийлэх үү?
 
-Баян-Өлгий аймагт хийдэг бүргэдийн баяр бас л нэг тиймэрхүү зохиомол талдаа болдог юм шиг санагдсан. Ер нь бол баруун Алтайнхаа уул хадан дунд, байгалийн сайханд очиж бүргэдийн ан үзнэ гэдэг бол өөрөө хачин сайхан таашаалыг өгөх нь ойлгомжтой. Төв суурин газарт зохион байгуулсан ан авд олон хүн ирэх сайн талтай байх л даа. Гэхдээ бүрэн төгс мэдрэмжийг өгч чадахгүй. Алтанцөгц сумын Засаг даргатай нэг, хоёрдугаар сард Цамбагарав хайрханы бэлд, яг тэр сүрлэг уул хаданд бүргэдийн өөрийнх нь хүсэж тэмүүлдэг зохиомол биш ахуйд нь зохион байгуулах ёстой юм байна гэж ярилцсан. Алтанцөгц сумынхан эртнээс сайн бэлдье гэж байх шиг байна. УИХ-ын гишүүн байсан К.Сайраан гуай саяын аяллыг зохион байгуулахад тусалсан. Бид хамтраад унаган байгальд нь бүргэдийн ан хийнэ. Хүмүүсийн, жуулчдын сэтгэлд хүрсэн маш сонирхолтой сайхан арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. 
 
-Хөдөөгүүр явж байхад орчин үеийн залуус уламжлал зан заншлаа гээлээ, адуу малаа мотоциклоор хариулдаг болсон гэх зэргээр ахмад настнууд сэтгэл дундуур байгаа нь анзаарагддаг. Баян-Өлгий аймагт ахмадууд юу өгүүлж байв?
 
-Манай казахууд чинь ёс заншил, шашин шүтлэгтээ үнэнч байж, дэг жаягтаа нямбай хандах юм. Баян-Өлгийчүүдийг архи уулгаж сургах гэж 300 шил архи хүртэл явуулж байсан гэнэ. Сүүлд нь тооцоо дансаа хөтлөөд хэн, хэдийг уучихав гээд гаргасан чинь 300 шил архинаас гуравханыг цааш харуулсан байх жишээтэй. Нэгийг нь төвөөс очсон төлөөлөгч хэрэглэчихсэн юмдаг уу даа. Сүүлдээ аргаа ядаад ховор нандин бараа дагуулж нэг шил архи өгч ч үзэж. Казахууд чинь архийг цээрлэдэг хүмүүс. Гэрийн босго давуулдаггүй. Аргаа ядаад замдаа тааралдсан тарваганы нүхэнд хийдэг. Тэр нь олон жилийн дараа олддог гээд ам дамжсан  түүхүүдийг ярьж л байна. Баян-Өлгийд хаа сайгүй л явлаа. Нэг ч согтуу хүн олж харсангүй. Гэхдээ хүмүүсээс сонсоход архины асуудал бага сага бий л гэх юм. Миний нүдэнд л лав согтуу хүн харагдаагүй. Манай аяллын багийнхан зочид буудалд буух бэлтгэл хангасан байсан л даа. Гэхдээ тэнд дөрөв хонохдоо дөрвөн айлд хонолоо. Аймгийн төвийн болон хөдөөний гээд. Өнөр олуулаа бужигналдаад сайхан л юм. 
 
-Монгол орноо бүтэн тойрох аялал нүсэр ажил болох юм байна даа. Нэг аймаг руу улирлаас шалтгаалж хэд хэд очно гэхээр цаг хугацаа ч нэлээд шаардах нь тодорхой.
 
 -Хүмүүс намайг Зоригоо машинд суучихаад Монголоо тойрно гэж яотад  байгаа юм. Ер нь бол машинтай тойрно л доо. Гэхдээ энэ бол цаг хугацаа, нарийн төлөвлөгөө шаардсан, ирээдүй хойчдоо маш том өв үлдээх нийгмийн чиглэлийн нүсэр том төсөл гэдэг талаас нь хараасай. Нэг суманд, сууринд нэг хонолоо гэхэд нэг жил явахад хүрэлцэхгүй. Манай сумдын газар нутаг хэчнээн уудам билээ. Нэг суманд очлоо гэхэд хүмүүст үзүүлэх байгалийн үзэсгэлэнт газрууд, шүтдэг уул ус, хүн зон амьдрал ахуйг сурталчлахад нэг хоног хаанаа ч хүрэхгүй. Дор хаяж хоёр, гурав хонох шаардлагатай. Ингээд бодоход бидний аялалд гурван жил лав зарцуулагдана. Аяллын гол зорилго бол Монгол орныхоо бүх сайхан зүйлийг багтаасан гэрэл зургийн том сан хөмрөг үүсгэх явдал юм. Аль ч сум, уул усны тухай, соёл, ёс  заншлын тухай мэдээлэл олж авъя гэхэд ямар ч хүн нэвтэрч болдог асар том сан хөмрөг бий болно. Дээрээс нь видео буюу дүрсний сан байгуулна. Эх орныхоо уул хайрхан, газар газрын ёс заншил, ардын дуу,  туульс, ерөөл магтаал гээд бүгдийг бичиж авна. Энэ төслийн хүрээнд маш олон баримтат кино үлдэнэ. Мэдээж ном, сэтгүүл, гэрэл зургийн цомог олон зүйлийг хийх болохоор төсөл наад зах нь дөрөв, таван жил үргэлжлэх байх л даа. Би очсон газар бүртээ “Шүүдэр дундуур” киногоо үзүүлнэ. Сонирхуулж хэлэхэд “Шүүдэр дундуур” киног үзсэн хүмүүсийн бараг 80 хувь нь лав хоёр удаа уйлж, 4-5 удаа сандал дээрээсээ очих дөхөж инээж байсан. Би аяллынхаа явцад киногоо үзүүлж, бас кино үзэж байгаа хүмүүсийн тухай кино бүтээх бодол тээж байгаа. 
 
-Тантай өмнө нь ярилцлага хийхэд “Хадлан” загварын дээл худалдаанд гаргана гэж байсан. “Хадлан” брэндийн дээл худалдаанд гарсан тухай мэдээлэл саяхан олж уншсан. Та хөдөө явахдаа өмсөж яваад байх шиг байна лээ. Хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 
-Би “Хадлан” загварын дээлээ хөдөө гадаа явахдаа туршаад л байгаа. Сайхан хөвөнтэй тэрлэг, үстэй дээл гээд эсвэл зундаа дан дээл ч юмуу хэрэглээд явдаг байсан. Сүүлийн үед хөдөөгүүр их явдаг болсон. Анзаараад байхад орчин үеийн нано технологи, шинжлэх ухааны ололтуудыг бид нар монгол дээлэнд шингээх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас шинэ материалуудаар авьяаслаг залуучуудтай хамтарч “Хадлан” загварын дээлийг бүтээсэн. Монгол дээлийн өвөрт хөөрөг хийдэг байсан бол одоо гар утаснаас эхлүүлээд зөндөө л юм байна. Зайлшгүй биед явдаг болчихлоо. Тэрийг авч явахад эвтэйхэн халаастай байхаас эхлээд цаг агаарын янз бүрийн нөхцөл байдалд дасан зохицуулж бүтээсэн. Хот суурин газарт ч, хөдөөд ч өмсөхөд эвтэйхэн байхаар тооцсон. Бороо, цас,  салхи нэвтрэхгүй. Хүний биеийн дулааныг 80 хувь хадгалж чадаж байгаа. Хөдөлж л байвал нэмэлтээр 30 хувийн дулаан үйлдвэрлэдэг. Би эртээд төв талбайн зурагчидтай бараг хоёр цаг гаран юм яриад зогссон. Тэр хооронд хурган дотортой дээлтэй ах нар байсхийгээд талбайн зүүн талын байшин руу орж дулаацчихаад буцаж гарч ирж байв. Би чинь тэнд уур савсуулаад зогсоод байлаа. Дотуураа ганц фудболктой. Сая Баян-Өлгийн өндөр сүрлэг хайрхануудын оройгоор явлаа. Их хүчтэй салхитай. “Хадлан” дээл маань дааруулсангүй. Би чамтай яг одоо “TOM N TOMS” кофе шопод сууж ярилцаад сууж байна. Халууцаж хөлс цувж байгаа нь харагдахгүй байгаа биздээ. Хүйтэнд дааруулахгүй, халууунд халууцуулахгүй ийм дээлтэй болчихоод байна. Хэдийгээр туршилтын хугацаа явж байгаа ч хүмүүс маш ихээр хүсэлт тавьж байгаа учраас Монголын шинэ брэнд болсон Flames үйлдвэрт захиалгаар оёод эхэлсэн байгаа. Тун удахгүй томоохон оёдлын үйлдвэрүүдтэй хамтарч ажиллаад нийтэд чөлөөтэй борлуулна. 
 
-Тантай нэгэнт уулзсаных өөр сэдвээр асуулт тавьж болох уу. Та УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүн. Сонгуулиар засаг, төр солигдоод 5 сар өнгөрлөө. Та ер нь иргэн хүний хувьд одоогийн засгийн үйл ажиллагаанд ямар сэтгэгдэлтэй байна?
 
-Иргэн хүний хувьд бусдын адил харалгүй яахав. Яагаад гэвэл засаг төр ямар бодлого хэрэгжүүлэхээс иргэд бидний ажил, амь амьдрал шууд шалтгаалдаг. Шуудхан хэлэхэд сэтгэл дундуур явна. Засгийн газрын 100 хоног, 200 хоног гэсэн тогтсон ойлголт байдаг. Тухайн засгийн ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажил үйлсийн өнгө төрхийг тодорхойлдог байхгүй юу. Засгийн газар 100 хоногоо тэмдэглэхдээ нэг л их ажил хийсэн болж харагдах гээд ядчихсан. 100 хоногийнхоо мөн чанарыг буруу ойлгосных л доо. Энэ дөрвөн жилд ямар бодлого хэрэгжүүлэх, ямар ажлууд амжуулахаар төлөвлөсөн юм гэдэг гол мессежээ олон нийтэд өгөх байтал ёстой холион бантан болгосон. Нэг төлөвлөгөө ярих юм, тэгснээ дахиад өөр төлөвлөгөө боловсруулах юм. Нэр ус солих гэх мэт аар саархан юмаар оролдоод л. Нэг л учраа олохгүй байна.
Учраа олоосой гэж их найдах юм, харах юм. Заримдаа ташуур өгөх гэж оролдох юм. Ерөөсөө болохгүй байна. МАН-хан АН шиг зээл авахгүй, бид нар улсаа болгочихно гээд байсан. Одоо тэгтэл нэг хөршөөсөө хараат байдалд орж мэдэх зээлийн тухай яриад сууж байна. Ер нь хөгжье, тэлье гэж байгаа бол зээлгүйгээр хэзээ явж байлаа даа. Ганц оёдлын машинтай Дулмаа эмээ хүртэл хоёр охиндоо зээлээр оёдлын машин авч өгөөд, оёдол зааж өгөөд өдөртөө нэг биш хоёр гурван дээл гаргаад зарчихаа илүү мэддэг, мэдэрдэг болчихсон нийгэм шүү дээ. Ийм энгийн зүйлийг Монголын төр, эрх баригчид Дулмаа гуайгаас хоцорч ойлгож байгаа нь харамсалтай. Цаг хугацаа маш их алдаж байна. Хүмүүсийн төрдөө итгэх итгэл суларсаар л. Олон улсын валютын сан, Дэлхийн банктай аль хэдийнэ гэрээ хэлэлцээгээ хийчих байсан. Одоо ингээд удахгүй энэ жилийн хурал нь болно. Тэрүүгээр Монголын асуудал орохгүй нь. Уг нь Олон улсын валютын сантай ажиллах нь хоёр давуу талтай байдаг. Эхнийх нь,  дэлхийд Монголд итгэж болох юм байна. Хамтын арга замаар дэлхийтэй хамт санхүүгийн хариуцлагатай цаашаа явах юм байна гэдэг мессежийг бусад улс оронд өгдөг л дөө. Хариуцсан сайд нар нь энэ ажлаа хийж чадахгүй юм шиг байна. Олон улсын валютын сантай хамтран ажилласанаар санхүүгийн сахилга, дэг журам сайн тогтдог. Төсвийн хөрөнгөөс идэж уудаг, тансагладаг байдлаа дархлан үлдээх, үрэлгэн байдлаа зогсоохгүйн тулд татгалзаж байх шиг байна. Олон улсын валютын сантай хамтарвал нийлж боловсруулсан бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ ханьтай болдог байхгүй юу. Үүнээс бас татгалзаж байх шиг байна. Энэ засаг ер нь маш удаан, назгай байна. Үнэн төрх нь ил гарч байх шиг байна. 
 
-Сүүлийн үед Засгийн газрын зарим сайдыг хариуцлага тооцоод огцруулж магадгүй гэсэн “бор шувуу” нисээд эхэлсэн байна лээ?
 
-Сольж магадгүй биш зайлшгүй солихгүй бол болохгүй сайд нар цөөн биш байна. Тийм учраас энэ асуудлыг ч цаг алдалгүй шийдээд явах ёстой. Засгийн газар хуралдлаа л гэх юм. Энэ тэндхийн уул, усны нэр сольсон, албан байгууллагын нэр сольсон тийм л асуудал хэлэлцээд сууж байх юм байна шдээ. Нэг л учраа олохгүй мунгинаад, манараад байх юм. 
 
-Засгийн газрын гишүүд хэвлэлээр байлдаад л байгаа харагдах юм. Танхимын зарчмаар ажиллаж чадахгүй байна гэдэг сайны дохио лав биш тийм үү? 
 
-Засгийн газрын гишүүд 100 хувь адил саналтай байна гэж байдаггүй л дээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудал болгонд өөр өөрийн байр суурьтай байдаг. Олон талаас ярьж шийдвэр гардаг. Нэгэнт гарсан шийдвэр бол танхимын шийдвэр байх ёстой. Тэрийгээ л хэрэгжүүлээд явах ёстой. Нэгэнт гаргасан шийдвэрийн дараа сайд нар хоорондоо маргалдаж байгаа бол явахгүй гэсэн үг л дээ. Би хөдөөгийн айлуудаар их явах юм, хүн ардтай уулзах юм. Монголын төрд итгэх иргэдийн итгэл асар ихээр суларчээ. Бидний одоогийн улс төрийн тогтолцоотой холбоотой юм болов уу. Энэ АН-даа ч биш, МАН-даа ч биш ер нь энэ тогтолцоо буруу яваад байх шиг байна. УИХ-даа заамдуулсан Засгийн газар л харагпдаад байгаа юм. Тийм болохоор хуулийн болон тогтолцооны шинэчлэлийг зоригтой хийж, хүчтэй Ерөнхий сайд, хүчтэй Засгийн газартай болох ёстой юм байна.
 
-Та АН-ын гишүүн. Намынхаа шинэчлэлийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Сая Баян-Өлгийд очиход АН-н гишүүд уулзсан л даа. Намын шинэчлэлийн асуудал явж байна. Шинэ дүрмийн төслөө хэлэлцэх гэж байна. Яагаад алслагдсан Дорнод аймаг ч юм уу алс хязгаарын Баян-Өлгий аймгийн  намын гишүүдэд  яагаад Улаанбаатар хотын төвийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрхийн гишүүдээс ялгаатай хандаж байх ёстой юм. Америкийн сонгуулийг бүгдээрээ харлаа шүү дээ. Сонгогчдоос авсан нийт саналын тоогоороо Хиллари Клитон ялж байгаа боловч мужуудаас төлөөлөгчдийн квотоор Трамп ялалт байгуулж Ерөнхийлөгч болж байх жишээтэй. Энэ нь өөрөө муж бүрийн тэгш эрхийг хангаж өгч байгаа байхгүй юу. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг хүн ам олонтой  учраас улстөрчид илүү анхаараад хүн ам цөөнтэй Баян-Өлгий ч юм уу өөр аймгуудын хөгжлийг орхигдуулах тийм  хандлагыг бий болгож болохгүй. Баянзүрх дүүрэг дээр АН-ын даргад нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигч тэндээс ялсан хүн бол нэг оноо авна. Баян-Өлгийд нөгөө гурав очиж Баян-Өлгийн санал тэнцүү байх ёстой. Ингэж байж энэ тусгаар улсын нэгдмэл бодлого, эрх тэгш байх зарчим хангагдах ёстой байхгүй юу. Алс хязгаарын сум, аймгуудыг анхаарч хардаг, эрх тэгш оролцоотой байх тэр эрүүл тогтолцоо руу явах ёстой. Дүрмийн шинэчлэлийн хүрээнд үүнийг анхаараасай.
 
-Хэдхэн хоногийн дараа Ардчилсан намын Их хурал болно. Та Их хуралдаа оролцох уу? 
 
-Тэгэлгүй яахав, гишүүнийхээ хувиар оролцоно.
 
-Энэ удаагийн Их хурлаар АН-ын дүрмийн шинэчлэлийг түлхүү ярих юм шиг байна. Гэхдээ намын даргад нэр дэвших сонирхолтой хүн цөөнгүй байх шиг байна. Танд эдгээр нэр дэвшигчдээс дэмжиж байгаа хүн бий юү?
 
-Энэ удаагийн Их хурлаар намын даргын асуудлыг яриулахгүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Зарим нэг хүн хурлаар далимдуулаад даргын асуудлыг шийдүүлээд өөрсдөө болчих санаагаа илэрхийлээд л яваад байх шиг байна. Хүмүүс “хор найруулна” гэж шоглож ярьдаг даа. Энэ санаархлыг хэзээ ч гүйцэлдүүлж болохгүй. Намын дүрмийн төсөл дээрээ сайн төвлөрч ул суурьтай хандмаар байна. Баян-Өлгийн АН, эсвэл Дорнод, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн АН эн тэнцүү саналын эрхтэй байх тогтолцоог дүрмээрээ бүрдүүлье. Ингэж чадвал АН үнэхээр үндэсний хэмжээний улс төрийн хүчин болж чадна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (8)
Зочин [150.129.142.129] 2016/12/05
Huuhend nugasgui hun dee
Зочин [202.179.31.87] 2016/12/05
Энэ хүнийг сайдаас нь хурдан буулгасан монголчууддаа баярладаг шүү.
Зочин [27.123.214.116] 2016/12/05
Zorigt ilen dalangui shudarga sain ah l daa
Зочин [94.14.235.85] 2016/12/05
Энэ манай нутгийнх биш Жинхэнэ шоучин энэий сайд ч гэж юу байлаа
Зочин [103.57.93.133] 2016/12/04
Hey zorigt bol er hun shuu.
Зочин [202.70.46.210] 2016/12/04
Зоригт хэзээ ч Сүхбаатарынх биш. Манай аймагт юм хийгээгүйдээ
Зочин [202.9.41.73] 2016/12/04
Шоучин баагий
Зочин [43.242.243.106] 2016/12/03
Amgalangaas tolgoit ruu ajildaa yavdag hun baidag reilbus yavuul