Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Хариу нэхээгүй тус” уриан дор ҮЭ-ийн гишүүд цусаа бэлэглэж байна

ЦССҮТ-өөс санаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Энэ удаагийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэл (МЭМАҮЭ)-ийн холбоо хамтран тэмдэглэж байна.
Нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амийг авардаг. Энэ л үзэл санаагаар МЭМАҮЭ-ийн холбоо хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй зогсдог эмч, эмнэлгийн ажилтнууд бусдын эрдэнэт амийг аврахад хариу нэхэхгүй, сайн дурын авлагагүй донор болохыг мэргэжил нэгт нөхөд, олон нийтийг уриалан үлгэрлэж “Цусаа бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд оролцож байгаагаа илэрхийллээ.
МЭМАҮЭ-ийн холбооноос Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, МЭМАҮЭ-ийн холбооны 90 жилийн ойд зориулан олон бүтээлч, нийгэм, салбартаа тустай ажлыг зохион байгуулж байгаа аж.
Тус холбоо нь 90 жилийн туршид эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар тогтвортой, санаачлагатай ажиллаж ирсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн бахархалт түүхтэй. Энэ удаа тус байгууллага ЦССҮТ-ийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд өөрийн салбарын ажилтнууд, тэр дундаа Үйлдвэрчний эвлэлийн хороодын дэргэдэх залуучуудын хэсгүүдийн залуучуудаа олон нийтийг манлайлан оролцохыг уриалж байгаа юм. Түүнчлэн аймаг нутгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагад энэхүү саналаа албан ёсоор хүргүүлж аймгийнхаа цусны салбар төвтэй хамтран хариу нэхдэггүй, авлагагүй донорын эгнээг дэмжиж “Хариу нэхээгүй тус” уриан дор нэгдэн хамтран ажиллахаар боллоо.
Мөн энэ арга хэмжээний үеэр 70-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Н.Сүхбаатар, А.Батмөнх, Д.Бадрахсүрэн зэрэг 3 хүндэт донорыг “Хүрэл донор”-оор өргөмжлөн, алдаршуулж байна.
ЦССҮТ нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн 10 болон 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудад өгөлтийн тоог илэрхийлсэн “Бахархалын тэмдэг” гардуулах болсон бөгөөд энэ удаад эрүүл мэндийн байгууллагын эмч, ажиллагсадаас 10 удаа цусаа бэлэглэсэн Х.Саранчимэг, Б.Жаргалсайхан, 20 удаа цусаа бэлэглэсэн Б.Өнөрцэцэг, П. Дэмбэрэлдолгор нарт “Бахархалын тэмдэг” гардуулж талархал илэрхийллээ. мөн "Сансар дижитал" ХХК-ний хамт олон өнөөдөр цусаа бэлэглэсэн эхний 100 донорт гарын бэлэг гардууллаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)