Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

Өнөөдөр НИТХ-ын IVхуралдаан Хангарьд ордны хурлын танхимд Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.

 

Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэлийн 2017 оны төсөв батлах, Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, Нийслэлийн хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай мөн Нийслэлийн хувьчлалын жагсаалтаас эд хөрөнгө хасах тухай асуудлууд яригдах юм.

 

Энэхүү төсвийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Л. Баатархүү “Энэ жил бол Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хүндрэлтэй байдлууд байна. Ялангуяа Нийслэл хот маань төсвийн хүндрэлтэй үед өнөөдрийн төсвөө мөн бүтээн байгуулалтын ажлуудыг оруулж байгаагаараа онцлогтой. Яагаад гэвэл Нийслэл хот маань жилдээ 60-150 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажлыг хийдэг. Гэтэл өнгөрсөн жилд Концессийн гэрээгээр 454 тэрбум төгрөгний концесс хийгдсэн. Энэ бол үндсэндээ бид нарын дөрөв жилийн ажил урьдчилаад хийгдсэн гэсэн. Бид нар хөрөнгө оруулалтын ажлууд дээр түлхүү ажиллана. Гэр хорооллын дахин төлөвлөлт замбараагүй явсан ажлыг цэгцлэхээс гадна цааш үргэлжлүүлэх зорилгоор хийнэ. Мөн иргэдтэй өөрсдийнхөө газар дээр амьдарч болохуйц хямд орон сууцын том төслийг хийхээр болж байна. Эрүүл, аюулгүй орчны хүрээнд дугуйн зам хөтөлбөрийг эхлүүлнэ. Түүнчлэн нийтийн тээврийн шинэчлэлийн асуудлыг ирэх хавраас эхлэнэ гэсэн олон ажлууд энэ оны төсөвд тусгагдсан байгаа” гэв.   

 

Хөрөнгө оруулалтын урсгал зардал болох 295 тэрбум төгрөгнөөс 60 тэрбум төгрөг халамж, үйлчилгээнд тусгагдсан аж.

 

Хурал дахь намын бүлгүүдийн санал дүгнэлтийг МАН-ын бүлгийн дэд дарга Ц. Байгальмаа танилцуулсан юм. Тэрээр “2017 он сонгуулийн жилтэй холбогдуулан төсвийн орлогыг хэт өндөр дүнтэй болгосон байна. Энэ төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд 2016 оны хувьчлах жагсаалтад зохиомлоор Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын спортны заалны барилга зэрэг эдгээр объектуудыг оруулж 2016 оны 3-р сард жагсаалтаас хассан. Төсөвд орох 34 тэрбум төгрөгний орлого тасрахад хүргэсэн байна. Мөн НИТХ-ын 2015 оны Өмч хувьчлалын жагсаалтаас 19 барилга байгууламжийг худалдаанд баталсан бөгөөд үүнээс 11 барилга байгууламжийн газар нь сургууль, цэцэрлэг, боломжтой газар байгаа нь өмч хувьчлалын цаашид хэрэгжүүлэх бодлогыг тооцож үзээгүй байна гэж МАН дүгнэж байна. Мөн Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулах төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд  удаашралттай огт хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь Нийслэлийн төсөвт тусгагдаагүй. Түүнчлэн тооцоо судалгаа нь үндэслэлгүй. Тухайн асуудал нь Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, газар ашиглалтын төлөвлөгөөг 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагатай уяалдаагүйн улмаас хэрэгжээгүй гэж үзэж байна”гэв.

 

Мөн АН-ын бүлгийн дэд дарга Ц. Баатархүү санал дүгнэлтийг танилцууллаа. Тэрээр “Зүүн Хойд Азийн бизнес аялал, жуулчлал соёл, санхүүгийн арга хэмжээний зардалд тусгасан 3 тэрбум төгрөгний зардлаас 1 тэрбум төгрөгийг хасаж, Нийслэлийн багш, эмч нарыг урамшуулах тогтолцоох үргэлжлүүлэх. Мөн Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүл буй газар зүйн мэдээллийн системд суурилсан түүнд зориулсан 3 тэрбум 959 сая төгрөгний төсөл арга хэмжээ нь өнгөрсөн онуудад хийгдсэн ажил тул 3 тэрбум 959 сая төгрөгийг иргэдэд бодит ажлын байр нэмэгдүүлэх, бичил бизнес болон гарааны бизнесийг дээшлүүлэх. Түүнчлэн Геологи зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүрдүүлсэнээс бусад нутаг дэвсгэрт зохих журам стандартын дагуу орон зайн бүрдүүлэх 8 тэрбум 649 сая төгрөгийг төсвийг ахмадын хороо руу, түрээсний орон сууц, зорилтот бүлгүүдэд зарцуулах. Угсармал болон орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн төслийг олон улсын хөрөнгө оруулалтын сан болон төр хувийн хэвшил дээр яаралтай хэрэгжүүлэх. Аялал жуулчлалын авто замын шинэчлэл 2 км авто замын ажилд 2 тэрбум 957 сая төгрөг тусгасныг ач холбогдолгүй, хойшлуулж болох ажил гэж үзэж байна. Харин энэ төгрөгөөрөө орон сууц болон гэр хороолол дундах замыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэлээ.  Мөн тэрбээр 13,8 тэрбум төгрөгийг үр ашиггүй хөрөнгө оруулалт оруулсан гэж онцоллоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)