Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

МАН-ын сайд нарын дуэль ба засаг ганхахын цондон

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимын сайд нар бие биеэ дуэльд дуудаж эхэллээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Хэнтий нутгаас төрсөн У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нарт мад тавиулсныхаа хариуг хэвлэлээр дайтаж авахаар шийдсэн бололтой. Тэрбээр “Өдрийн сонин” 25-р суваг телевизэд угсраа ярилцлага өгч, Хэнтийн сайд нар бөөрөлхөж байгааг нийтэд зарлалаа. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн тойрогтоо машин шийдүүлэх гэж шахсан л гэнэ, У.Хүрэлсүх сайдад очоод хов жив зөөдөг хүн байдаг л гэнэ. А.Цогцэцэг сайдын ярилцлага нэг иймэрхүү хэрүүл уруул, хов живийн чанартай, авах юм багатай. Шадар сайд У.Хүрэлсүх сайд, дарга нар асуудал шийдэх гэж албан тушаалд томилогддог болохоос зовлон тоочих гэж сандал суудал бөглөдөггүй гэж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хандаж хэлсэн нь Засгийн газрын гишүүд хоорондоо муудалцахад хүргэжээ. Б.Бат-Эрдэнэ сайд ч баргийн хэрүүлчээс дутахааргүй шөвөлзөөд, нөгөө сайдыгаа шургаж байгаа бичлэг интернэтэд тавигдсан. Санамсаргүй биш санаатайгаар энэ бичлэгийг олон нийтэд цацсан.

 

Улс орны эдийн засаг сайнгүй байгаа, дээрээс нь 60 орчим суманд өвөлжилт хүндэрчихээд байхад Засгийн газрын сайд нар хоорондоо явган хэрүүл хийгээд сууж байгаа нь хэр зохимжтой юм бол. Нутаг ус, жалга довоороо талцаад, МАН доторх фракцаараа хуваагдчихаад хэвлэлээр зодолдож байхад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар таг дуугүй суусаар байх уу. Эсвэл энэ засаг сууриараа ганхаж, дөрөв байтугай сайдаараа туг тахих хэмжээнд хүртлээ хагаралдав уу. Сангийн сайд Б.Чойжилсүрэнг огцруулна гэж Ж.Энхбаяр гишүүн аль эрт мэдэгдчихсэн. Ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнээр нь соль гээд Ө.Энхтүвшин гишүүн бас сануулсаар л байгаа. Өмнөд хөрштэйгөө харилцах харилцааг алаад хаячихлаа гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулганы танхимд бархирсан. Бүгдээрээ УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын бүлгийн гишүүдийн амнаас гарсан хариуцлагатай үг. Хэрэв тийм бол хямрал дээр хямрал, зуд дээр зуд бололгүй эртхэн ажил хийх хүмүүст зайгаа тавьж өгөөсэй. Сайдын ажил гэдэг хэрүүл хийхийг хэлдэггүй.

 

Өмнөх засгийн үед гишүүн О.Баасанхүүг, Л.Эрдэнэчимэгийг, З.Баянсэлэнгийг, фортуун Н.Батбаярыг цөөнх мөн ч их гоочилж, элдэв эвлүүлэг хийн доромжилдог байв. “Мөрөөдлийн баг” гэж цоллож байгаад хэлсэн ярьснаар нь улс төр хийж МАН-ынхан өөрсдөдөө оноо нэмдэг байсан. Гэтэл УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонх болчихоод өөрсдөө тэднээс долоон дор авирлаж, гал тогооны хэрүүлээ хэвлэлээр цацаж, албан тушаалын төлөө үхэлдэн тэмцэлдэж байгаа нь бүр инээдтэй харагдаж байна. Долларын ханшаар улс төр хийж, санал тоолдог хар машиныг шатааж явсан Ж.Мөнхбат хар машины хүчээр УИХ-д сонгогдож, Засгийн газрын сайдаар томилогдсон ч нэг доллар 2600 төгрөгтэй тэнцэж урд хожид байгаагүйгээр галзуурав. Эрхэм сайд энэ бүхнийг тоох нь битгий хэл томилгоо болгонд гараа дүрж, бусад сайд нар руугаа азаргалаад сууж байх болсон гэлцэх. Ж.Эрдэнэбатын танхимын зарим сайдын өнөөгийн бодит байдлыг хальт зураглахад ийм л байна. МАН-ын сайд нар танхимын зарчмаа огоорч хэвлэлээр өргөн фронт байгуулан байлдаж эхэлсэн нь засаг ганхахын цондон. Өөр юу ч биш.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [202.55.183.178] 2016/12/02
zasag zadrah n todorhoi
Зочин [27.123.214.102] 2016/12/01
Munhbat luivarching zailuulah jeregtei
Зочин [103.57.94.15] 2016/12/01
ЗАСГИЙН ГАЗАРЫН ГАЛ ТОГООГ Ж. МӨНХБАТ ГЭГЧ ХИЙТЭЙ НӨХРӨӨР БАРИУЛЧИХСАН ЭРДЭНЭБАТЫН ЗГ ЫН ТАНХИМ ЯАЖ ОЛИГТОЙ АЖИЛЛАХ ВЭ?!! ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНХИМ МӨНГӨ САНХҮҮГИЙН ХАНДИВЫН ХАРИУ ДОЛООГЧДЫГ САЙДАД ЗҮТГҮҮЛСЭНЭЭР БҮРДҮҮЛСЭН ЧАДВАРГҮЙ ЗГ !!!