Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Х.Буянтүмэн: 13 аймагт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг байгуулсан

ЦЕГ-ын Зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу 13 аймагт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг байгуулсан байна. Энэ тухай болон, мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Мөрдөн байцаах газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнгээс тодрууллаа.
 
-Оны эхний 10 сарын байдлаар мал хулгайлах гэмт хэргийн статистик үзүүлэлт гарсан байх. Ер нь нөхцөл байдал ямар байна вэ?
 
-Цагдаагийн байгууллага 2016 оны эхний 10 сард иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэргийн тухай 32 мянган гомдол мэдээлэл хүлээж авсны 1400 нь мал хулгайлах гэмт хэрэгтэй холбогдолтой байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхний 10 сарын байдлаарх нийт хулгайн гэмт хэргийн 67.4 хувь нь нийслэлд, 32.6 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. 2015 оны мөн үед энэ төрлийн 1000 гэмт хэрэг бүртгэгдэж Мал хулгайлах гэмт хэргийг онцлоод авч үзвэл, сүүлийн гурван жил дараалан энэ төрлийн гэмт хэрэг буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа. Бид ч мал хулгайлах гэмт хэргийн эсрэг арга хэмжээнүүдээ явуулсаар байна. ЦЕГ-ын Зөвлөлийн хурлаар 13 аймагт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дагнасан хэсгийг байгуулж, мэргэшсэн алба хаагчдыг томилон ажиллуулж байна. Ингэснээр илүү үр дүн гарна гэж харж байгаа.
 
-Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх бүсийн зөвлөгөөнүүдээс гарсан шийдвэр хэр хэрэгжиж байна. Мал бүхий иргэдтэй хамтран ажилласнаар энэ төрлийн гэмт хэрэг буурах хандлага байна уу?
 
-Жилдээ хоёр бүсэд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Энэ жил Говь-Алтай, Ховд аймаг болон Багануур дүүрэгт хийсэн. Аймгийн цагдаагийн газар, хэлтсүүд, тухайн орон нутгийн ИТХ, ГХУСЗ, иргэдийн төлөөллийг оролцуулан зөвлөгөөн зохион байгуулдаг. Уг зөвлөгөөнөөс гарсан үйл ажиллагааны чиглэл, бодлогын бичиг баримт зэрэг дээр үндэслээд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг явуулж байгаа. Тодорхой үр дүн гарч байна. Зөвлөгөөний үр дүнд хэрэгжүүлсэн арга хэмжээний нэгжүүдээс ирүүлсэнтэй материалтай танилцахад бүс нутагтаа нэлээн ахиц гарч байна. Мал хулгайлах гэмт хэрэг буурсан нь үр дүнгийн нэгэн илрэл. Цагдаагийн байгуулага, ялангуяа Мөрдөн байцаах газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Малчин лавлах-109”, “Тод сураг” сайт болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, худалдааны байгууллагуудтай хамтран ажилладаг. Нийслэлд мал, малын гаралтай түүхий эд борлуулдаг худалдааны төвүүдэд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж байна.
 
-Цагдаагийн байгууллагаас иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж буй юм аж. Харин малчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэх шаардлагатай байна вэ?
 
-Малын хулгайн гэмт хэрэг гараад байгаа үндсэн шалтгаан бол малчид малаа хариулахгүй байгаатай холбоотой. Хэрэв малчид малаа өдөр нь байнгын хариулгатай, шөнийн манаатай байлгавал малын хулгайн гэмт хэрэг огцом буурах, гарахгүй байх шалтгаан нөхцөл бүрдэх юм. Мөн алдуул болон олдсон малын тухай мэдээллийг цагдаагийн байгууллага, “Малчин лавлах-109”, “Тод сураг” сайт руу өгч тухай бүрт өгөх хэрэгтэй. Ингэвэл олдсон малыг эрэн суравжлах, хохирогчийг олох ажилд маш их үр дүн гарахаар байна.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)