Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

ӨВ СОЁЛ: Исгэрч явбал дэлхий уужрана

Нүүдэлчин ард түмний өв соёл далай мэт арвин, байгаль дэлхийтэй салшгүй холбоотой, гайхамшигт шинж чанарыг цогцлоосон байдаг билээ. Өнгөц дүгнэхэд энгийн мэт боловч мөн чанар нь гүн гүнзгий, утга төгөлдөр арвин өв соёлоор бид бахархадаг. Үүний нэг нь исгэрээ юм. Исгэрээ нь Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтний урлаг бөгөөд энэ төрөлд аялан исгэрэх, амаар ташин дэлдэх, хөөмэйлэх, цуурдах, аман хуурдах гэсэн таван урлагийг хамруулдаг байна. Исгэрээ буюу “хисгэрээ” нь хий (салхи)гэсэн үгтэй язгуур нэг бөгөөд монголчууд исгэрээг салхины уриа гэж итгэдэг. Тийм учраас салхи хэрэгтэй үед салхины эзнийг урин дуудсан утга санаагаар исгэрдэг байна. Исгэрэх гэдэг нь ямар нэг аяыг шүдний завсраар үлээн хоёр уруулаараа хааж, нээн, шовшрон эгшиглэх, эсвэл уруулын завсраар үлээн эгшиглэхийн нэр болно. Хүний үүдэн шүд, уруул ая эгшиг үүсгэх хөгжмийн зэмсэг,амны хөндий ньцуурайн хайрцаг болдог байна.Исгэрээг шүдний, уруулын, тагнайн гэж гурав ангилна.

 

Монголчууд хаа явсан газраа, хэзээ ч хамаагүй исгэрдэггүй. Исгэрэх нь нарийн дэг, утга агуулгатай байдаг. Тухайлбал, монголчууд өвөл, хавар, шөнийн цагт исгэрдэггүй. Мөн бүрхэг сэрүүн өдөр, салхитайд исгэрдэггүй. Түүнчлэн, гэр орондоо исгэрэхийг цээрлэнэ. Ноос савах, эсгий зулах, хийхэд исгэрэхийг цээрлэнэ. Энэ нь ноос савах, эсгий хийхэд хэдий бүгчимдэн халууцавч салхи урих хэрэггүй, харин ч үүдэн тэнгэрээс авахуулаад галын эзэн,эрийн сүлд тэнгэр гэх мэт шүтээнтэй харгалдан харшлажболзошгүй гэж үздэг байснаас ийнхүү цээрлэжээ.

 

Харин зун, намрын цэлмэг нартай өдөр, бүгчим халуун цагт исгэрдэг. Мөн монгол хүн морь малаа услахад заавал исгэрдэг нь малыг ус уухад аятай таатай болгож, ангаа цангааг нь тайлж, таатай ундлаг гэсэн санаатай юмсанжээ. Мөн аян замд яваа хөлстэй морь, ширүүн туусан мал шууд ус уудаггүй, хормын төдий ч болов сэрүүцэн сэхээ авч байж ус унд амтлан уудгийг монголчууд ажил үйлсийнхээ явцад ажиж мэдсэний нэг учир тэр юм.

 

Соёл, спорт, аялал жуулчлалын яам энэ жилээс соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг бүртгэн, батламж олгож эхэлсэн. Эдгээр хүний нэг бол Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын иргэн Р.Цэрэндаш юм.

 

Тэрбээр “Исгэрээг хүн төрөлхтний хамгийн эртний урлаг хэмээдэг. Дуулах, хөгжим тоглохоос өмнө исгэрч байж. Ялангуяа, нүүдэлчин ард түмний хамгийн нийтлэг урлаг нь исгэрээ юм. Мал дагаж, онгон дагшин байгальтайгаа харьцаж яваа хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ нь исгэрээ байдаг. Яагаад гэвэл морин дэл дээр, сайхан байгальд сэтгэл нь сэргэж яваа эр хүн заавал исгэрдэг. Мал хариулж явахдаа исгэрнэ. Ямар мал хариулж байгаагаас хамаарч урт, богины дуугаа исгэрч л явна. Хөгшин эмгэн хүртэл хэдэн тугалаа бэлчээрт гаргах гэж явахдаа исгэрнэ. Энэ ньмалаа, байгалиа аргадаж, харьцаж байгаа хэлбэр юм. Энэ бол амьдралын хэрэгцээ гэж ойлгож болно.


Мал дагаж, онгон дагшин байгальдаа амьдарч байгаа хүмүүс үр хүүхдэдээ сайхан дуулж, исгэрч сур гэдэг. Мал дээр битгий дуугүй явж бай. Исгэрээ хүнд хань болдог, сэтгэл сэргээдэг, мал хүртэл хийморьтой явдаг гэж сургадаг. Исгэрч байгаа хүний сэтгэл хүртэл уужуу тайван байна. Байгаль дэлхий хүртэл сэргээд ирэх шиг болдог. Инээж явбал сэтгэл уужрана, исгэрч явбал дэлхий уужрана гэсэн сайхан үг хүртэл бий шүү дээ. 1930-аад оны үед адуучин Намсрай хэмээх сайхан исгэрдэг хүн байсныг тухайн үед хүүхэд байсан хүмүүс ярьдаг байлаа. Эцэг, эх нь адуучин Намсрай шиг исгэрч сурахыг захидаг байсан гэдэг. Мөн Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд Сайн ноёны сайхан исгэрээч Цэрэнхүү гэж хүн байсан. Тэр үед идэр залуу явсан хүмүүс Цэрэнхүүг дуурайж исгэрэх гэж одоогийнхоор бол хөдөлгөөн өрнүүлдэг байсан гэдэг” хэмээн хуучилж байна. 

 

Үнэт өв

 

Язгууртны дээл

 

Монголын эзэнт гүрний үеийн язгууртан эрэгтэй хүний дээл. XIIIзууны үеийн Монголын эдийн соёлын судалгааны чухал эх сурвалж юм. зээгт наамал бүхий ховор бүтээл. Дээл нь ташуу захтай, урт нарийн ханцуйтай, бэлхүүсээрээ жигд хуниастай, дэрвэгэр хормойтой. Нимгэн пансан торгон гадартай. Нарийн нэхээстэй торгон дээрээ уламжлалт хээ чимгийг хатгаж урласан. Эвэр угалзан хээг хоргой торгоор хайчлан, захаар нь алтан утсаар зээг даруулан дээлийн энгэр, зах, ханцуй, хормойн хэсгийг чимэглэсэн. Дээлийн бэлхүүс орчмоор 20 см өргөнтэй буруу, зөв эрчилсэн алтан утсан зээгийг зэрэгцүүлэн дарж оёсон байна. дотоод энгэр нь зүүн гар талдаа лав дарсан, баруун талдаа гурван торгон бүчтэй. Зүүн талдаа хормойноос бүсэлхий хүртэл оноотой ажээ. Дээлний анхны өнгө тодорхойгүй болсон. Одоогийн өнгө нь цайвар бор өнгөтэй. Энэ дээлний нэлээн хэсэг нь устаж үгүй болжээ. Монголын Үндэсний музейн шинжилгээний анги 2003 онд олсон.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)