Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

У.Отгонбаяр: Гурван баатраа мартах ёсгүй

Хорь гаруй жилийн өмнө Монголын үе үеийн төлөөлөл болсон гурван хүн алс холын Америк тивд явганаар хүрсэн итгэмээргүй түүх бий. Энэхүү аяллын хамгийн ахмад настан И.Дэндэвийн талаар хүргэн У.Отгонбаяртай нь ярилцлаа.

 

-Одоогоос 20 орчим жилийн өмнө нас насны төлөөлөл болсон гурван монгол хүн тив дамнан урт удаан, эрсдэлтэй замыг явган туулж шуугиан тарьж байсан. 30-аас дээш насныхан энэ тухай сайн мэдэх ч залуус төдийлөн мэдэхгүй байна. “Бадарчин-93” аялалын тухай тодруулахгүй юу?  

 

-Тухайн үед төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байсан. Дэлгүүрийн лангуун дээр хоёр төгрөгний давснаас өөр зүйл байхгүй. Мах зэргийг талоноор авдаг байлаа. Энэ үед эгэлхэн гурван хүн монголчуудыгаа сэтгэл санааны дарамтаас бага ч болов гаргая хэмээн бодож тус аялалыг зохион байгуулсан. Тэдний нэг онцлог нь ямар ч бизнесийн зорилго агуулаагүй. Монгол хүний физологийн онцлогийг 60, 32, 18 насны хүмүүс 10 мянган км алхаж гайхуулсан. Үүн дээр нэмээд цэвэр цусны банхар нохойгоо сурталчилсан юм. Америкт явж байхад “Та нар ямар ч рекламгүй алхаж байхын оронд Америкийн брэндийн пүүз, хувцас зэргийг өмсөөд явсан бол бүх насаараа идэх хоолоо олно” гэж олон хүн хэлсэн гэсэн. Тэгвэл манай гурав Монгол орноо сурталчлах чин сэтгэл л агуулсан. Энэ нь их сэтгэгдэл төрүүлсэн. Түүнчлэн, тэд хүн байхгүй тайгаар олон мянган км аялсан. Баавгай, чоно, дээрээс нь сибир нутагт маш олон оргодол байдаг. Энэ амь насанд халтай эрсдэлүүдийг арга ухаан, хүч чадал, банхар нохойныхоо тусламжтайгаар даван туулсан сонирхолтой, адал явдалтай аялал байсан тул би ном болгож гаргая гэж зориглоод найм дахь жилдээ явж байна. Аялалын багийн гишүүн, хэлмэрч, эмч И.Дэндэв буюу манай хадам аав тухайн үед 60 настай байсан. Тэр хүний үлдээсэн тэмдэглэл, гар бичмэлүүд дээр суурилж, нэмэлт мэдээллээр баяжуулан номоо эмхэтгэж байгаа. 

 

-Ямар хугацаанд аялсан байдаг билээ?

 

-Анх жил явна гэж тооцсон ч найман сар аялсан. Энэ аялалд бүх тээврийн хэрэгсэл оролцсон байгаа. Нийт маршрутын тооцоог гаргаж үзэхэд ойролцоогоор 31600 км буюу 20 мянган бээр болдог. Үүнээс яг хөлөөрөө алхсан нь 9875 км болж байгаа юм. ОХУ-ын нутгаар 4000 гаруй км газрыг явган туулсан байдаг. Хаашаа л харна зах хязгааргүй тайга. Хойд сибирийн нутгийн тосгод хоорондоо 70-100 км зайтай. Хүн ам сийрэг. Ан амьтан ихтэй. Энэ эрсдэл дундуур тэд алхсан. Тэдний бас нэг зорилго нь эцэг өвгөдийнхөө гаргасан жимийг сэргээе гэсэн бодол байсан. Төв Азиас нүүдэл болсон шүү дээ. Тэр замаар яваад Альяска оръё гэсэн. Мөн манай гурав Америк дахь Сетал хотноо Дорно дахины тулааны их мастер Беруслигийн шарилд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх зорилготой байсан. Беруслигийн үндэслэсэн житкундо нь зодооны олон урсгалаас аль давуу талыг нь авч дундаас нь гаргаж ирсэн бие хамгаалах урлаг юм. Аялалын ахлагч П.Батзориг тухайн үед Монголын житкундогийн холбооны ерөнхийлөгч, багийн гишүүн Л.Нацагням тус холбооны дасгалжуулагч багш байсан.  

Хүүхэд залуусын цуврал таван ном гарах ёстой. 1, 2, 3 нь ОХУ-аар явсан. 4, 5 нь Америкийн нутгаар явсан аялал юм. Эхний ботиуд хэвлэгдсэн.

 

-20 гаруй жилийн өмнө хил гааль, зам харилцаа, цаг төрийн байдал, техник технологийн дэвшлийн хувьд ч өнөөгийнхөөс эрс ялгаатай байсан. Мөн аялагчид санхүүжилтээ өөрсдөө шийдэж байсан гэсэн?

 

-Хадам аав маань өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг байсан. Тухайлбал, нэг тосгонд ирээд даргатай нь уулзахад маш сайхан хүлээн авч, манай тосгонд ирсэн анхны гадаад зочид хэмээн хуучнаар улаанбулан, зочид буудалд үнэгүй байрлуулж усанд оруулан хооллож ундаллаа хэмээн бичсэн байгаа юм. 1993 онд Орос мөн зах зээлд шилжиж байсан. Хойд сибирийн нутгийн оросууд нь төв хэсэг рүүгээ нүүдэллэж эхэлсэн үе байсан. Тиймээс бараа бүтээгдэхүүн маш үнэтэй. Гэхдээ оросын үндэсний цөөнх чучка, якут, буриад гэх мэт үндэстнүүд манай гурвыг үнэхээр сайхан хүлээж авсан байдаг. Батзориг ахлагчийн нэг ярилцлагадаа “Алс дорнодын үндэсний цөөнх, оросын ард түмэн ямар сайхан сэтгэлтэй юм бэ, яг сибирийнхээ тайга шиг” гэж хэлсэн байгаа юм. Москвагийн хүмүүс нь монголчуудыг тоож харилцахгүй. Гэтэл сибирийн ард түмэн үнэхээр сайхан хүлээж авсан байдаг. Хэдийгээр замдаа зарцуулах зардлаа халааслаад гараагүй ч тэр сайхан хүмүүсийн дэм аялалд их тус болсон.

 

-И.Дэндэв гуай аялалд их чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Мөн англи, франц, орос хэлтэй. Спортоор хичээллэдэг. Эмч мэргэжилтэй хүн байсан. Өнөөгийн нөхцөлд ийм өндөр боловсролтой хүн олон эрсдэлтэй нүүр тулах аялалын сонголт бараг хийхгүй шүү?

 

-Бидний өвөг дээдэс, миний чиний ээж аавууд хүнлэг, үнэхээр сайхан хүмүүс юм. Тиймээс бид энэ бүхнийг өвлөн авч үр хүүхддээ өшөө илүү сайхан болгож уламжуулах ёстой. Бид одоо мэдээлэлжсэн эрин суунд амьдарч байна. Ном уншихаа бараг больсон. Тухайн үед манай аав гурван хэлийг бие дааж сурсан. Цаг ямагт шинийг эрэлхийлдэг бүтээлч хүн байсан. Спортлог, идэр ес эхэлсэн байхад Туулын харзанд ордог. Өдөрт дунджаар тогтмол 15 км гүйдэг. Эмч хүн. Архи тамхи огт хэрэглэдэггүй. Байт сур, уулын авиралт, гүйлт, шатрын мастер байсан.

 

Франц улсад зургаан сар явж хэл сурч байсан. 1958 он шүү дээ. Тэр үед анх удаа монголын тамирчид өвлийн олимпод оролцож, аав орчуулга хийгээд явж байсан. Маш их үлгэр жишээ, хөдөлмөрч хүн юм. Тиймээс бидний монголчууд дундаас гарсан энэ гурван хүн тухайн үед ямар эрсдэл туулж эх орноо сурталчилж, домогт аялалыг хийж явсан нь хойч үед үлгэр дууриал болох болов уу хэмээн энэ номыг бичсэн юм.

 

-Би энэ ном залууст их сургамж өгч, үлгэр дууриалал үзүүлэх юм байна гэж ойлгосон. Ялангуяа, өөрийгөө хөгжүүлэх, биеэ дайчлах, зорилгодоо үнэнч тууштай байх зан чанарыг багийн гишүүдээс тод харагдаж байсан?

 

-Нэг жишээ ярья. Манай гурав Якутск хотод санхүүгийн хүндрэлээс болоод сар болсон. Тэр хугацаанд манай аав зүгээр суухгүй бүх юмыг судалсан байгаа юм. Тухайлбал, хэл шинжлэлийн якут хүнтэй уулзаж якут хэлэнд 500-600 язгуур монгол үг байгааг тогтоосон. Тийм болохоор бид холын хамаатан гэсэн үг. Хандгай гэж хот байдаг. Якут хэлэндээ хандигай гэж бичигддэг. Энэ мэтчлэн газар усны нэр зэрэг монгол язгуур үг олон байдаг. Мөн якут өөрийн гэсэн бөөгийн шашинтай. Тиймээс якутын удган хүмүүстэй уулзаж эмчилгээний арга гэх зэргээр олон зүйлийг судалж тэмдэглэсэн байдаг. Тэд монголчуудтай адил чоно шүтдэг.

 

-Номыг уншиж байхад үйл явдал бүр их сонирхолтой өрнөдөг. Хамгийн гол нь зохиол биш, бодит үйл явдал тул маш их сонирхол татаж байсан. Тухайн үеийн үйл явдлыг гар бичмэлээс өөрөөр баримтжуулсан зүйл бий юу? 

 

-Бичлэг хийж, маш их зураг авсан. Багийн ахлагч П.Батзориг Америк гарахдаа 30 гаруй хуурцаг бичлэг, бүх зургаа аваад явсан. Надад зөвхөн аавын таван тэмдэглэлийн дэвтэр байсан. Аян замын маршрутыг гаргахад гурван сар суусан. Мөн таван тэмдэглэлийн дэвтрийг уншихад гурван сар зарцуулсан. Аав маань анли хэлтэй хүнтэй англиар, франц, орос хүнтэй тухайн хэлээр нь ярьж, тэмдэглэл хөтөлсөн байсан. Аав маань буриад хүн. Тиймээс нутгийн зарим буриадтай уулзахад буриадаар ярина. Бүх бичлэг нь тэмдэглэлийн дэвтэр дээр байдаг. Өдөрт 45 км замыг 25 кг ачаа үүрч туулж байгаа 60 гарсан хөгшин ядарсан ч гэсэн хойч ирээдүйдээ үүнийг үлдээе гээд өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг байсан. Тэмдэглэлийн дэвтэрт гайхамшиг байгаа юм.

 

Зардлаа өөрсдөө болгож байсан тул их хүндрэлтэй. Тухайлбал, АНУ-ын Сандего хотод очоод буддын сүмийн тийм ламтай уулзлаа гэж байгаа юм. Тэр лам ядуучууд, орон гэргүйчүүдэд зориулсан байруудад нөгөө хэдийг хоноглуулдаг. Мөн нэг хотод очоод хамгийн түрүүн нэг цагдаагийн газар очно. Цагдаагийн газар очиж бүртгүүлээд ийм зорилготой аялал хийж явж байна, бидэнд туслаач гэдэг. Ингэхлээр христ юм уу, католиг шашны сүм хийдэд аваачиж өгдөг. Ингээд шашны байгууллагад очиж хоол идэж усанд ороод тэндээ хоноглодог. Өглөө нь 4-8 цагийн христийн уншлага хичээлд суугаад хоол идчихээд цааш явдаг байсан. Америкт үнэхээр бор зүрхээрээ явдаг байсан. Тэнд байхад монголоос нэг ч цент явуулаагүй. Энэ бүх ачааны хүндийг манай хадам аав үүрсэн. Яагаад гэвэл англи, франц, орос хэлтэй. Нацагням 18 настай. Харин Батзориг ахлагчийн хувьд Оросын цэргийн сургуульд сурсан. Орос хэлтэй.

 

-Нийт таван цуврал гаргахаар төлөвлөсөн гэсэн. Дараагийн цувралаа хэзээ гаргах вэ?

 

-Би энэ түүхийг залуус мэдэж, хэрэгтэй зүйлээ олж аваасай гэсэн ганц зорилгын төлөө явж байгаа. Эхний гурван боть нь бэлэн болсон. Ямар ч байсан таван цуврал ном гаргана. Санхүүжилт ороод ирэх юм бол шууд хэвлүүлэхэд бэлэн. Эх, бүх зүйл нь бэлэн.

 

-Та номоо дагалдах мэдээллээр улам баяжуулсан байсан. Ер нь найман жилийн туршид тэмдэглэлийн дэвтэрүүдтэй ноцолдсон тул бараг судлаачийн түвшинд хүрсэн байх?

 

-Шинэ сэдлүүд их гарч байна. Тухайлбал 1993 оны наймдугаар сарын зургаанд Аляска нислээ. 63 доллартай үлдлээ гэж бичсэн байдаг. Ингэж явахдаа гурван искимостой уулзаж байгаа юм. Тэгвэл энэ ямар хүмүүс вэ гээд судлана. Цааш нь индианчууд гэж гарч ирнэ. Индианчуудыг судлана. Колумб 1496 онд Америк тивийг нээхээс өмнө 250-400 сая индианчууд амьдарч байсан байгаа юм. Энэ мэтээр дэлгэрүүлж судлах маш олон зүйл гардаг.  Түүнчлэн, Якутуудын үндэсний нэг бахархал бол арслан заан юм байна. Тэд тима гээд нэг тугал мөнх цэвдэг мөснөөс олсон. Махаар нь хоол хийж болохоор тэгж хадгалагдсан байсан. Үүнтэй холбогдуулаад арслан заан гэж юу юм гэх зэргээр нэмэлт мэдээллүүдийг шигтгэж өгч байна. Мөн буриадууд бидний тасархай. Тэд яаж яваад тэнд оччихов гэх зэргээр түүхийн жимийг нь гаргаж өгч байгаа.

 

-Тэмдэглэлд шантарсан өнгө аяс байсан уу?

 

-Үгүй. Тэр Якутад халаасандаа мөнгө байхгүй. Цаашаа явах гэхлээр мөнгө хэрэгтэй байдаг. Монгол руу ярих гэхлээр холбоо их муу байсан. Тэгээд хоорондоо ярьж байна гэнэ. Тэгээд гурвуулаа бөөн баяр болж үдэж гаргуулчихаад ямар нүүрээрээ очих юм бэ, цаашаа явна шүү гэж ярьсан байсан.

 

Тэд Якуткад сар гаруй байхад аав Якут золот гэж байгууллагын ерөнхий эмчтэй яриад ажилчдад нь монгол ардын эмчилгээ, зүү бариа, хамраа угаах арга заасан байгаа юм. Зөрүүлээд өдөрт гурван удаа үнэгүй хоол иддэг. Нөгөө хоёр маань хүртэл бас чадах бүх зүйлээрээ тэмцэж байсан. Сонирхолтой баримт дурдвал, Америкийн нэг хотод халаасандаа хэдхэн доллартай орой орж ирсэн байгаа юм. Тэгээд яах уу гэж ярилцаж байгаад нэг бааранд орсон байна. Барууны кинон дээр гардаг шиг суугаад пиво уугаад, бүжиглээд, манайд бол хэвшил болоогүй содон зүйл байсан. Аав ороод барментай нь аялалынхаа тухай, хүнд хэцүү замыг туулж байгаа тухай ярьж байна гэнэ. Гэтэл тэндээс нэг америк залуу бос ирээд танай монголчуудыг мундаг архи уудаг гэсэн гээд 45 градусын 0,5-ын виски гаргаж ирээд үүнийг нэг дор бүгдийг нь уучихвал 100 доллар өгье гээд гаргаад тавьж. Нөгөө хэд маань цааш явах, хоол идэх мөнгө байхгүй. Тэгээд хоорондоо яриад Батзориг вискийг 200 граммын аяганд гурав хувааж хийгээд гурав татсан байгаа юм. Өлсчихсөн, хол зам туулаад ядарчихсан явж байсан шүү дээ. Вискийг ууж дуусангуут мөнгөө аваад, хоёр талаас нь түшиж гаргаад баарны булан эргээд бөөлжүүлсэн байдаг.

 

Би энэ номыг бичиж байхдаа дунд бүр орчихдог. 4, 5 дахь гишүүн нь болоод явчихдаг. Хажуугаас нь хараад мэдэрч байгаа юм шиг тэгж ордог. Өнөөдөр Оросын нэг тосгоноор дайраад өнгөрсөн. Тосгоны хүмүүс 6 өндөг, 2 талх өгсөн. Бид өнөө орой үүнийгээ идчихэнэ. Маргааш өглөө босоод 60 км алхана. Тэр хооронд би юугаа идэх үү гээд бүр тархинд нь суучихсан.

 

-Бидний ярилцлага цааш үргэлжилбэл олон сонирхолтой зүйл гарах нь ойлгомжтой. Залуус номоо шимтэн унших байх гэж бодож байна. Тиймээс сүүлийн асуултыг танд үлдээе?

 

 -Би нэг зүйлийгхэлэхийг хүсч байна. Энэ гурван хүнийг бид байх газар нь тавих ёстой. Өнөөдөр 1993 он биш. Тухайн үед эрх зориг гаргаж 10 мянган км замыг явган туулсан энэ хүмүүст ядаж спортын гавьяат ч юм уу өгөх ёстой. Тэр хэмжээнд үнэлэх ёстой. Аялаад ирэхэд нь зүгээр АНУ руу нисээд хүрээд ирсэн юм шиг хүлээж авсан тухай дурссан байдаг. Өнөөдөр ч тийм байдалтай байна. Энэ гурван баатраа мартах ёсгүй. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)