Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Д.Содном: Одоогийн засаг Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран хийж болохгүй

Монгол Улсын Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулж төрийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар Ерөнхий сайд асан Д.Содномын бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
 
 
Төрийн тогтолцоонд гарсан оноо, алдаа,шалтгаан.
 
Ардчилсан хувьсгал нэртэй өөрчлөлтөөс хойшхи 26 жилийн  хугацаанд Монгол Улс шинэчлэгдлээ, шинэ монгол хүн бий боллоо. Энэ хугацаанд авахаалж самбаатай ихэнх иргэд нь хувийн өмчтэй болсон, хичээж хөдөлмөрлөсөн хүн бүхэн амьдрал ахуйгаа сайн авч явах нөхцөл бий болсон,  улс нийгэм урагшилж хөгжсөн байна.
 
Гэвч, Монголын төр засаг, хууль тогтоомжууд тогтвортой оновчтой биш, Ардчилал, хүний эрх, эрх чөлөө туйлширч, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж буйгаас өндөр хурдацаар тогтвортой хөгжих боломжоо ашиглаж чадахгүй байгаа гэж дүгнэвэл бодит дүгнэлт болох байх. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах зорилт бүрэн утгаар хэрэгжээгүй, хүний мөс чанар эрс муудсан. Энэ бүхэн  зөвхөн хувиа хичээхэд хүргэдэг зах зээлийн эдийн засагт цэгцтэй бодлого зохион байгуулалтгүй шилжсэнээс болж  байгаа.
 
Ард иргэдээ элдэв туйлшралаас ангид байлгаж, хичээл зүтгэл бүтээлч хөдөлмөрийг нь улс нийгмээ тогтвортой хөгжүүлж байх зорилгод чиглүүлж зохион байгуулж байх үүргээ Монголын төр, засгийн эрхийг барьж байсан улс төрийн намууд яаж ухаарч биелүүлж байсныг судалж зөв дүгнэх, олсныг нь уламжилж, алдсанаас нь сургамж авч засч чадах эсэхээс ирээдүй хамаарах болоод байна.
 
Монголчууд бид социализмаас капитализмд шилжих шилжилтийг улс төр, эдийн засгийн салбарт нэгэн зэрэг нэг цохилтоор хэрэгжүүлж байгаа, цус урсгалгүйгээр хувьсгал хийсэн, ардчиллаар Азид бараг үлгэрлэж байгаа гэж ярих дуртай.  Одоо бид шилжилтийг хийхдээ ямар алдаа гаргасан, түүний үр дагавар юу  байгааг  бодох дүгнэх хэрэгтэй.  Миний бодлоор бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үүрэг хариуцлагатай хослуулж байх ёстойг, улсын засаг төр нь тогтвортой ажиллаж улс нийгмээ ухаалаг бодлогоор удирдан чиглүүлж  байх үүргээ хэрэгжүүлэх ёстойг  бодолцохгүйгээр шилжилтийг хийсэн.  Энэ алдааг ухамсарлаж сөрөг үр дагаврыг арилгах нь чухал.
 
Барууны гэх улсуудын зүгээс явуулдаг ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх гэх сайхан нэртэй үзэл суртал өнгөрсөн зууны сүүлчээр эрч авч хүмүүсийн ухамсарт хүчтэй нөлөөлж чадсан.  Энэ үзэл суртлын нэг гол зорилго нь сахилга, дэг журмыг сулруулах, хувийн ашиг сонирхолоо эрхэмлэх үйлдлийг дэвэргэж нийтийн ашиг сонирхолыг хохироох, зах зээлийн эдийн засаг бүхнийг зохицуулна гэж төрийн бодлого зохицуулалтыг үгүй болгох, хэвлэлийн эрх чөлөөг туйлшруулж ард иргэдийн соёлт харилцаа, харилцан хүндэтгэл, эв нэгдэлийг үгүй болгох, сонгуулийн боловсронгуй систем гэж засаг төрийн удирдлагыг сайн муу ажилласнаас хамааралгүйгээр 4 жил тутам заавал өөрчлөгддөг журмыг тогтоох зэрэг аргаар зүүний буюу социалист гэж байсан улс орны төр засаг, нийгэм эдийн засгийг тогтворгүйжүүлэхэд оршиж байсан.
 
 
Хүйтэн дайны үед маш хүчтэй явуулсан, явуулсаар байгаа өөрчлөлт шинэчлэлийн гэх дээрх сурталчилгаанд социалист системийн гэж байсан улс орнууд автсан.  Барууны гэх улсуудаас гаралтай энэхүү сурталчилгааны гол зорилт: социалист улсууд, ялангуяа тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсыг дотроос нь задлах, хүчгүй болгох, хөгжлийг нь сааруулах зорилго нь биелсэн.  Манай хөрш улсууд болон бид нар энэ үзэл суртлын нөлөөнд хэрхэн автсан нь сонин.  БНХАУ улс төрийнхөө тогтолцоог үндсэнд нь хадгалж, зах зээлийн эдийн засагт зохион байгуулалт, зохицуулалттай шилжсэн.  Үүний ачаар 1,3 тэрбум хүнтэй энэ том гүрэн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засаг нийгмийн хөгжлөөр гайхамшигт амжилтад хүрч байгаа.  ЗХУ задарч, Оросын Холбооны Улс хүч мөхөсдөж эхэлсэн боловч дээрх үзэл суртлын хор холбогдлыг даруй ухаарч улс төрийн тогтвортой байдлыг бий болгон эдийн засгийн хөгжлийн асуудлаа амжилттай шийдэж байна.  Урд хөршид төрийн удирдлага нь 10 жилээр сонгогдоод тогтвортой ажиллаж байхад, Хойд хөршид 7 жилийн хугацаатай, дахин 7 жилээр сонгогддог Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгож улс төр нь тогтвортой, эдийн засгаа бэхжүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна.
 
 
Харин манай улс дээрх үзэл сурталд автагдсан хэвээр, түүний хор холбогдлыг ухаарч ухаалаг бодлоготой, ард олондоо итгэгдсэн тогтвортой ажилладаг төр засагтай болж чадахгүй, сахилга хариуцлага дэг журамгүй байдал газар авсаар, хөгжил дэвшлийн боломж алдагдаж байна.  Төр, засаг нь 10-14 жилд өөрчлөгдөхгүй тогтвортой ажиллаж, алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөгөөр эдийн засаг нийгмийн хөгжлийн асуудлаа шийдэж байгаа хоёр их хөрш улстай Монгол улс бүх талаар хамтарч, хамтдаа хөгжиж байх чухал нөхцөл бол бид нар улсынхаа төрийн тогтолцоог боловсронгуй болгож төр засгийн удирдлагууд, төрийн бүх шатны албан хаагчдыг ажлын үр дүнг харгалзахгүйгээр дөрвөн жил дутам заавал өөрчилдгийг болих, улс нийгмийн тогтвортой хөгжлийн цэгцтэй бодлого төлөвлөгөөтэй, бүх шатанд сахилга дэг журамтай болох асуудлыг шийдэх явдал юм
 
 
Ямар асуудлыг яаж шийдэх вэ?
 
 
Монгол Улсын төрийн тогтолцоог боловсронгуй болгож Үндсэн хуулийн суурь заалтын дагуу засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгах, төр засгийн эрх баригчдад хүлээлгэх үүрэг хариуцлагыг өндөрт гаргах, бүх шатанд сахилга дэг журмыг эрхэмлэдэг болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай зэрэг хуульд нэн тэргүүнд дараах өөрчлөлт оруулах шаардлагатай болсон.  Тухайлбал:
 
-       Парламентыг хоёр танхимтай, тухайлбал сум дүүрэг нэг бүрээс ард иргэд нь шалгаруулж шууд сонгосон 400 орчим гишүүнтэй Ардын Их Хурал гэх дээд танхим, Ардын Их Хурлаас сонгон томилсон 30-40 гишүүнтэй Улсын Бага Хурал гэх доод танхимтай болгох.
 
-       Монгол улсын Ерөнхийлөгчид Засгийн газрыг толгойлон ажиллах үүргийг хүлээлгэж, хууль хэрэгжүүлэх, төр засгийн бүх шатны байгууллагад мэрэгшсэн хүмүүсийг тогтвортой ажиллуулах, ажиллагсадын ажлын хариуцлагыг өндөрт байлгах, сахилга дэг журмыг бэхжүүлэх асуудлыг хариуцуулж эдгээр үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай зохих эрх мэдлийг өгөх.
 
-       Улсын эдийн засаг, нийгмийг алс хэтийг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлдэг болох.  Үүний тулд хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулах, түүнийг боловсронгуй болгож  хэрэгжүүлэлтийг зохион байгуулах, явц үр дүнд дүгнэлт гаргаж байх асуудлыг хариуцсан нэгж буюу Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яамыг Засгийн газрын бүтцэд бий болгон тогтвортой ажиллуулах асуудлыг шийдэх.
 
-       Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөн Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх цэгцтэй  бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх үндэслэл тооцоотой төлөвлөгөөтэй, чадварлаг боловсон хүчний нөөцтэй, Авилга ашиглалаас хол байж чаддаг ёс суртахуунтай удирдагчид бүхий улс төрийн намыг засаг төрийн сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрдөг болох.
 
-      Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төр засгийн эрх барих албанд сонгож болох хүнээр нэр                                    дэвшүүлэх эрхийг улс төрийн намаас бусад олон нийтийн байгууллага болон иргэдэд олгох.  
 
Эдгээр асуудал Монгол улсын одоогийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлт нэмэлтийн гол асуудал байх нь зүйтэй юм.
 
 
Үндсэн хуульд дээрх өөрчлөлт оруулахын гол ач холбогдол:
 
 
-Сум дүүрэг бүрээс сонгогдсон 400 орчим гишүүдээс бүрдсэн Ардын Их Хуралтай байвал Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд ойр байх болно.  Амьдралд илүү нийцсэн хууль журам тогтоодог, тэр нь хэрэгждэг болно.  Төрөө хүндэтгэн дээдлэж, итгэл үзүүлж, дэмжиж ажилладаг ард иргэдийн зан заншил сэргэн уламжлагдахад тус болно.
 
Хууль журам боловсруулах үүрэгтэй Улсын Бага Хурал нь ард түмний төлөөлөл болох Ардын Их Хурлын хараа хяналтад ажиллан хариуцлага нь дээшлэнэ. 
 
Парламентыг хоёр танхимтай болгох, Ерөнхийлөгчид Засгийн газрыг толгойлох үүрэгтэй болгон эрх мэдлийг нь нэмэгдүүлж сахилга дэг журамыг сэргээх ажлыг хариуцуулах нь ардчилал, хүний эрх эрх чөлөө гэсэн уриан дор улс нийгмийг тогторгүйжүүлэн доройтуулж байгаа аюулаас ангижруулах ач холбогдолтой.
 
Нам төвтэй биш төр төвтэй засаглал бий болж эдийн засаг нийгмийг ухаалаг бодлогоор хөгжүүлэх чадвар сонирхолгүй, албан тушаал, эрх мэдэлтэй болж ашиглах завших сонирхолтой этгээдүүд Улс төрийн намын хаягаар Төр засгийн удирдлагад нэвтэрч улс нийгэмд хохирол учруулахаас сэргийлэх болно.
 
 
Ардын Их Хурлын сонгуулийг 4 жил тутам явуулж, УИХ, Засгийн газрын бүрэлдүүн, цаашлаад бүх шатны төр засгийн байгууллагын албан хаагчдыг ажлын нь үр дүнг үл харгалзан намын харьяаллын шалтгаанаар халж сольдог болсон гажуудлыг засах ёстой.  Үүнтэй холбогдуулан сонгуулийн хугацааг уртасгах, эсвэл Ардын Их Хурлын болон Иргэдийн хурлын гишүүдийн тодорхой хэсэгт 20-30 хувьд ажлын нь бүтээлийг харгалзан тодорхой хугацаанд 2 жил тутам өөрчлөлт оруулах сонгууль явуулдаг, ажлын хариуцлага, ёс суртахууны зөрчил гаргасан гишүүнийг татдаг журамтай болчихвол төр, засаг тогтвортой, хариуцлагатай байхад тус болно. Энэ бол Сонгуулийн тухай хуульд оруулах зарчмын ач холбогдолтой өөрчлөлт.
 
Парламентыг хоёр танхимтай болгох миний дээрх саналыг зарчимын хувьд дэмждэг зарим нөхөд энэ асуудлыг шийдэх арай өөр хувилбарыг санал болгож байгаа.  Тухайлбал: Аймаг бүрээс дөрөв орчим, нийслэлээс хорь орчим хүний нэр дэвшүүлж, нэр дэвшигдсэн хүн нэг бүрээр Монголын бүх сонгогчдын саналыг авч хамгийн олон санал авч шууд сонгогдсон 40- 50 гишүүнтэй Дээд танхимтай болох.  Мөн можаритар буюу хүн нэг бүрээр тойргуудын сонгогчдоос шууд сонгосон мөн 40-60 гишүүнтэй Доод танхимтай болох.  Парламентийн Дээд Доод танхимыг Их Хурал, Бага Хурал гэж нэрлэж болох.
 
Дээд Доод танхимын үүрэг хариуцлагын хуваарийг тодорхойлохдоо Дээд танхим нь Доод танхимын гаргаж байгаа хууль, Засгийн газрын үйл ажил улс нийгмийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхэд хяналт ажилд хяналт тавьдаг, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Арбитражийн Шүүхийн шүүгчид болон Ерөнхий Прокурорыг томилдог, мөн хилийн асуудал, дайны ба онцгой байдал зарлах шийдвэр гаргах, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлох зэрэг үндсэн үүрэгтэй байхаар, Доод танхим нь хууль боловсруулж батлах үндсэн үүрэгтэй байхаар шийдвэл зөв байж болох. Энэ асуудлыг хуульчид нарийвчлан боловсруулах ёстой.
 
Дээд танхимын гишүүдийг хүн нэг  бүрээр бүх сонгогчдын саналаар сонгодог болох, Хууль боловсруулж гаргадаг субьект буюу Доод танхимын  ажилд хяналт бий болгох, засаглал эрх мэдлийн хуваарийг тэнцвэржүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад нөлөөлөх ач холбогдолтой учраас би парламентыг хоёр танхимтай болгох ийм хувилбар саналыг зөвшөөрч болох хувилбар гэж үздэг.
 
Аль хувилбар нь илүү зохистойг сонгож шийдэх, эерэг сөрөг талуудыг сайн судлах үндсэн дээр Монгол улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иж бүрнээр нарийн боловсруулаад иргэдэд танилцуулж санал авах үндсэн дээр энэ асуудлыг шийдэх нь зөв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрыг толгойлж ажиллах үүрэг хүлээлгэхийг зарим нөхөд зөвшөөрдөггүй, Ерөнхийлөгчийн засаглал бий болох аюултай гэж үздэг. Миний бодлоор гүйцэтгэх засаглалын үүрэг  хариуцлага өндөржих ач холбогдолтой, төрийн эрх барих парламентийн дээд танхимын зүгээс тавих хяналтын сайн арга механизмыг бий болгосон байвал, тухайлбал Ерөнхийлөгч албан үүргийн болон ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд түүнд Дээд танхим хариуцлагын арга хэмжээ авч байх эрхтэй, тэр эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учирдаггүй байх асуудлыг шийдсэн байвал Ерөнхийлөгч гэх дарангуйлагч гарч ирэхгүй гэж боддог.
 
 Бид нар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараа Төрийн гурван өндөрлөг гэж нэрлэдэг. Гэтэл Монгол Улсын төлөө чухам хэн нь гол хариуцлага хүлээх ёстойг мэддэггүй. Учир нь энэ гурван өндөр албан тушаалтан нарт ямарч асуудлаар бие бие рүүгээ түлхэж хариуцлага хүлээхээс мултарч гарах бололцоо байдаг. Улс даяар хариуцлага сул болж байгаа ч үүнээс улбаатай байж магад. Үндсэн хууль болон бусад хуулийг Монгол улс даяар  хэрэгжүүлж байх үүргийг Гүйцэтгэх засаглалыг толгойлж байх Монгол улсын Ерөнхийлөгч хариуцдаг байвал, тэр хүн өндөр хариуцлагаа бүрэн ухамсарлаж ажиллана, ард иргэд ухамсартай хариуцлагатай удирдагчтай байх болно. Харин Ерөнхийлөгчид нэг онцгой эрх өгөх, тухайлбал ард иргэд улс орны эрх ашигт нийцэхгүй хууль журам гарсан тохиолдолд Парламентын доод танхимд тухайн асуудлаар эсэргүүцэл илэрхийлж Дээд танхимаар шийд гаргуулан засуулдаг байх эрх олгох хэрэгтэй.   Хуульчдын нарийвчилж боловсруулах асуудал.
 
Цаг хугацааны асуудал?
 
Саяхан төрийн бус зарим байгууллагын санаачилгаар төрийн тогтолцоог боловсронгуй болгох, хоёр танхимтай парламенттай болох асуудлаар санал солилцох уулзалт болсон.  Нам төвтэй засаглал бий болж, улс нийгмээ ухаалаг бодлогоор авч явах чадваргүй хүмүүсийн эрх мэдлийн төлөөх утга учиргүй сөргөлдөөн бий болсны хор уршгийг цаг алдахгүй арилгахыг иргэд хүсч байгааг ярьж байсан.  Үүнтэй холбогдуулж уулзалтад оролцсон зарим нөхдөөс Монгол Улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг маш яаралтай буюу 2017 оны эхний хагаст багтааж  санаачлах, болвол шийдвэрлэх санал гарч байсан.
 
Би тэр уулзалтад оролцож төрийн тогтолцоог боловсронгуй болгох талаар олон жил ярьж байгаа саналаа танилцуулсан.  Тэгэхдээ Монгол улсын Үндсэн хуульд энэ асуудлаар өөрчлөлт оруулах асуудлыг нарийн боловсруулах,  өөрчлөлтөөс гарах эерэг сөрөг үр дагавар, сөрөгийг зохицуулах арга замыг  судалж   шийдэх хэрэгтэйг, зөвхөн хоёр танхимтай парламент байна гэж ерөнхий санал авснаар асуудал шийдэгдэхгүй, Үндсэн хуульд оруулах өөрчлөлт нэг бүрээр, үг үгүүлбэр нэг бүрийг бодож боловсруулах ёстойг, Үндсэн хуулиас бусад Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай зэрэг холбогдох хууль журмуудад оруулах өөрчлөлтийг иж бүрнээр боловсруулах шаардлагатайг хэлж , хуульчдаас бүрдсэн ажлын хэсэг томилж төсөл боловсруулах санал тавьсан.
 
Энэ 2016 оны 6 дугаар сард болсон сонгуулийн үр дүнд бий болсон Улсын Их Хурал, Шинэ Засгийн газар Монгол улсын эдийн засгийн ноцтой хүндрэлийг давах, байдлыг тогтворжуулах арга замыг хайж байна.  Ард иргэд ч хүндрэлийг ойлгож, зарим иргэдийн зүгээс хөрөнгө хүчний дэм үзүүлэх санаачлага гаргаж эхэллээ.  Ойрын 2-3 жилд Улс нийгэм тогтвортой тайван байж одоогийн УИХ, Засгийн газарт Эдийн засгийн хүндрэлээс гарах зорилгоор боловсруулж хэрэгжүүлэх ажлаа үр дүнтэй болгоход нь бололцоо гаргаж өгөх нь чухал.  Өөрөөр хэлбэл, ойрын хоёр гурван жилдээ эдийн засгийн хүндрэлээс гарах ажилд хамаг анхаарлаа хандуулах онц шаардлагатай байхад энэ хугацаанд бүрэн боловсруулаагүй төслөөр Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ажлыг яарч хийж болмооргүй.
 
Харин Улсын Их Хурлаас Төрийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд оруулах өөрчлөлтөөр төсөл боловсруулах тусгай ажлын хэсэг байгуулж ажиллуулах, боловсруулсан төслийг хянах, ард иргэдийн санал авч төгөлдөржүүлэх, тэр үндсэн дээр 2020 оны эхний хагаст багтаан УИХ-аас холбогдох хуулийг баталж хэрэгжүүлэхээр ажлыг зохион байгуулах нь зүйтэй юм.         Хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийн нөхдийн онц анхаарахгүй байж болохгүй асуудал бол хувь хүний эрх чөлөө ба нийгмийн нэгдмэл байдлын уялдаа. Хувь хүний эрх чөлөөг бүх үнэт зүйлийн дээр залж дээдэлснээс хүмүүсийн хамгийн цадиггүй,номхотгож байгууштай бузар хүслүүд задарч хүн ба адгуус хоёрыг заагладаг зааг алга болдог, улмаар анархизм, задрал, самуурал эзэгнэж хүн төрөлхтөнд сөнөх аюул нүүрлэдэг аюултайг манай зарим эрдэмтэд анхааруулж  байгааг анхаарч,  уламжлалт соёл, үндэсний үзэл, эх оронч сэтгэл,эх нутагтаа эзний ёсоор амьдардаг, арчаатай хөдөлмөрч ард түмэн байж, ёс зүйгээр ариусч төлөвших ёстой гэж зөвлөж байгааг  зохих хуульд тусгах, түүнд  иргэдээ уриалах нь зүйтэй болов уу. Улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр явуулдаг хэлэлцүүлгүүдийг  харахад хүн бүр дураар ярьдаг, бусдыгаа   сонсдоггүй,үзэл бодлоо бүдүүлгээр тулгадаг, эцсийн бүлэгт хэлэлцүүлгээс нэгдсэн ойлголтод хүрсэн буюу ухаарал авсан  үр дүн  гардаггүй, тийм учраас ухаалаг хүмүүс хэлэлцүүлэгт оролцохооос цэрвэдэг, ухаалаг бус нь  очиж үймүүлцгээж байдаг нь хэвшил  болсон явдал нийгмийг нураах аюултай, тийм аюул нүүрлээд байгааг  анхаарахгүй байх аргагүй.
 
УИХ төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулахдаа түүнийг шилдэг хуульчид ,эдийн засагчид, ахмад туршлагатай нөхөд, ухаалаг түшээд ажилладаг төр засгийн тогтолцоог бий болгож тогтвортой ажиллуулах, хууль дээдлэх, сахилга дэг журамтай байхыг чин сэтгэлээс эрмэлздэг хүмүүсээс бүрдүүлэх нь чухал.  Шинэ  Үндсэн хуулийн эхийг барьж байсан Б.Чимид гуай шиг сайн хуульчид түүний шавь нараас олдоно.  Үндсэн хуулийн үг, үгүүлбэр болгон хууль болж улс нийгмийн амьдралын одоо ирээдүй, хувь заяанд шууд нөлөөлж байдаг учраас түүнд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах нарийн чимхлүүр ажилд маш хариуцлагатай хандах хэрэгтэйг дахин хэлье.
 
 
 
Ерөнхий сайд асан  Алтан Чой овогт  Думаагийн Содном                                   2016 -11 – 17.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)