Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Топ модель Х. Уянга: Загвар өмсөх дуртай бол зоригтой, тэвчээртэй байгаарай

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадмын өнгөрсөн жилийн “Топ модель”-оор шалгарч байсан Х.Уянгатай ярилцлаа.

 -Та Топ моделиор шалгарсан үедээ “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байсан. Ярилцлагадаа “Топ модель болоход асар их хариуцлага ирдэг юм байна. Мөн хариуцлагаас илүүтэй амжилтад хүрэх боломж гэж харж байна” гэж ярьсан байна лээ. Ямар боломжийг Танд бий болгосон бэ?

-Топ модель болоод яг нэг жил болж байна. Загварын талаасаа,  хувь хүн талаасаа ч тэр мөн амьдрал маань гээд бүх зүйл өөрчлөгдсөн. Ажил хөөцөлдөж явж байхад хүртэл хүмүүсийн хандах хандлага, харах өнцөг ч өөрчлөгдсөн.

-Та анх 13 насандаа “Гоёл” наадамд оролцож эхэлсэн. Энэ наадмын тайзнаа алхаж байсан үеэ эргэн дурсвал?

-Анх 172 см өндөртэй охин тайзан дээр алхаж байлаа. Намхан гээд хасагдахын даваан дээр орж байсан. Тухайн үедээ нэг л хувцас өмсөж оролцож байлаа. Одоогийн шинэ загвар өмсөгч охид “Гоёл” наадамд ганцхан л хувцас өмсөж байгаа гээд чамлаад байдаг. Яг ийм үе надад ч тохиолдож байсан. Өөрийн цаг үе гэж ирдэг. Тэр цаг үе иртэл хүлээх, тэвчих тэвчээргүй болчихсон юм шиг санагддаг. Амжилттай яваа бүх топ моделиудад ийм үе байсан.

-Та 2005 оноос Монголын дизайнеруудын холбоонд харьяалагддаг болсон гэж сонссон. Ер нь агентлагт харьяалагдахаас ялгаатай хэрэг үү?

-Би анх “Шилмэл загвар” агентлагт орж байсан. 2010 он хүртэл “Шилмэл загвар” агентлагт харьяалагдаж байгаад Монголын дизайнеруудын холбоонд нэгдсэн. Монголын дизайнеруудын холбоонд харьяалагдах нь ямар ч ялгаа байхгүй. Яг л адилхан.

-“Гоёл” наадамд 2000 оноос эхлэн тасралтгүй оролцсон туршлагатай загвар өмсөгчдийн нэг. Загварынхны энэ том наадам зохиогдох бүртээ онцлогтой байсан байх. Энэ жилийн “Гоёл” наадам ямар онцлогтой болох вэ?

-Жил бүр “Гоёл” наадам өөр өөр онцлогтой зохион байгууллагддаг. Маш өргөн цар хүрээтэй, илүү олон оролцогчтой зохион байгууллагддаг. Анх оролцож байхдаа юу болоод байгааг мэдэхгүй, дизайнеруудаа ч танихгүй бас топ моделиудаа ч танихгүй. Зөвхөн өөрийн шүтэж явдаг топ моделиудаа мэддэг байсан. Энэ жилийн “Гоёл” наадамд чадварлаг үсчид, make up-чид, дизайнерууд оролцож байгаа. Салбартаа нэр хүндтэй үсчид, make up-чид болон дизайнерууд өрсөлдөх гэж байгаа гэдгээрээ онцлогтой.

-Та “Гоёл” 2012 наадмын шилдэг загвар өмсөгч эмэгтэй болж байсан. Нэлээн ч удаж байж шагнал авч байлаа. Тэр үеэ эргээд нэг дурсвал?

-Шилдэг загвар өмсөгч эмэгтэйгээр шалгарчихаад маш их уйлж байлаа. Тэр үед өмөлзөөд уйлж байгаад шагналаа авч байгаа зураг бий. Тухайн үеийн мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Миний 10 орчим жил тэвчээртэй явсны үр дүн гэж боддог.

-Загвар өмсөгч болоно гэхэд ээж тань дургүй байсан гэж дуулсан. Таныг “Гоёл” 2012 наадамд шилдэг загвар өмсөгч эмэгтэй болоход мөн “Гоёл” 2016 наадмын топ моделиор шалгарахад яаж хүлээж авч байв?

-Ээж маань хоёр сард бурхан болсон. Намайг топ модель болоход ээжийн маань бие муу байсан. “Гоёл” наадмын тайзнаа нэрээ дуудуулж байхад ээжийнхээ сууж байсан хэсэг рүү харахад босоод алгаа ташиж байв. Ээжийгээ тэгж баярлаж байхыг харах гоё санагдаж байсан. Эргээд бодоход хэзээ ч мартагдахаагүй дурсамж.

-“Гоёл” наадамд жил бүр залуу загвар өмсөгчид оролцдог шүү дээ. Энэ жил оролцож байгаа залуу загвар өмсөгчдөд хандаж юу хэлэх вэ?

-Одоогийн охид их гоё болсон л доо. Загвар өмсөх дуртай бол зоригтой байгаарай. Мөн  тэвчээртэй байгаарай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)