Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Сайд нар зөрчилдөж, танхимын зарчим алдагдав уу

Эдийн засаг хүндэрч, хүмүүсийн амьдрал ахуй сайнгүй байгаа энэ цаг үед билэггүй зүйл яримааргүй л байна. Гэхдээ нүдэн дээр өрнөж байгаа үйл явдлыг нүдээ аниад өнгөрөөх боломж байхгүй. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар энэ сарын эхээр дөнгөж 100 хоногоо тэмдэглэж, Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайн зүйрлэж хэлснээр зулай нь битүүрсэн. Гэтэл зулай нь дөнгөж битүүрч байгаа засгаас зарим сайдыг огцруулах тухай яриа Төрийн ордон хавиар аль хэдийнэ тарчихлаа. УИХ-д 65 суудалтай олонхийн бүлгийн Ж.Энхбаяр гишүүн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохыг удаа дараа сануулж байсан бол өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ ил тод зарлалаа. Цөөнхийн бүлэг ийм асуудал дээр гараа хумхиад суухгүй, улс төрийн ассан галыг улам өрдөх нь ойлгомжтой. Монголын улс төр ингэж л өрнөдөг.

 

Өнгөрсөн долоо хоногт Ж.Энхбаяр гишүүний мэдэгдлээс хэд дахин хүчтэй нэгэн мэссэж олон нийтэд түгэв. Шадар сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын хурал дээр Эрүүл мэндийн сайд Цогцэцэгийг зад шүүмжлэв. Зовлон тоочих гэж биш асуудал шийдэх гэж сайд, дарга болцгоодог. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа 7 сумын дунд ганц машин шийдээд өгчих эрх мэдэл, хүсэлгүй бол сайд хийгээд ч яадаг юм гэж Шадар сайд ширүүлэв. Хажуугаас нь Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ овоо сайн шургаж, А. Цогцэцэг сайдыг буланд шахаж харагдана лээ. Төрийн ажилд ийм ажил хэрэгч, шударга зарчим үгүйлэгдэх болсон. Зарчим талаасаа бол Шадар сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг, тавьсан шаардлага түмэнтээ зөв. Иргэдийн төлөө ажил хийхгүй юм бол сайдын ямба эдлэх шаардлагагүй. Гэхдээ Хэнтийгээс гаралтай хоёр сайд нийлж байгаад танхимынхаа нөгөө сайдыг камерийн өмнө шүүмжилсэн нь тавилттай улс төр гэж цөөнгүй хүнд ойлгогдсон. Улс төрд,гүйцэтгэх засаглалд танхимын зарчим гэсэн ойлголт байдаг. Засгийн газрын гишүүд танхим дотроо санал зөрөлдөж, тэр ч бүү хэл маргалдаж болох ч танхимаас гараад нэг “ам”-аар ярьдаг. Камерийн өмнө бие бие рүүгээ дайрч байгаа сайд нарыг лав л танхимын зарчмаа барьж байна гэж дүгнэх боломжгүй.

 

Дөрвөн сайдыг огцруулж магадгүй гэсэн “бор шувуу” нисэж байхтай зэрэгцэн сайд нар ил далд зөрчилдөж эхэлсэн нь засаг ганхаж эхлэв үү гэж асуухад хүргэж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатыг засгаас зайлуулж магадгүй гээд л цуурч эхэллээ. Түүнд оролцохгүй асуудал үгүй болж, хэт ганцаарчилсан тоглолт хийж байгаа нь намынх нь нөхдөд таалагдахаа больсон гэлцэж байна. Энэ яриаг албан тушаалын бялуу хуваарилалтаас сэтгэл дундуур хоцорсон зарим хүн зориуд тарааж байхыг ч үгүйсгэхгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд төрийн захиргааны эрх мэдлийг атгаж байгаа боловч намдаа улс төрийн эрх мэдэл бараг үгүй. Тийм болохоор даргын шахаа, фракцын квотоор орж ирсэн зарим сайд нь хяналтаас гарч, дур зоргоороо авирлах байдал гаргаж байхыг үгүйсгэх газаргүй.

 

УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ыг өнөөдөр яг хэн удирдаж байна вэ. М.Энхболд намын даргын сонгуульт албан тушаалтай, бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа боловч яг бодит амьдрал дээр тийм биш бололтой. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг арай гэж томилов. Энэ томилгоог хийх гэж МАН-ынхан гурван долоо хоног оросуудыг хүлээлгэж, өөр хоорондоо толхилцлоо. Нам дотроо М.Энхболдыгоо сонсохоо байчихсан учраас “Эрдэнэт”-ийн захирлын томилгоо ийн сунжирсан гэлцэх. МАН бол дотоод зодооноо сайн нуудаг, сахилга бат сайтай гэдгээрээ имиж хийхийг зорьдог. Тэр ч утгаараа дарга нарынхаа үгийг дагамтгай, алив асуудлыг шийдэхдээ удаж хойргоших нь харьцангуй гайгүй улс төрийн хүчин. Гэтэл сая “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг гурван долоо хоног “нухаж” байж арайхийн тодруулж байгаа нь удирдлагын төвшинд хямралтай байгаагийн илрэл болов уу. 

Эх сурвалж: niislel.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (8)
Зочин [202.9.43.207] 2016/12/01
MAN ii zasag ogtsor
Зочин [122.201.21.210] 2016/11/28
МАН сайндаа ялаагүй. Ардчилсан нам алдаа гаргасанд л МАН азаар ялсан түүнээс энэ бол ялалт биш
Зочин [103.11.192.34] 2016/11/28
Ж.МӨНХБАТ БОЛ АМ АЖИЛ НЬ ЗӨРСӨН ХУДАЛ ЯРЬДАГ, МӨНГӨНИЙ ИХ ШУНАЛТАЙ ХОЛ ЯВАХГҮЙ УЛС ТӨРЧ. ЧИНИЙ САЙНД МАН ЯЛААГҮЙ ЭНЭ БОЛ ХАМТ ОЛНЫ ЯЛАЛТ.
Зочин [122.201.21.210] 2016/11/28
Хамт олны ч ялалт биш
Зочин [202.55.183.178] 2016/11/28
Hurdan ogtsroosoi
Зочин [27.123.214.103] 2016/11/28
ОГЦОРЧ МОНГОЛ ТӨРИЙГ МИНЬ ҮЛДЭЭ ТА НАР
Nambariin Enhbayar [202.55.183.178] 2016/11/28
Ene erdenebatiin zasag hurdan ogtsroh heregtei bi helsen shuudee hugiin avilgachid
Зочин [27.123.214.103] 2016/11/28
Та нарын сонголт хохь чинээ