Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Л.Гүндалай: Дандаа цонхны цаанаас чихэр долоолгодгоо болих хэрэгтэй

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайтай ярилцлаа.
-Та “Далай ээж” амралтын газраа ажиллуулж байна уу, эндээ амарч байна уу?
-Зургадугаар сарын 27-нд Хөвсгөл далайн эрэг дээрх “Далай ээж” амралтын газраа ирсэн. Амраад сар болох гэж байна.
-Улсын дээд шүүх “Ард түмнээ хайрлая” намыг бүртгэхээс анх татгалзсан. Дараа нь бүртгэхээр болсон. Орон нутгийнхантай уулзалт хийж байна уу?
-Зургадугаар сарын 26-нд Улсын дээд шүүхэд бүртгэх шийдвэр гарсан. Тэрнээс хойш ямар нэгэн уулзалт хийсэнгүй. Манай “Далай ээж” амралтын газар надтай уулзах гээд Эрдэнэтээс 300 гаруй хүн ирчихээд байна. Уулзалтыг ер нь “Далай ээж” дээрээ хийж байгаа.
-Энэ жил Хөвсгөл далайг зорьж гадаад, дотоодын жуулчин, амрагчид их ирлээ. Танай жуулчны бааз хөл хөдөлгөөн ихтэй байв уу?
-Манайх энэ жил жуулчин аваагүй. Найз, нөхөд хамаатан садан, дээрээс нь Эрдэнэтийн хүмүүс л ирж байна даа.
-Хэдий хүртэл жуулчны бааз дээрээ амрах вэ. Ойрын төлөвлөгөө ер нь юу байна?
-Наймдугаар сарын 15 хүртэл жуулчны бааз дээрээ байна. Эрдэнэтийнхнийг хүлээж авч байгаа. Дараа нь хот ороод есдүгээр сарын эхээр буюу хичээл, сургууль, ажил жигдрэхээр намынхаа үйл ажиллагааг эхэлнэ дээ. Одоо хүмүүс найр наадам, аялал зугаалга гээд их явцгааж байна.
-Таныг Хан-Уул дүүргээсээ шилжээд Эрдэнэтэд очсон гэдэг. Тэндээ суурьших уу. Танай гэрийнхэн бас хамт шилжсэн үү?
-Эрдэнэтэд ажлын журмаар л очиж байгаа. Тэнд суурьшаад, хүүхдүүдээ Эрдэнэтэд сургана гэсэн үг биш л дээ. Эрдэнэтийн оршин суугч болоод тэнд байнга амьдраад байна гэж хэлээгүй. Ямар ч байсан намынхаа ажлыг хийх шаардлагатай, байнгын хаягтай байя гэж бодож очсон.
-Улс төр нэлээн бужигнаантай байна. Ирэх сарын 3-нд ээлжит бус чуулган хуралдаж хэд, хэдэн хуулийн төслөөс гадна МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах асуудлыг ярих бололтой?
-МАН засгаас гарах нь зөв, буруу гэж хэлэхэд бас хэцүү л дээ. Ер нь МАН-ыг гуйж байгаад оруулсан. Зургаан сар ч болохгүй гаргана гэдэг байж болохгүй л дээ.
-Нэгэнт АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэрээ гаргачихсан. Хүссэн ч, хүсээгүй ч явуулах юм биш үү?
-Одоо Засгаас гарах гэж байгаа сайд нар ажил хийхгүй л суугаа даа. Одоо бид хөөгдөх юм чинь гээд. Дараа нь томилогдсон сайд нар ч гэсэн хэдхэн сар болоод сонгууль болоод явах юм чинь гээд олигтой ажил хийх ч үгүй байх даа. Төр засгаар тоглож байна.
-Сонгуулийн тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэх байх. Аль системээр явуулах вэ гэдэг намуудын дунд маргаан үүсгэсэн. Шинэ нам байгуулж байгаа таны хувьд энэ хуулийг хэрхэн харж байна вэ?
-Сонгуулийн хуулийг сайжрууллаа гэж дөрвөн жилийн өмнө гаргасан. Одоо орвонгоор нь өөрчилнө, 76 тойрогтой болно гээд яриад байгаа нь утгагүй. Сонгууль гэдэг зүйл чинь дэлхий даяар ямар системтэй, яаж явах вэ гэдэг нь судлагдчихсан асуудал. Улс төрийн хүчин болгон өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэх гээд яваад байна. Сонгууль болгоноор өөрчилдөг сонгуулийн хууль гэж байж болохгүй. Тэгээд ч энэ хуулиа өөрчилж явж чадахгүй байх. Өнгөрсөн сонгууль явуулсан системээр л дараагийн сонгууль болох болов уу.
-Холимог системээр сонгууль явах ёстой гэж үзэж байна уу. Аль хувилбарыг нь дэмжиж байгаа вэ?
-Ер нь зуун хувь мажоритар байснаа яваандаа холимог тогтолцоо руу шилжиж байгаа. Миний мэдэхийн ийм чиглэлээр явна гэж 2000 оноос хойш ярьсан. Энэ чиглэл рүүгээ явж байснаа одоо болохоор ухрах гээд ч байгаа юм шиг. Намаас сонгогддог хүмүүс муу байдаг, чанаргүй гэх яриа гардаг. Оймсонд хавчуулагдсан ч гэх шиг. Пропорциональ системийн алдаа дутагдал гэж яриад байгаа. Гэхдээ явж, явж эцсийн дүндээ аливаа нэг нам, улс төрийн хүчин хариуцлага хүлээх учраас пропорциональ дээр л дээ. Мажоритар тогтолцоо нь олигархи, тэдний хүүхдүүд, мөнгөтэй хүн сонгогддог болоод хувирч байна. Баахан мөнгөөр цохиж гарч ирчихээд, дараа нь ард түмний амьдралыг хаячих юм байна ш дээ. Муу ч гэсэн намын харьяаллаар явах юм бол мөнгөөр зодож гарч ирэх асуудал тодорхой хэмжээгээр хумигдаж байгаа юм.
-Үндсэн хуулиа өөрчилнө гээд Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа?
-Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө гээд олон зүйл заачихсан байдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засаг доголдолтой болоод ирэхээр буруутан хайгаад эхэлдэг. Өөрсдийнх нь буруу биш Үндсэн хуулиас буруу хайгаад эхэлж байгаа байхгүй юу. Өөрсдөө улс орныг дампууруулчихаад, ард олны амьдрал, эдийн засаг хүндрээд ирэхээр Үндсэн хуулиас болоод байгаа юм шиг юм яриад байгаа юм. Энэ бол буруу.
-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна уу?
-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй. Нийгэм эдийн засгийн буруу бодлого явуулаад байгаа учраас буруу яваад байгаа юм. Үндсэн хууль муудаа биш л дээ. Төрийн бодлогын дампуурлаас болж л Үндсэн хууль доройтоод байгаа юм. Тиймээс Үндсэн хуульд гар хүрч засварлах шаардлага байхгүй. Дандаа цонхны цаанаас чихэр долоолгодгоо болих хэрэгтэй. Ард түмэн ажилтай, орлоготой сайхан амьдрахыг л хүсдэг. Түүнээс биш гоё Үндсэн хуультай болгоод өгөөч, гоё сонгуультай болгоод өгөөч гэж хэн ч хүсэхгүй байгаа.
 
 
Ж.ГАНАА
Эх сурвалж: www.medee.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)