Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“Амбалайтай үдэш”

МУСГЗ, сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаа 85 насны ой, Хөдөлмөр эрхэлсний 70 жилийн ойгоо сэтгэлд ойр, зүрхэнд хоногшсон эрхэм хүмүүстэйгээ тэмдэглэлээ.

Агаарын хязгааргүй орон зай, зурагтын цэнхэр дэлгэц. Цав цагаахан цаасан дээр нэрээ үлдээж мөрөө гарган бүтэн жарны турш Монголын үзэгч, сонсогч, уншигчдын их орон зайг цэнэглэсээр яваа онгод авьяасын охь ундарга болсон аатай, уртай бичдэг эмэгтэй сэтгүүлч бол Амбасэлмаа гавьяат. 

 

 

Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист Амбасэлмаа сэтгүүлчийн хүрээгүй нутаг ус, учирч ярилцаагүй манай үеийн баатрууд, хөндөж бичээгүй сэдэв үнэндээ ховор билээ.

Амбасэлмаа гэдэг сэтгүүлчийг бүтээл туурвилаар нь ч алдар нэр, зүсээр нь ч монгол түмэн андахгүй.

Төрмөл авьяасаа өргөн мэдлэг, хичээнгүй хөдөлмөр, зориг тэвчээр, жинхэнэ монгол ухаанаар додомдож бараг нэгэн жарны турш сонсогч, үзэгч, уншигчдынхаа сонорыг мялааж, мэлмийг гийгүүлэн, олон түмний оюуны талх болсон бүтээлээ туурвисаар төр түмнээсээ МУСГЗ хэмээх алдрын титэмийг гуйж биш гуядаж хүртсэн Амбасэлмаа шиг “Гурвалсан морьтон” сэтгүүлч монголын сэтгүүлчдийн түүхэнд хэр олон төрсөн бэ?Тэр тусмаа эмэгтэйчүүдээс!гэж Олон Улсын сэтгүүлч, МСНЭ-ийн Уран бүтээлийн шагналт сэтгүүлч Д.Дорждулам нэгэнтээ хэлсэн байдаг.

Хүний амьдралын 85 намрыг үдсэн хэрнээ яагаад хөдөлмөр эрхэлсний 70 жилийн ойгоо тэмдэглэдэг билээ гэж зарим залуус гайхах байх. Тэгвэл түүний хувьд 1946 онд анх сумын шинэ үсгийн багшаар ажилд орж байжээ. 15-хан настай алдрайхан жаахан охин өөрсөө ахмад хүмүүст шинэ үсэг зааж соён гэгээрүүлэх үйлсийг бага балчраасаа түгээж явсан байх юм. Аль балчир наснаасаа ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн тэрээр 40 биш 50 биш бүхэл бүтэн далан жил ажиллаж амьдрахдаа амьдралын үнэ цэнэ, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ ч орхигдуулаагүй юм.

Алхах гишгэх, өмсөх зүүх, ярих хэлэх, мэндлэх хүндлэх гээд л хувь хүний соёлтой холбоотой олон чухал чанарууд Амбалайд бий. Өдөр бүр эфирт гарах гэж байгаа юм шиг л цэвэрхэн дэгжин явдаг хүн. Би түүнийг хайш яйш үс гэзэгтэй, хамаа намаагүй хувцасласан байхыг ер хараагүй. Би Амбалай шиг сайн гарчиг бичиж сурах юмсан, бас яруу сайхан монгол хэлээ эзэмшихсэн, яаж түүн шиг үргэлж бусдын үгнээс шинийг олж сонсдог болох вэ гэхчлэн насаараа л суралцаж явна. Амбалай бол уулзах бүхэнд шинэ, уншаад дуусахад хайран, туулаад барахгүй ертөнц юм гэж СУИС-ийн захирал, сэтгүүлч Э.Сонинтогос хэлээд СУИС-ийн хүндэт дэвтэрт нэрийг нь алдаршуулж, Радио телевиз, медиа урлагийн сургуулийн сэтгүүлзүйн ангийг Д.Амбасэлмаагийн нэрэмжит танхим болгохоор төлөвлөж байгаагаа дуулгалаа. 

 

 

Амбасэлмаа сэтгүүлчийн хувьд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсснөөрөө онцлогтой. Түүний төгссөн Москвагийн их сургуулийн багш нар нь л гэхэд эх орны дайны үеийн хүмүүс. Тэрээр дайны хүнд  хэцүү амьдрал, байгалийн гамшигт үзэгдэл, зуд зурханг биеэр үзэж, нүдээр харж, ажиллаж, амьдарч баяртай гунигтай олон он жилийг туулсан түүхэн хүн. Амбалай Москвагийн их сургуулийг төгссөнөөрөө үргэлж бахархдаг. Тиймээс хүний амьдралын таван жилийг өнгөрүүлсэн Орос ахуй соёл ойрхон байдаг нь дамжиггүй. Дурсамж, дурьдатгал дүүрэн 70 жилийн ой дуу хууртайгаар үргэлжилж ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин Борхүүгийн Амархүү Амбалайтай хамт Подмосковныевечераг дуулсанюм. Урлагийн тоглолт цааш Хөдөлмөрийн баатар Г.Хайдав, АЖ А.Долгор, МУГЖ Ж.Уранчимэг, уртын дуу, морин хуур гээд уйлуулж, дуулуулж бүжиглүүлсэн халуун дулаан уур амьсгал дунд өрнөсөн.  

 

 

Телевиз, радио, сонинд онцгой содон бүтээл нэвтрэх үед нэвтрүүлгийг хийсэн уран бүтээлчдэд сонсогч, үзэгч, уншигчид талархлын үг илгээх нь элбэг байдаг. Амбасэлмаа сэтгүүлчийн хувьд агаарын цэнхэр орон зайтай холбогдсноос хойш нь олон зуун захидал ирж байсан нь түүний зохиол бүтээл үзэгч, сонсогчдын сэтгэлд хүрсний  тод жишээ юм. Нэг жишээг дурсахад: Цас хөрлөж, хүйтний эрч хасах 40 хэмээс давсан тэр нэгэн өвлийн зуднаар далайн төвгнөөс дээш 3760 метр өргөгдсөн, Янгир өтлөхөөрөө оргилд нь очиж зогсоод эврээ даахгүй хальдаг Тэхийн зогсоолт өвөлжөөнд Увс аймгийн Өмнөговь сумын малчин эмэгтэй Явуутай ярилцсан сурвалжлагыг нь радиогоор сонссон нэгэн: “Мөнгөн зулай нь үүлнээс дээш одот тэнгэрт ойрхон санагддаг мөнх цаст Цамбагарав хайрхан ч давжаахан биетэй сурвалжлагч бүсгүйгээс намхан юм шиг санагдчихлаа” гэж бахархан ярьж байсан гэдэг. Амбалаагийн авьяас, зориг тэвчээрийг үүнээс өөрөөр хэрхэн үнэлэх билээ

 

 

Амбасэлмаа сэтгүүлчийн хувьд урлагийн томчуудтай найз. Бүүр Эртний сайхан чуулгын Хайдав, АЖ Л.Цогзолмаа тэргүүтнээс энэ цагийн урлагийн одуудтай ойр дотно нөхөрлөдгөөрөө онцлогтой гэж хэлж болно. Түүний найранд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Ардын уран зохиолч, Гавьяат жүжигчид гээд салбар салбарын сайчууд нэг дор цугласныг харахад одод чуулсан үдэш гэж нэрлэж болохоор байсан.

 

 

Амбалайгийн ажил хөдөлмөрийн орон зайг радио, телевиз, сонин гэж ангилж болно. Тэрээр анхдагч агсам хүлгээ Монголын Радиод сойсон юм. Завхан аймгийн хоньчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу, Ховд аймгийн Дарви сумын хоньчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар С.Цогтгэрэл зэрэг алдарт малчдын туршлагаас сурвалжлан монголын радиогоор нэвтрүүлсэн нь тухайн үед нийт малчдад заавал нэвтрүүлэх туршлага хэмээн төр, засаг шийдвэрлэж байсныг ахмад малчид мартаагүй. Энэ л түүхийн гэрчүүд болсон радиод ажиллаж байсан он жилүүдийг нь мэдэх эрхэмүүд тэр үдэш цугласан байлаа. Түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан радиогийн нөхөд нь чин сэтгэлийн үгийг хэлж байсныг дурдах нь зүйтэй.

Амбасэлмаа сэтгүүлчийн Хөдөлмөр бүтээлийн 70жилийн ойн үдэш сугалаа татаж азтан тодруулсан нь содон харагдаж байлаа. Амбалайтай үдшийн азтангаар харин До.Цэнджав шалгарч радио, телевиз, сонингийн чамбай бүтээлүүдээ нэгтгэн бичсэнээ уншихуй, үзсэнээ уншихуй, сонссоноо уншихуй хэмээх түүний цуврал номын эзэн болсон юм.

Монголын үндэсний олон нийтийн телевиз хэмээх их айлын уяан дээр Амбалаагийн сойсон хоёр дахь хурдан хүлгийн төвөргөөн сонсогдсон юм.

Эрт эдүгээгийн амьдралыг, уран үйлчин мяндсан утсаар хилэн торгон дээр, өнгө уусган зүү ороож мэтгэсэн хээ угалз лугаа, үгийн урнаар цэцлэн бүтээсэн олон арван бүтээл түүнд бий. 

 

 

Өөрт нь “А” үсгийн ацаг нүдлүүлсэн ахмад багш Ц.Амгалан, Монгол Улсын баатар Л.Дандар, хүн хүрч зүрхэлдэггүй Тэхийн зогсоолд “Суудалтай” малчин бүсгүй Д.Явуун, Монгол Улсын төр, нийгмийн нэр зүтгэлтэн Жамсрангийн Самбуу зэрэг эглээс эгэл атлаа эгэл биш намтар түүхтэй энэ цагийн олон олон баатруудтай уншигч та уулзаж сэтгэлийн таашаал авч, ухааны сум тань уужирч байсан биз ээ. Айл бүрийн хойморт залрах телевизийн цэнхэр орон зайд хамтран зүтгэж байсан эрхэм хүмүүс ч энэ үдэш үгээ хэлж түүнд урам, зориг хайрлаж байлаа.

Ийнхүү Амбалайтай үдэш ёслол төгөлдөр, хүндлэл, бахархал дунд сайхан болж өндөрлөлөө. 

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Мөнхжаргал [66.181.184.68] 2024/03/10
1945 он.Бодоодтүз..95 он байгаа биз дээ
Зочин [202.9.42.99] 2017/09/19
АМ БАЛАЙ ГЭЖ ЯМАР СОНИН НЭРТЭй ХҮН БЭДЭЭ? ЭХНИЙ ҮГИЙН СҮҮЛИЙН ҮСЭГ "Л" БАЙГААГҮЙ НЬ ЯАМАЙ.