Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал, бүтээлүүд хилийн чанадад өндөр үнээр зарагдсаар байна. БНХАУ-ын нийслэл дэх “Бээжингийн олон улсын зочид буудал” (Beijing international hotel)-д энэ сарын 9-11-нд Хятадын намрын дуудлага худалдааны үзэсгэлэн нээгдэж, 12-16-нд дуудлагаар худалдах эртний эдлэлүүдийн жагсаалтыг гаргажээ. Тус улсын http://english.cguardian.com цахим хуудсанд мэдээлснээр 52 см өндөр, суурийнх нь өргөн 37 см хэмжээтэй хүрэл цутгамлыг алтдаж шарсан, анхдугаар Богд Занабазар бурхныг энэ дуудлага худалдаанд оруулахаар товлосон байна.
Хэдэн юаниар худалдах тухай мэдээлэл тэнд алга. Зургийг нь тал бүрээс нь авч оруулжээ. Өндөр гэгээн Г.Занабазар жанч халахдаа өөрийгөө хоёр дүрээр бүтээхийг шавь нартаа айлдсан байдаг. Нэг нь “Миний дүр байдлыг монгол хувцастай, баруун гарт хурц илд бариулж, зүүн гар талд хонины бүтэн шүүс тавьж урла” гэсэн байдаг бол нөгөө нь баруун гартаа очир, зүүн гартаа хонх барьсан, бадамлянхуа суурин дээр суусан байдалтай бүтээхийг зарлигдсан тухай домог бий. Бээжинд худалдах гэж буй нь хоёр дахь хувилбар нь бөгөөд монгол урчууд XVII зууны үед урласан бурхан хэмээн танилцуулжээ.
Хэдий үед хаанаас яаж гарсан талаарх мэдээллийг тэнд бичээгүй байгаа юм. Занабазар гэж хэн байсан, түүний амьдрал, Чин улсад дагаар орсон, нас барсан, урлагийн бүтээлүүдийнх нь талаар “Википедиа”-гийн мэдээллийг англи хэл рүү хөрвүүлэн нийтэлжээ. Эх сурвалжууд “Нэлээд өндөр үнэ хүрэх учраас анхны үнийг нь тавиагүй байх” гэж байгаа юм. Юутай ч анхдугаар Богд Өндөр гэгээн Г.Занабазарыг ийм өндөртэйгөөр урласан бурхан Монголд одоо ч байхгүй гэдгийг тэд хэлэв.
Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан Парист “Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар 3.467.500 евро буюу 4.3 сая ам.доллароор 2014 онд зарагдаж байсан билээ. Уг 30.7 см өндөртэй хүрэл цутгамлыг 200-300 мянган еврогоос эхлэн дуудсан гэдэг. Түүнээс өмнө буюу 2005 оноос хойш “Sotheby’s”-ын худалдаагаар Занабазар хийцийн гэсэн тодотголтой 5-6 бурхан борлогдсон гэх мэдээлэл байдаг.
Уг нь тэр дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг манай тал тавьсан ч Францын тал үл ойшоож байсан гэдэг. Хэдэн жилийн өмнө Т.Батаарыг АНУ-д дуудлагаар худалдах гэж байхад нь Ерөнхийлөгч нэхэмжлэл гаргаж, БСШУ-ы тухайн үеийн сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй албаны хүмүүс ажлын хэсэг байгуулан, Монголоос гарсан болохыг баталгаажуулах, хуулийнхан манай улсаас гаргасан арга замыг нь тогтоон ажилласны хүчинд эх орондоо авчирч чадсан билээ.
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирч чадсан шигээ урлагийн бүтээл болсон бурхдыг нутагт нь эгүүлэн залж чадахгүй байгаа нь хачирхалтай. Манай холбогдох яамд энэ тал дээр анхаарч, Бээжингийн дуудлага худалдааг түр хойшлуулан, хуулийн дагуу хилээр гаргасан эсэхийг тодруулбал зүгээр сэн.