Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Универсиадаас М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Гванжу хотноо дэлхийн оюутны зуны универсиад XXVIII наадмын дөрөв дэх өдөр жүдо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөх Яао Шионгийг цэвэр ялж, монголын багийн гурав дахь, жүдо бөхийн хоёр дахь медалийг багтаа авчирлаа. Энэ өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Баярмагнай хүрэл медалийн төлөө Бразилын бөхтэй барилдан цэвэр ялагдаж, шагналт V байрт эзлэв.
 
“Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай универсиад XXVIII наадам Гванжу хотноо амжилттай үргэлжилж байна. Тус наадамд 148 орны 12986 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсын 160 тамирчин спортын 12 төрөлд хүч үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар 40 багц медалийн эзэд тодорсноос 33 орон ямар нэгэн медаль хүртээд байна.
 
Наадмыг зохион байгуулагч орон 10 алт, 8 мөнгө, 8 хүрэл, нийт 26 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон, БНХАУ, АНУ, Франц, ОХУ, Итали, Украин, Их Британи, Германы багууд II-X байрт жагсаж байна. Харин манай баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медальтайгаар жагсаалтын XVIII байрт бичигдээд байна.
 
Д.Өлзий
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)