Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Гадуурхалтын улмаас дөрвөн жилд 92 хүүхэд амиа хорложээ

Сүүлийн дөрвөн жилийн дотор 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлжээ.
Энэ нь жилд 23 хүүхэд дээрх шалтгааны улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн үг юм.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад 5000 сурагчийн дунд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-г явуулсан байна.
  • Дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодсон,
  • Долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж,
  • Арван сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн гэсэн дүн гарчээ.
Түүнчлэн Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг дуудлагын 70 хувь нь тусламж эрсэн дуудлага байдаг бөгөөд үүний 40 хувь нь цахим гадуурхалтай холбоотой байдаг аж.
Гадуурхалын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог хийгээд цар хүрээ өргөнтэйгөөрөө цахим гадуурхал илүү хор хөнөөлтэй байдаг аж.
Нийгмийн сүлжээ, интернэт хэрэглээ хүүхдүүдийн хувьд зарим талаараа дарамт шахалт, хэн нэгний бай болох нөхцөлийг бүрдүүлж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа юм.
Тиймээс сургуулийн орчин дахь болон цахим гадуурхлыг зогсоох зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Цахим гадуурхал цаашаа” үндэсний хөтөлбөрийг зарлаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэв.
Хүүхдийг боловсруулах, хөгжүүлэх хэрэгцээг хангаж байгаагаас биш бусдаар хайрлуулах, хүндлэгдэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учраас энэ арга хэмжээг зохион байгуулахаар болсон талаар БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн юм.
Гадуургалтад өртөж буй хүүхдүүд эцэг эх, багш, найз нөхдөдөө хэлдэггүй бөгөөд дотроо шаналдаг. Гэтэл энэ нөхцөл байдалд хэрхэх талаар мэдээлэл хүүхдэд байдаггүй аж.
Уг хөтөлбөр нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нийгмийн сүлжээнд өрнөж буй халдлага, дарамтыг бууруулах, хүүхдүүдийг сэтгэл санааны дарамт цаашлаад амиа хорлох шалтгааныг бууруулахад орших аж.
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спорт хөгжлийн газар, ЮНИСЕФ, Дэлхийн зөн ОУБ, Хүүхдийг ивээх сан, Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн, Оюунлаг Монгол хүн ТББ зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран ажиллах юм.
Бие биедээ хүндэтгэлтэй хандахыг уриалан улсын хэмжээнд нийт сургуулиудад энэ сэдвээр хичээл орж хөтөлбөрийг нээх юм байна.
Мөн арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Таны нэг удаа бэлэглэсэн 350 грамм цус гурван хүний амь аварна” уриатай цус өгөх өдөрлөг зохион байгуулна.
“Интернэтийн давуу тал их ч хүүхдүүдэд нөлөөлөх сөрөг тал их байна. Эрсдэл бодитой бидний эргэн тойронд байна. Хүүхдүүдийнхээ хэрэглээнд эцэг эхчүүд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гарсан байна. Нийгмийн сүлжээнд залруулж болзошгүй алдааг төлөвшөөгүй хүүхдүүд гаргаж байна. Эцэг эхчүүд, мэргэжлийн байгууллагууд энэ тал дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)