Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

М.Энхболдыг “шоовдорлож” эхэлжээ

Албан тушаалгүй болж буй МАН-ынхан ууртай байна. Нам дотроо бужигнаж  намын даргаасаа тусдаа жигүүр байгуулахаар зэхэж эхэлжээ. Тодруулбал, Шадар сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбоог дэмжигч гишүүд “Ардын нам-Ардын хүч” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ. Ингэхдээ тэд Тусгаар тогтнолын ордонд бус Сонгуулийн ерөнхий хорооны дугуй танхимд хуралдсан нь олон хүний сонирхолыг татав. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайдын зөвлөх Н.Учрал, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Ерөнхий сайдын алба хашиж байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан Л.Одбаяр, МАН-ын “Шинэчлэлийн хороо” бүрэн бүрэлдэхүүнээрээ, НАМЗХ-ны хуучин удирдлагууд,  НИТХ-ын МАН-ын төлөөлөгч нар оролцжээ.
Тэд өнөөгийн улс төрийн намуудын гажуудал, мөн “Ардын нам-Ардын хүч” эвслийн хэмжээнд ажиллаж болох юм хэмээн санал нэгджээ. Ингэснээр МАН-д жигүүр ургах нь нэгэнтээ тодорхой болоод байна. Харин энэхүү жигүүр нь нам дотроо бужигнуулж, намын удирдлагыг гартаа авахын төлөө ажиллах уу, эсвэл гадаад тал руу хандах уу гэдэг хамгийн их анхаарал татаж буй юм.
Өнгөрсөн жилээс эхэлж Зүүний хүчний холбооныхон үйл ажиллагаагаа идэвхижүүлж, Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд нартай хүчээ зузаатган ажиллах шийдэлд хүрсэн тухай дуулдаж байсан.
Засгийн газраас гарах шийдвэр гаргасан энэ мөчид Зүүний хүчний холбооныхон үйл ажиллагаа идэвхижүүлж, дээр нь Сү.Батболд гишүүний талын төлөөлөл дээрх хуралд оролцсон нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаад байгаа билээ.
Улс төрийн албан тушаалын төлөө ажилласан гэх МАН-тай АН засагт хамтарч чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Харин МАН Ерөнхий сайд асуудлыг шийднэ, манайх гарахад бэлэн гэдгээ илэрхийлээд буй. Гэвч МАН-ын зургаан сайд засгаас гарах нь нэгэнт тодорхой болоод буй. Харин цаг хугацааны хувьд наадмын наана уу, цаана уу гэдэг асуудал яригдаж байна.
Энэ үед МАН-ынхан дотроо бужигнаж Шадар сайд тэргүүтэн нь намын даргаа “жийж”  жигүүр ургуулж байгаа нь  албан тушаалын төлөө хамтарсан гэдгийг илтгэж буй мэт. Анх засагт хамтрахад Шадар сайдын суудлыг авахаар намын дарга дээрээ ирсэн Н.Хүрэлсүх хэцүү үед нь хаяад гарч байгааг хүн чанаргүй үйлдэл хэмээн шүүмжлэх нь ч бий. Намын даргаа буланд шахаж, эрх мэдлийг гартаа авах гэсэн явуулга уу эсвэл эртнээс төлөвлөсөн улс төрийн ажиллагаа юу. Ямартай ч МАН дотроо жигүүр үүсгэж  намын даргаа “шоовдорлож” эхэлжээ.
Ж.МАРАЛ
www.medee.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)