Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Ж.Лхагвасүрэн жанжны гар бууг музейгээс хулгайлжээ

Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т харьяалагддаг Монгол цэргийн музейгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нэгэн чухал, ховор үзмэрийг хулгайлжээ. Залуу жанжин хэмээн олноо алдаршсан төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн эдэлж хэрэглэж байсан, гарын алганд багтах хэмжээтэй, тусгай зориулалтын гар бууг хулгайч авч одсон байна. Уг нь музейд хадгалж буй галт зэвсгийг ашиглах боломжгүй болгосон байдаг ч тэр бууны цохилуурыг нь авсан, эсэхийг мэдэх хүн үгүй аж.
 
Хэрэг гарах үед музейн үзмэр харагч нь ойр хавьд байгаагүй бөгөөд хяналтын камерын дүрс бичлэгийг цагдаагийнхан шалгахад дунд сургуулийн сурагч хүү авсан байх магадлалтай байжээ. Түүний дүрс тод ялгагдаж буй ч одоогоор хэн гэдгийг нь тогтоогоогүй байгааг талаар хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд хэлсэн юм. Ийнхүү хариуцлага, хараа хяналт суларсныг тус музейн удирдлагыг ойр ойрхон сольдогтой холбож үзэх хүн ч байна.
 
Одоогийн захирлыг нь Батлан хамгаалах сайдаар Ц.Цолмон ажиллаж байхад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ томилуулсан гэж ярьдаг. Удахгүй түүнийг чөлөөлж, оронд нь нэг зохиолч очих тухай мэдээлэл БХЯ, ЗХЖШ-аар тархжээ. Цэргийн, хараа хяналт, сахилга хариуцлага сайтай байх ёстой энэ музей, түүний салбараас эд зүйл алдагдаж буй тохиолдол нэг бус.
 
Тэнд ажиллаж байгаад Соёлын өвийн төв рүү дэвшсэн нэг мэргэжилтэн нь Дорнод аймаг руу XIII зууны үеийн олдвор болох үйсэн хоромсогтой, хусан сум үзэсгэлэнд авч яваад алга болгосон нь одоо болтол сураггүй байгаа юм. Мөн тус музейн сан хөмрөгт байгаа XIII зууны үеийн монгол цэргийн сэлмийг АНУ руу үзэсгэлэнд аваачсан тус улсын иргэн самурай бариул хийж, хятад хуйтай болгосон тохиолдол ч гарч байв.
 
Баянзүрх дүүргийн XV хорооны нутагт Г.К.Жуковын гэр музей бий. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс ЗХУ-ын маршал Г.К.Жуковыг 985 гр цэвэр мөнгийг алтаар шармалдаж Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Уг одон хэдэн жилийн өмнө алга болж, оронд нь дуураймлыг хийж тавьсан байдаг. Энэ хэргийг хэн хийснийг цагдаагийнхан одоо болтол илрүүлж чадаагүй билээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)