Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Монголын хилийн шалган нэвтрүүлэх боомтын бүртгэлийн үйл ажиллагаа дэлхийн жишигт хүрчээ

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын төлөөлөл өнгөрсөн хугацаанд хийсэн онцлох ажлуудаа танилцуулж байгаа билээ.
 
Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд мэдээлэл хийлээ.
 
Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт Гадаадын иргэн, харьяатын газраас дараах гурван ажлыг онцолж хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчдад дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
 
Гурван аймгийн боомтыг шилэн кабелиар холбов
 
Ховд, Өлгий, Чойбайлсан аймагт агаарын замын боомтод “VSAT” буюу сансарын хиймэл дагуулыг ашиглан хил нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гадаадын иргэдийн бүртгэлийг хийж байв. “VSAT”-ын сүлжээ нь хоцрогдол ихтэй, өртөг өндөр /1 цэгт 1.7 сая төгрөг/, ашиглаж буй тоног төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй, албаны дотоод сүлжээг хязгаарлагдмал цагаар ашигладаг учраас шинэчлэх шаардлагатай болсон. Тиймээс дээрх гурван боомтыг шилэн кабелийн сүлжээнд холбохоор тооцоо, судалгааны ажлыг хийж, “ACCESS POINT” төхөөрөмж ашиглан агаараар холбож, 2016 оны 09 дүгээр сард ашиглалтанд оруулаад байна. Гурван аймгийн боомтыг шилэн кабельд холбосноор сүлжээний хоцрогдол арилж, цагийн хязгаарлалтгүйгээр албаны дотоод сүлжээг ашиглах, “E-immigration” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “ISM” системд холбогдох боломжтой болсон юм.
 
Хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
 
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Орох гарахыг удирдах газрын дарга Чу Юунхай нар 2016 оны 09 сарын 22-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийг байгуулснаар хоёр улсын иргэдийн хил нэвтрэлтийн бодлогын талаар хамтарсан судалгаа хийх, удирдлагууд бодлогын арга хэмжээ, ажлын туршлага болон иргэдийн хил нэвтрэлтийн талаар харилцан мэдээлэл солилцох, хууль бус шилжилт хөдөлгөөн түүнтэй холбогдох мэдээллийг харилцан солилцох, хилээр нэвтрэх хүрээнд шинэ техник технологийг ашиглан хуурамч бичиг баримт бичгийг танин илрүүлэх туршлага солилцох, өөрийн улсын шинэ гарсан паспорт, паспортыг орлох баримт бичгийн эх загварын мэдээллийг солилцох, байгууллагын албан хаагчдыг сургалтад хамруулан чадавхижуулах зэрэг үр дүнд хүрэх юм.
 
“И-иммигрэйшн” төслийг нээлт боллоо
 
Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтыг орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжрууллаа. Ингэснээр Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтын бүртгэлийн үйл ажиллагаа олон улсын жишигт хүрч байгаа юм. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн уг төсөл нь нийтдээ 36 сарын хугацаанд буюу 2014-2016 онуудад үргэлжлэн энэ жил амжилттай хэрэгжлээ. Энэ төсөл хэрэгжсэнээр гадаадын иргэдийн болон хилийн шалган нэвтрүүлэх бүртгэлийн үйл ажиллагаанд шинээр “ISM” системийг бий болгон ашиглах, хилийн шалган нэвтрүүлэх болон гадаадын иргэний бүртгэлийн системийг нэгтгэснээр гадаадын иргэд болон хилээр нэвтэрсэн иргэдийг хоёр өөр газарт давхар бүртгэдэг байсныг болиуллаа. Үүний үр дүнд мэдээ тайлангийн зөрүүтэй байдал арилсан байна. Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа болон гадаадын иргэдийн бүртгэлийн үйл ажиллагаанд хувь хүний биометрик дата ашиглах болсноор бичиг баримт хуурамчаар ашиглах байдлыг таслан зогсоож хяналт шалгалтын үйл ажиллагаа сайжирсан Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/ -ын шинэ технологи ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацаа хэмнэх, таних чадавхи нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлсэн.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)