Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дутерте: Биднийг нохойгоо болгох хэрэггүй, америкчуудаа!

Родриго Дутерте өнгөрсөн тавдугаар сард Филиппин улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш шуугиан тарьж, олон улсын хэвлэлд түүний нэрийг бараг өдөр бүр дурдах болов.
 
Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш гэмт хэрэг, тэр дундаа хар тамхичидтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, жирийн иргэдэд гэмт хэрэгтнүүдийг гудамжинд буудан хороох хүртэл эрхийг олгоод байгаа юм.
 
"Биднийг битгий нохой шиг үз. АНУ биднийг уяатай нохой адил талх горьдож байгаа аятай харьцаж байна"
Дутерте энэ үйлдлээ гэмт хэргтнүүдтэй тэмцэх дайн хэмээн нэрийдээд буй. Түүний уг хэрцгий шийдвэрийн уршгаар гурван мянга гаруй хүн амиа алдаад буй тооцоо гарч, Олон улсын хүний эрхийн байгууллага, НҮБ-аас удаа дараа анхааруулга хүргүүлсэн ч Дутертегийн шийдвэрт нөлөөлж чадах нь юу л бол. Түүний явуулж буй бодлогыг хамгийн хурцаар шүүмжилдэг хүн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама. Үүнээс улбаалж хоёр улсын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, өнөөдөр харилцаа холбоогоо таслахад рүртэл хүргэж, хурцдаад байна.
 
Филиппин, АНУ угтаа батлан хамгаалахын салбарт эртнээс хамтарч ажиллаж ирсэн. Азийг тэнцвэржүүлэх бодлогын хүрээнд Филиппин нь АНУ-ын томоохон холбоотон улс гэгддэг. Гэвч тэдний харилцаа Дутертегийн хар тамхины эсрэг явуулж буй бодлогоос эхэлж муудав. Барак Обама түүний явуулж бодлогыг харгис, хүний эрхэнд халдсан зүйл хэмээн буруушааж байгаа юм.
 
“АНУ бидэнд ингэж хандсаар байвал АНУ-тай харилцаагаа тасалж, БНХАУ, ОХУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж, нэгдэх болно” 
Түүгээр зогсохгүй хэрэв энэ үйлдлээ зогсоохгүй бол АНУ-ын зүгээс цэргийн хүчээр Дутертегийн үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдсэн. Түүнчлэн АНУ Филиппинд зэвсэг нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдээд буй.  Харин Родриго Дутерте хариуд нь “АНУ бидэнд ингэж хандсаар байвал АНУ-тай харилцаагаа тасалж, БНХАУ, ОХУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж, нэгдэх болно” гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр БНХАУ, ФИлиппин улсууд ОХУ-ын нэгэн адил АНУ-ын бодлогыг эсэргүүцэх түншүүд болсноор АНУ-ын “дайсан улс” нэгээр нэмэгдэх бололтой.
 
Родриго Дутерте Ерөнхийлөгч болсон цагаасаа эхлэн АНУ-ыг, Барак Обамаг шүүмжилсээр байгаа юм.  Өчигдөр гэхэд тэрээр Япон улс руу айлчлахаасаа өмнө Манила хотын олон улсын нисэх буудал дээр АНУ-тай харилцаагаа дуусгавар болгоно гэх үг хэлсэн нь олон нийтийн анхааралд өртөөд байна.
 
Родриго Дутерте “АНУ өөрсдөө л эхэлсэн. Тэд Филиппинд тусламж үзүүлэхгүй хэрнээ бидний ажилд хөндлөнгөөс оролцох юм гэнэ. Бидэнд тэр зүйлс чинь хэрэггүй. Биднийг битгий нохой шиг үз. АНУ биднийг уяатай нохой адил талх горьдож байгаа аятай харьцаж байна. Тэд бидэн рүү талх шидэж өгч байгаа мэт боловч үнэндээ тэр талханд хэзээ ч хүрч боломгүй мэт л байдаг” гэжээ.
 
"Дутерте “Та нар надад АНУ-д насан туршдаа амьдрах виз олгож, дээрээс нь 50 мянган ам.доллар олгосон ч би хэзээ ч тэнд үлдэхгүй"
Түүнчлэн АНУ-тай хамтын ажиллагаатай Батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн үеэр тэрээр нэгдсэн цэргийн үйл ажиллагааг зогсоохыг хүсч буйгаа илэрхийлээд байна. Учир нь түүнийхээр нутагт нь өөр улс үндэстний цэрэг арми байх нь тохиромжгүй гэнэ.
 
Үүгээр зогсохгүй Дутерте АНУ-ын визний асуудалд хатуу шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Дутерте АНУ-ыг Филиппин улсад виз гаргах асуудалд ялгавартай хандаж байна гэж үздэг. Түүнийг анх АНУ руу явах визний ярилцлагад орох үеэр консулын газраас АНУ руу явж буй шалтгааныг асуухад “Найз охин руугаа зочлох” гэжээ. Түүнээс үргэлжлүүлэн “Хэрвээ та хоёр манай улсад гэрлэж, эргэж ирэхээргүй болвол яах вэ?” хэмээн асуухад Дутерте “Та нар надад АНУ-д насан туршдаа амьдрах виз олгож, дээрээс нь 50 мянган ам.доллар олгосон ч би хэзээ ч тэнд үлдэхгүй. Үүрд Филиппин улсдаа байх болно” хэмээн хариулж байжээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)