Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Орон нутгийн сонгуульд ураг төрлийн барилдлагатай улстөрчид

Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм.

Энэ 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлээд байгаа. Улс төрийн нам, эвслээс 14489, бие даан 723 хүн нэр дэвшиж байгаа юм.

Нийслэлийн есөн дүүрэгт л гэхэд та биднийг төлөөлж Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт 35, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 41, Багануур, Налайхад тус бүр 25, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө. Нэр дэвшигчид сурталчилгаагаа ирэх сарын 1-нд эхлүүлнэ.

Орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй содон нэр дэвшигчдийг танилцуулж байна. Төрийн алба төрлийн албаар дүүрлээ гэх шүүмжлэл гарч буй. Гэсэн ч улстөрчид охиноо, хүүгээ, хүргэнээ, үеэлээ нэр дэвшүүлэх буухиа тасрахгүй байна.

Ерөнхийлөгчийн хүү, УИХ-ын даргын охин өрсөлдөж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ энэ удаад Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байна. Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож ирсэн тэрээр УИХ, НИТХ-ын сонгуульд хүч үзэлгүйгээр дүүргийн сонгуульд нэр дэвшин хамгийн бага шатнаас улс төрийн замналаа эхлүүлэхээр шийджээ. Тэрээр Баянзүрх дүүргийн 27 дугаар тойрогт нэр дэвшиж байна.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд ч охиноо энэ удаагийн орон нутгийн сонгуульд сойжээ. Сонгинохайрхан дүүргийн зургадугаар тойрогт түүний охин Э.Хулан нэр дэвшихээр мандатаа авчээ. Түүний ах Э.Анар нь Монголбанкны газрын дарга болоод буй билээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хүргэн дүү Б.Золбоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа юм байна. Сүхбаатарын дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан энэ удаагийн НИТХ-ын сонгуулиар ялалт байгуулсан МАН-ын гишүүн Г.Төмөрбаатар төрсөн дүүгээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, эхнэрийнхээ дүүг 15 дугаар хороонд нэр дэвшүүлж байна.

Энэ буухиаг УИХ-ын гишүүн Н.Учрал үргэлжлүүлж “Чингис Соосэ” цогцолборын захирал М.Даваадоржийг өрсөлдүүлэхээр болжээ. Мөн Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатар дүүргийн сонгуульд өрсөлдөх юм.

УИХ, НИТХ-д өрсөлдөж өвдөг шороодсон нөхдүүд дүүрэгт

НИТХ-ын сонгуульд хүч үзэж, бүдэрсэн нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан экс орлогч Т.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн есдүгээр тойрогт нэр дэвшихээр болжээ. Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал асан Д.Алтанхуяг мөн л Чингэлтэй дүүргийн 17 дугаар тойрогт өрсөлдөх бол дүүргийн Засаг даргын орлогч Б.Батхуяг 12 дугаар тойрогт хүч үзнэ.

2012-2016 оны хооронд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Наранбаатар мөн НИТХ-д өрсөлдөж өвдөг шороодсон ч энэ удаа даагаа нэхэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр тойрогт нэр дэвших “виз”-ээ авчээ.

Мөн өнгөрсөн зургаадугаар сард НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж унасан Д.Бат-Эрдэнэ мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд нэр дэвшиж байна.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Ардчилсан намыг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа мөн орон нутгийн сонгуульд хүч үзэж, дүүргийнхээ 23 дугаар хороонд дэвшиж байна.

УИХ-ын 2016 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж бүдэрсэн тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг дүүрэгтээ нэр дэвшиж буй аж.

Эдгээрээс гадна Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр, Люмино хамтлагчийн ахлагч Б.Батхишиг нар ч МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвших квотоо авчээ.

Ураг төрлийн барилдлагатай улстөрчид бүх шатны байгууллагад өөрийн хүнээ оруулахаар ийн ажиллаж эхэлснийг дээрх баримтуудаас харж болохоор байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)