Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Гэр бүлээс гадуурх харьцаа нь долоохон настай хүүгийнх нь амийг "авч" өндөрлөв

Долоон настай хүүгийн амийг аавынх нь нууц амраг захиалгаар хөнөөлгөсөн аймшигт хэрэг гарч нийгмийг цочирдууллаа. Уг хэргийн талаар сонссон хэн боловч толгой сэгсэрч, хайран сайхан хүүхэд хэмээн гомдол харуусал тээж сууна. Ертөнцтэй танилцах, тоглож наадах насандаа явсан бяцхан хүү төрсөн эцгийнхээ гэр бүлээс гадуурх ёс бус харилцааны золиос болж, шунахай сэтгэлтнүүдийн гарт харамсалтайгаар амиа алдлаа. Болсон явдлыг маш товчоор дурдвал Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 6-ны өдөр долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөсөн аймшигт хэрэг гарав.

Тодруулбал, талийгаач хүүгийн эцэг Ц-тэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан 1992 онд төрсөн эмэгтэй С гэгч нь 1998 онд төрсөн Б-д захиалга өгч амь насыг нь хөнөөлгөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс С, Б нарыг саатуулан, хүний амь насыг санаатай хөнөөсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүгэж шалгаж байгаа юм байна.

Сэжигтэн С нь өөрөө нэг нас гарантай нялх хүүхэдтэй бөгөөд талийгаач хүүгийн аав “хүүгээ бодоод эхнэрээсээ салж чадахгүй” гэж хэлэхээр нь хүн хөлсөлж 200 мянган төгрөг өгөөд хүүхдийнхэн амийг хөнөөлгөсөн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Одоогоор С, Б нарыг Эрүүгийн хуулийн 91.2.11-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Б нь хулгайн хэргээр 2 жилийн ялаар шийтгүүлэн, ял хойшлогдож байсан аж.

Ингээд 200-хан мянган төгрөгийн төлөө хүний амь, тэр тусмаа нялх хүүхдийн амийг хорооно гэдэг энэ нийгэм бүхэлдээ ялзарч буйгийн хамгийн том жишээ юм. Мөн уг хэрэгтэй холбоотойгоор гэр бүлээс гадуурх харилцаа хүний амьдралыг хэрхэн ямар зам руу хөтөлж байдгын гашуун атлаа аймшигтай жишээ болж үлдэж байна.

Хэрэв санаж байвал одоогоос хоёр жилийн өмнө бас л гэр бүлийн амьдрал, салалтаас үүдэлтэйгээр төрсөн гурван настай бяцхан охиноо зодож байгаад амь насыг нь егүүтгэсэн хэрэг гарч байлаа. Цогт, Маралмаа нарын хэргийн дуулиан шуугиан одоо ч тасраагүй, тэрхүү айдас төрүүлсэн үйлдлийг нийгэм мартаж амжаагүй байхад дараагийн сэтгэл сэртхийлгэсэн хэрэг ийнхүү гарлаа.

Тиймээс дээрх бүгдэд үнэлэлт дүгнэлт өгч, нийгмийн ялзарсан сэтгэхүй болон хувийн амьдралдаа хандах хандлагдаа залуучууд маань, залуу гэр бүлүүд минь нэгийг бодож, хоёрыг тунгаах нь зүйтэй биз ээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)