Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

“Таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгох боломжгүй”

Монгол Улсын санхүүгийн системийн 96 хувийг банкны салбарынхан бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, манай эдийн засаг банкны салбарынхны нуруун дээр тогтдог гэхэд хилсэдсэн болохгүй. Зээлийн хүү өндөр байгаа нь хүндрэл учруулдаг хэмээн бизнес эрхлэгчид хэлдэг. Тэгвэл банкны салбарын төлөөлөл хадгаламжийн хүүг бууруулснаар зээлийн хүүг багасгах боломжтой гэх тайлбар өгч ирсэн.
 
Монголын эдийн засаг хүндэрсэн энэ үед Ерөнхий сайд салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж буй. Энэ хүрээнд гүйцэтгэх засаглалын тэргүүн Ж.Эрдэнэбат банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй өчигдөр уулзлаа.
 
Тэрээр уулзалтын эхэнд “Эдийн засгийн хямралаас гарах гарцыг Засгийн газар олохын тулд салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, хүндрэлээс гарах гарцын талаар ярилцаж шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Банкныхан маань Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүхий л салбарт хамааралтай учраас та бүхэнтэй хамгийн сүүлд уулзаж байгаа юм. Салбар бүрийн төлөөлөлтэй уулзсаны дараа хийсэн ажлынхаа үр дүнг дахин ярилцана” гэлээ.
 
Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээ хэллээ. Гэхдээ одоо мөрдөж буй журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл ам.метр гэсэн хязгаарлалтыг 100 болгох аж.  Банкууд санхүүжилтгүйн улмаас ипотекийн зээл олгохгүй байгаа. Тэгвэл Засгийн газар зээлийг үргэлжлүүлэн олгохын тулд эх үүсвэр хайж буй юм байна. Арилжааны зээлээр бус хөгжлийн зээлээр шийдвэрлэхээр зорьж ажиллаж эхэлжээ.
 
Энэ талаар Ерөнхий сайд “100-гаас дээш ам.метр талбайтай орон сууц худалдан авах иргэд урьдчилгаа 30 хувь дээрээ нэмж төлбөр төлснөөр найман хувийн зээлд хамрагдах боломжтой. Энэ нь ипотекийн зээлийн журамд орж буй нэг томоохон өөрчлөлт юм.  Журмыг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулж байгаа” гэлээ.
 
Монголбанкны дэд ерөнхийлөгч: Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн тухайд таван хувийн зээл бол эхнээсээ зөв биш шийдвэр байсан. Харин найман хувийн  зээлийг анхнаас нь зөв явуулсан учраас буулгах шаардлага байгаагүй. Тиймээс Монголбанк, таван хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй. Найман хувийн тухайд цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байгаа. Гэхдээ үүнд тодорхой алхмуудыг хийх шаардлага байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн  зээлд  бол нийт банкны системийн зээлийн 30 хувийг эзэлж байна. Энэ бол бусад уул уурхай, барилга гэх мэт олон салбараас илүү гараад явчихсан.  Ипотекийн зээл ингэж ихсэх тусмаа хэрэглээг танадаг сөрөг  үр дагавартай. Өөрөөр хэлбэл, ипотекийн  зээл авсан иргэд бүх мөнгөө өрөө төлөхөд зарцуулчихдаг учраас эргээд хэрэглээгүй болчихдог. Энэ нь эргээд дифляци руу явуулах сөрөг талтай. Хэрэглээ байхгүй болсон учраас худалдан авалт байхгүй болчихдог. Тиймээс энэ зээл дээр Монголбанк маш болгоомжтой хандаж байна. Гэхдээ мэдээж үргэлжлүүлэх талд зогсч байгаагаа илэрхийлье.
 
Даатгалын компанийн захирал н.Батзул: Гурван зүйл дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Даатгалын тухай хууль. Энэ салбарын хууль бий ч зохицуулалтууд нь учир дутагдалтай. Даатгал эд хөрөнгийн болон амьдралын гэж хоёр төрлөөр олон улсад хөгжсөн байдаг. Харин Монголд амьдралын даатгал хөгжөөгүй. Энэ чиглэлд илүү анхаарч ажиллавал зүгээр байна. Мөн албан журмын даатгал нийт даатгалын 25 хувийг эзэлдэг. Үүнийг анхаарах хэрэгтэй болов уу.   
 
Би Ти Си брокер диллерийн компанийн төлөөлөл н.Даянбилгүүн: Засгийн газар тусгай зориулалтын бонд гаргавал зүгээр байна. Бондоо аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргавал бусад орлого нэмэгдэнэ. Хөрөнгө оруулагч нарын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд зогссон байгаа. Үүнийг шийдвэрлээд явбал хэрэгтэй байна. Мөн хөрөнгийн зах зээлд арилждаг дотоодын бондын хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна.
 
“Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул: Зээл чанаргүй болсны дараа шүүхээр явах процесс 2-3 жил үргэлжилдэг. Түүнтэй холбоотой зардал багагүй гарч байна.
 
ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа: Засгийн газраас хэт жижиг төсөл явуулмааргүй байвал зүгээр байна. Энэ нь банкуудын бий болгосон зах зээлийг эвдэх хандлагатай байдаг. Энэ төслүүдээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаа дамжуулаад явбал зүгээр болов уу. Мэдээж Засгийн газар жижиг төслүүдээ дэмжих хэрэгтэй ч харьяа газруудаар явуулах хэрэгтэй байх. Техник технологи хөгжсөн энэ үед банкууд хэрэглэгчдийн дата мэдээллээ байнга шинэчилж байна. Ийм үед төрийн нэгдсэн мэдээллээсээ хуваалцвал сайн. Иргэний бүртгэлийн үнэн зөв мэдээлэл нэгтгэгдвэл банкууд шийдвэр гаргахад дөхөм. Тиймээс мэдээллийн үнэн зөв байдалд анхаарч өгөхийг хүсч байна.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Банкуудын чанаргүй зээл өсч байна. Ийм үед банкууд нэмж зээл олгох нь багасч эхэлсэн. Чанаргүй зээлийг суллаж актив сайжруулах шаардлага бий. Банкууд нийлээд Актив удирдлагын газар байгуулахаар ярьж байгаа.
 
Монголбанкны дэд ерөнхийлөгч: Б.Лхагвасүрэн:  Санхүүгийн  салбар бол өрөөсгөл тогтолцоотойгоор өнөөдрийг хүртэл явж ирсэн. Банкны сектор 96, даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллагын  зах  зээл нь дөрөвхөн  хувьтай бараг 20 жил явсан. Үүнийг бид зайлшгүй  өөрчлөх шаардлагатай байгаа. Монголбанк санхүүгийн зохицуулах хороотой хамтраад үнэт цаас, банк бус санхүүгийн салбарыг хөгжүүлэх талаар бодлогын   төвшинд ярилцаж байна. Мэдээж эдийн  засаг хүндрэлтэй үед зөвхөн төр засаг гэлтгүй хувийн сектор ч мөн хамарч ажиллаж байж хүндрэлээс хурдан гарна. Өнөөдрийн байдлаар  зээлийг хүүг буулгах асуудал хоёр талтай. Үүнд нэг төвөгтэй асуудал байгаа нь Монголбанк хүүг буулгах журам гаргавал нэлээд захиргааны арга хэмжээ болчихоод байгаа юм л даа. Үнийг  зах зээл өөрөө зохицуулдаг. Гэтэл төр үүнд оролцвол захиргаадалт руу шилжчих гээд байгаа юм.  Тиймээс харилцах болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхийг зогсооё гэвэл банкууд өөрсдөө цуг сууж байгаад шийдвэрээ гаргавал Монголбанк үүнийг дэмжихэд бэлэн байгаагаа хэлье.
 
Өнөөдөр хамгийн их яригдаж байгаа сэдэв бол зээлийн чанарын асуудал. Зээл чанаргүй болох хоёр үндсэн шалтгаан бий. Тухайлбал, ерөнхий эдийн засгийн нөхцөл байдлаас болж, бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор  зээлийн төлөлт удааширдаг. Нөгөө нь хууль эрх зүйн орчин. Эрх зүйн орчныг сайжруулахын тулд бид өнөөдөр ажиллаж байна. Үүнд Хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг дурьдах ёстой. Хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулаад эхэлбэл тодорхой хэмжээнд зээлийн чанарт ахиц гарах боломж байгаа. Энэ хуулийг удахгүй хэрэгжүүлнэ. Нөгөөх нь  Барьцаа хөрөнгийн шүүхийн бус замаар шилжүүлэх тухай хууль. Энэ хуулийг баталсан мөртлөө хэрэгжүүлэх явц үр дүн муутай байгаа. Тэгэхээр үүнд Банкны холбоо, Монголбанк, ХЗДХЯ болон бусад төрийн байгууллагатай хамтраад ажиллуулж, зөв гольдрилд  нь оруулах тал дээр  анхаарар хэрэгтэй байна. Ер нь шүүхийн бус замаар хөрөнгө шилжүүлдэг тогтолцоо дэлхийд хэвшмэл болчихсон. Бүр хамгийн  зөв туршлага гэсэн тодотголтой явдаг ч манай улсад төдийлөн хэрэгжихгүй байгаа учраас талууд хамтарч суух хэрэгтэй байгааг энд дурдъя.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)