Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Наадмаар угсраа автобусууд иргэдэд үнэгүй үйлчилнэ

Ирэх сарын 06-ны өдрөөс эхлэн хотын төв хэсэг буюу 5-н шараас офицеруудын ордон хүртэлх чиглэлд угсраа автобус нийтийн тээвэрт зорчино. Мөн наадмаар Төв цэнгэлдэх, Мишээл экспо, Дүнжингарав чиглэлд гурван угсраа автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ. Уг автобус нь 100 километрт 27 литр түлш зарцуулдаг. Таван хаалга нь бүгд автоматаар нэгэн зэрэг нээгдэж, хаагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сууж буухад зориулсан тусгай налуу шаттай зэрэг технологийн дэвшлийг харуулсан автобус юм байна. Мөн жолоодоход хялбар. Хэдий 18 метрийн урттай ч, маневар сайтай гэж жолооч нар ярьлаа. Гэхдээ угсраа автобусыг жолоодох жолооч нарыг тусгайлан бэлтгэжээ.
 
Нэг нь 300 гаруй сая төгрөгний үнэтэй 20 угсраа автобусыг Беларусь улсын "Маз" компаниас авсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монголд 17 нь орж иржээ. Гурав нь замдаа яваа юм байна. Угсраа автобус үйлчилгээнд гарч эхэлснээр Улаанбаатар хотын нийтийн тээвэр хөгжил шинэ түвшинд гарч ирнэ гэж хотын удирдлагууд мэдэгдлээ. Учир нь энэхүү автобус ОХУ, Беларусь зэрэг улсын нийтийн тээвэрт явдаг гэлээ.
 
169 хүний багтаамжтай, хуучин автобусыг бодвол тав тухтай. Халуун, хүйтэнг тохируулагч автомат сэнс, паартай гэдгийг ч үйлдвэрлэгч компаниас тодотголоо. Угсраа автобусыг 2013 оноос захиалгаар Беларусын Мак компани үйлдвэрлэж эхэлжээ. Энэ удаад Монгол улсад нийлүүлсэн дээрх автобусууд бүгд 2016 оных.
 
Угсраа автобус үйлчилгээнд гарахтай холбогдуулан эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлын халаасыг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийсэн гэлээ. Удахгүй дахин Өмнөд Солонос улсад үйлдвэрлэсэн тролейбусууд ч шинээр орж ирэх юм байна.
 
Д.УЛАМБАЯР
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)