Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Архи уулаа” хэмээн эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд 24 жилийн ял оноов

Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороонд байрлах нэгэн зочид буудалд өнгөрсөн дөрөвдүгээр сард эхнэрээ зодож, амийг нь хөнөөсөн байж болзошгүй онц ноцтой хэрэг гарсан билээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө тус хорооны “Л” нэртэй зочид буудалд хүн амины хэрэг гарлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
 
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ирэхэд гурван иргэн байсан бөгөөд нэг нь амиа алдаж, нэг нь тархиндаа хүнд гэмтсэн байдалтай байсан гэнэ. Ингээд эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, А гэгчийг сэжигтнээр тооцон, баривчилжээ.
 
Тэрээр талийгаач Н-ын нөхөр бөгөөд “архи, пиво уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний аминд хүрсэн гэдгээ хүлээсэн байна. Үүнээс гадна А талийгаачтай хамт зочид буудалд байсан А-г шалтгаангүйгээр пивоны шилээр толгой, зулай хэсэгт нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулж, танхайрсан нь нотлогдсон аж.
 
Улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
 
Шүүх хэргийг 2016 оны долоодугаар сарын 29–ний өдөр хэлэлцэж, О.А-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 24-р зүйлийн 24.1-д заасныг үндэслэн "онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцжээ. Мөн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дах хэсэгт зааснаар 24 жил, 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулсан байна. Ингэхдээ 10 жилийн хорих ялыг гянданд, сүүлийн 14 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
 
Яллагдагч А нь урьд нь 4 удаа ял шийтгүүлэхдээ 2 удаа нь хүнд гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)