Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Улсын Их Хурлын ээлжит 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.
 
Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газрын гол зорилт нь улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад оршино.
 
Мөн төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүллээ. 
 
НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ОНЦГОЙ БОДЛОГО
    
Эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч буй өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогыг баримтална.
    
1.1.    Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, тогтворжуулах хөтөлбөр боловсруулна. 
1.2.    Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
1.3.    Төсвийн нэгдмэл байдлыг ханган, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоож, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар үр ашгийг нэмэгдүүлнэ.
1.4.    Төсвийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг танах, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна.
1.5.    Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг үр дүнтэй, ард иргэдэд нээлттэй, ил тод болгоно.
1.6.    Ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргаж, иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжин орлогыг нэмэгдүүлнэ.
1.7.    Төрөөс захиалгаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлсөө авч чадахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг барагдуулна.
1.8.    Өр зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, үндсэн төлбөрийн хугацааг хойшлуулах чиглэлээр яриа хэлэлцээ хийж, улсын төсөвт тулгарч буй өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулна. 
1.9.    “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн ашиглалтад үнэлэлт, дүгнэлт өгч, үр ашгийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
1.10.    Хөгжлийн банкны бонд, зээлийн зарцуулалтыг дүгнэж, төсөл, хөтөлбөрт үнэлгээ хийж, зориулалтын бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зээлийг буцаан төлүүлнэ.
1.11.    Шинэ төрлийн татвар бий болгохгүй ба үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд тодорхой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1.5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулна.
1.12.    Аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварыг орлогын түвшингээс хамаарсан шатлалтай болгоно.
1.13.    Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. 
1.14.    Үндэсний хөрөнгө оруулагчдыг бүхий л талаар дэмжиж, эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
1.15.    Эрх бүхий байгууллагуудаас үндэсний аж ахуйн нэгжүүдэд тавигдсан татварын актын хүү, торгууль, алданги, үндсэн татварын нөхөн төлбөр төлөх хугацааг сунгах, хаалгасан дансыг нь нээх зэргээр бизнес эрхлэгчдээ дэмжинэ. 
1.16.    Эдийн засгийн хүндрэлээс улбаалан ажил, орлого нь хумигдан, зээлээ төлж чадахгүйд хүрч, “Найдваргүй зээлдэгчдийн жагсаалт”-д бүртгэгдсэн аж ахуй нэгж, иргэдэд зээлээ эргэн төлж, зээлийн түүхээ сайжруулах боломж олгоно.
1.17.    5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон хөнгөн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ. 
1.18.    Төрийн үйлчилгээний шимтгэл, төлбөрийн хэмжээг бууруулна.
1.19.    Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасган, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана.
1.20.    Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллана. 
1.21.    Түншлэгч улс орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг сэргээн зохион байгуулна.
1.22.    Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ.
1.23.    “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
1.24.    “Эрдэнэс Монгол” компани болон Оюутолгой төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, Тавантолгой, стратегийн ач холбогдол бүхий бусад ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
    
ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОДЛОГО
 
2.1.    Монгол Улсын үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дундаж-дээгүүр орлоготой орнуудын эгнээнд буцаан оруулна.
2.2.    Монгол Улсын Үйлдвэржилтийн газрын зургийг гаргаж, хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
2.3.    Монгол Улсад үйлдвэрлэсэн уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний 50-аас дээш хувийг экспортод гаргаж буй аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжинэ.
2.4.    Иргэн бүрийн эзэмшиж буй 1,072 хувьцааг амь оруулж, үнэ цэнэтэй болгоно.
2.5.    Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг томоохон компаниудын үр ашгийг иргэн бүрд хүртээмжтэй байлгах бололцоог бүрдүүлнэ.
2.6.    Томоохон төслийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ. 
2.7.    Иргэндээ ээлтэй, эдийн засагтаа үр өгөөжтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ.
2.8.    Стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж, “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.
2.9.    Бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад Стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгоно.
2.10.    Үйлдвэрлэлд ашиглагддаг уур, ус, дулаан, цахилгааны тарифыг тогтвортой байлгаж, аажмаар бууруулах бодлого баримтална.
2.11.    Малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, боловсруулах нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ. 
2.12.    Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана.
2.13.    Зах зээл дэх шударга өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн орчинг сайжруулна.
2.14.    Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ.
2.15.    Экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлж, гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр, эсхүл нэг цэгт үзүүлж, чирэгдлийг багасгана.
2.16.    “Итгэлийн зээл”-ийг олгож, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.
2.17.    Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлого хэрэгжүүлнэ.
2.18.    Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна.
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөтөлбөр, “ҮЙЛДВЭРЖИЛТИЙН 21:100” хөтөлбөр, “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” хөтөлбөр, “МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-ыг тус тус шинээр эхлүүлж, “АТРЫН-III АЯН”-ыг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ. 
 
Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр:
 
2.19.    Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана.
2.20.    Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ.
2.21.    Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ.
2.22.    Аймаг, нийслэл, сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах жишиг загвар үйлдвэрийг байгуулахыг дэмжинэ.
2.23.    Хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бий болгоно. 
2.24.    Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна. 
2.25.    Дотоодын хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, тахиа, гахай, зөгий, загасны аж ахуй зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлнэ. 
 
Мал аж ахуйн чиглэлээр:
 
2.26.    Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх зорилг
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)