Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Нүүрснээс татгалзаж эхэллээ

АНУ, Хятад болон Европ тив даяараа нүүрсний "бохир" хэрэглээнээс татгалзах болжээ. АНУ, Европын орнууд илүү хямд байгалийн хийг ашиглах болсноор “бохир” үйлдвэрүүдийг цаашид ашиглах шаардлагагүй болсон аж. Үүний дээр нүүрстөрөгчийн давхар исэл, хүлэмжийн хийг бууруулахад нүүрсний хэрэглээг хумих зайлшгүй шаардлага тулгарчээ. Энэ бодлогыг дэлхийн нүүрсний хэрэглээний тал хувийг дангаар хэрэглэгч бөгөөд агаарын бохирдлоор тэргүүлэгч Хятад улс сайшаан хүлээн авч хэрэгжүүлж эхлээд байна. Гэхдээ Хятадын нүүрсний хэрэглээ таамагласнаас илүү хурдан багасаж байна.
 
Бээжингийн агаарын бохирдлыг бууруулахын тулд Хятадын эрх баригчид нүүрсний хэрэглээнээс татгалзах болсноор энэ оны эхний улиралд импорт 38 хувиар огцом буурчээ. 2014 онд Хятадын нүүрсний импорт олон жилийн туршид анх удаа буурсан бөгөөд энэ онд илүү багасах прогноз ажиглагдаж байна. Хятадын нүүрсний импорт өнгөрсөн онд 11 хувиар буурсан байв. Хятадын нүүрсний хэрэглээ өнгөрсөн онд 1.34 тэрбум тонн байжээ. Хятадын цахилгаан станцуудад энэ оны эхний хоёр сард өдөрт 3.63 сая тонн нүүрс шатаасан аж. Гэтэл 2013 онд өдөр 3.71 сая тонныг хэрэглэдэг байв. 
 
Хятадын нүүрсний импорт буурснаар дагаад үнэ нь унаж эхсэн аж. Тухайлбал, Австралийн нүүрсний үнэ Азийн зах зээл дээр өнгөрсөн 2014 онд  30 хувиар унаж, 2007 оноос хойш анх удаа өнгөрсөн тавдугаар сард тонн нь 60 ам.доллар хүрэхгүй болж буурчээ. Харин Монгол улсын хувьд нүүрсний үнэ буурснаар экспортын орлого өнгөрсөн онд 25 хувиар буурсан байна.
 
Бээжин нүүрсний оронд усан, цөмийн, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг түлхүү ашиглах, хөгжүүлэх урт хугацааны бодлого баримталж байна. Хятадын дарга Си Жинпин нүүртөрөгчийн давхар ислийн ялгаралыг бууруулах замаар 2030 он гэхэд агаарын бохирдлыг арилгах бодлого баримтлах болжээ. 
 
Одоохондоо нүүрс Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн гуравны хоёрыг бүрдүүлсэн хэвээр. Харин 2020 он гэхэд Хятадын эрчим хүчний хэрэглээний 62 хувийг нүүрс бүрдүүлэх гэнэ. 
 
Б.АНХТУЯА
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)