Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Монгол, Францын нөхөрсөг тоглолт болно

"Арсенал" клубын тоглогч алдарт Пирес Робер тэргүүтэй ахмадын шигшээ баг манай улсад өнөөдөр өглөө хүрэлцэн ирлээ.
Франц болон Монголын ахмадын шигшээ баг маргааш 14:00 цагаас Хөлбөмбөгийн ногоон талбайд 14.00 цагаас тоглоно.
Францын “Varieties Club de France” клубын дэд ерөнхийлөгч Colas Jean Claude, ерөнхий менежер Vendroux Jacques болон Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, ахмадын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батсайхан, багийн ахлагч ОУХМ Б.Буман-Учрал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Францын “Varieties Club de France” клубийн хувьд 1971 онд байгуулагдаж 44 дэх улирлаа үдэж буй түүхтэй. 1983 онд нэг сарын дотор дэлхийн бүх тивд зочилж тоглолт хийж Гиннесийн номд бичигдэж байсан гэдгээрээ алдартай баг.
Монгол Улс гэхэд тухайн багийн зочилж буй 81 дэх орон гэдгийг багийн менежер онцолсон.
Тус багт Францын үе үеийн шилдэг хөлбөмбөгчид Жан, Мишель Ларк, Мишель Платини, Ален Жиресс, Бернар Льякомб, Клод Лерой нар тоглож байжээ.
1998 оны ДАШТ, 2000 оны ЕАШТ-д нэг амьсгаагаар түрүүлсэн домогт багийн салшгүй хэсэг Робер Пирес манай улсад ирсэн. 79 тоглолтод оролцохдоо 14 гоол оруулсан шилдэг хагас хамгаалагч.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар урилгыг хүлээн авч манай улсад ирсэн Францын шигшээ багийнханд талархснаа илэрхийлсэн юм.  
“Varieties Club de France” клубын дэд ерөнхийлөгч Colas Jean Claude “Танай сайхан оронд зочилж байгаад баяртай байна. Францчууд Чингис хааны тухай ярих их дуртай. Чингис хааны өлгий нутагт ирсэндээ маш их баяртай байна. Хөлбөмбөгийн талбайд олон хүн ирж бидний тоглолтыг үзнэ гэж бодож байна” гэв.
Ерөнхий менежер Vendroux Jacques “Францын ард түмэн дайчдад их дуртай. Эртний дайчдын өлгий нутагт зочилж байгаадаа тун сэтгэл хангалуун байна. Бидний хувьд Англи, АНУ гээд хөлбөмбөг хөгжсөн газар тоглож болох ч ийм сайхан түүхт оронд тоглоно гэдэг бол бардамнал. Монгол орон бол байгаль, түүх, цэрэг дайчид гээд үнэхээр ид шидийн газар. Хөлбөмбөг хөгжиж буй орон гэдгийг мэдэж байгаа. Холбооны үйл ажиллагаа нь их сайн юм шиг санагдсан учир цаашид хурдан хугацаанд хөгжил дэвшил ирэх биз ээ” гэдгийг хэлсэн юм.
"Арсенал"-ын гол тоглогчдын нэг алдарт Робер Пирес тэргүүтэй ахмадын шигшээ багтай Б.Буман-Учрал, С.Пүрэвсүх нарын Монголын баг хэрхэн тоглохыг харцгаая.
Монголын Хөлбөмбөгийн ногоон талбайд маргааш 14.00 цагаас очиж Франц-Монголын ахмадын шигшээ багийн тоглолтыг үзэж багаа дэмжээрэй.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)