Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

С.Жавхлан: Монголын төлөө би чөтгөртэй ч хамт нийлнэ

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие дааж 69 хүн нэр дэвшсэнээс ганцаараа ялалт байгуулсан хүн бол МУГЖ, дуучин С.Жавхлан. Тэрбээр Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт нэр дэвшиж сонгогчдынхоо цусыг нь буцалгаж цөсийг нь хөөргөж гарч ирлээ. Хамгийн сонирхолтой нь сонгуулийн сурталчилгааныхаа үеэр үнэтэй машин бус үхэр тэрэг хөлөглөж, морь унаж давхисаар сурталчилгааны хоногуудаа дуусгасан. Иргэд эхнээсээ л С.Жавхланд ам сайтай, сайн хандлагатай байсан нь илт. Тиймдээ ч тэрөээр 10 мянга хол давсан хүний саналаар УИХ-д сонгогдож чадлаа. Харин өнөөдөр УИХ-ын сонгуулийн түр үнэмлэхээ гардаж авахаар ирсэн тэрбээр шар дээл, улаан малгайгаараа гангарсан харагдав. Ингээд түүнийг үнэмлэхээ аваад Төрийн ордоноос гарч ирэхэд нь ярилцлаа.
 
-Баянзүрхчүүдээс үнэмлэхүй ялалт байгуулж, та бие даагчдаас ганцаараа гарч ирлээ. Сонгосон сонгогчид болон нутгийн зон олондоо хандаж сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?
 
-Гялайлаа. Монголын тал нутагт Хамаг монголд хүртэл дэлхийгээр цацсан шагай шиг хүмүүс маань чих тавин сонсч хүлээж байлаа. Зөвхөн Монгол биш хамаг монголчууд сонсч байсан. Тойргийнхоо нийт түмэн олондоо баярлалаа. Монгол дээлтэйгээ очиж сонгуулиа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Монгол яллаа. Жавхлан ялаагүй юм шүү. Миний ярьж явдаг Монгол ёс заншил, мартагдаж байгаа үүх түүх соёл минь яллаа. Энэ ялалтууд цаашид үргэлжилнэ.
 
-Нэг намын үнэмлэхүй олонхи болсон парламентад та суух гэж байна. Бие даагчийн хувиар та яаж ажиллах вэ?
 
-Монголын төлөө би чөтгөртэй ч хамт нийлнэ гэж ярьдаг байсан. Монголын төлөө бол хэнбугай ч, нам эвсэл ч хамаагүй ээ. Харамсалтай нь Монголд асар их талцал байгаа шүү дээ. Энэ муухай талцалыг оёж эвцэлдүүлэх чиглэлийг барьж ажиллана.
 
-Таныг үзэл бодолдоо тууштай улаан гал шиг улалзаж чаддаг болохоор улаан гартнуудтай эсрэг тэмцэж чадна гэсэн итгэлийг иргэд сонгогчид танд илгээжээ. Тэд нарынхаа итгэлийг алдахгүй байх?
 
-Намайг сонгосон надад итгэсэн сонгогчдынхоо итгэлийг би хөсөрдүүлэхгүй ээ. Монголынхоо төлөө бүгдэнтэй нь хамтарч ажиллана.
 
-Та өөрийнхөө мөрийн хөтөлбөрөөс танилцуулбал?
 
-Их хурлын гишүүн гэдэг энэ эрхэм нандин суудал миний хувьд сандал суудал, эрх ямба гэхээсээ илүү хамгийн өндөр хариуцлагатай алтан манаанд гарч байгаа харуулын ажил шиг санагддаг. Тиймээс халамж үйлчилгээний салбарт хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн халамжийн мөнгө, хүний асрамжид байдаг хүмүүсийн мөнгө зэрэгт хатуу хяналт тавьж, эзэнд нь ачаалал чирэгдэлгүй цаг хугацаанд нь хүргэх үйлчилгээ бий болгохыг зорино.
 
Дээр нь үндэсний бахархлыг сэргээж, өв их соёлыг хамгаалж, Монгол хүний омогшлыг түгээж, иргэн бүр хүн бүрийн үнэ цэнэтэй тогтвортой амьдралын төлөө зүтгэх юм байна. Мөн Монгол Улсын иргэний даатгалын тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө зүтгэж, хүнээ эхлээд үнэлж сурах талаар УИХ-д дуугарна.
 
С.Жавхлан урлагийн хүн. Тэр ч утгаараа төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн монгол язгуур урлагийг хөгжүүлэх, таниулах тал дээр санал санаачлагатай ажиллах юм байна. Монголын язгуур урлагийг Монголын эртний үнэ цэнэтэй зүйл хэмээн Үндсэн хуулиар хамгаалуулах тухайд хуулийн заалт оруулах ажээ. Урлаг бол урлах, сэтгэх, хийх, бүтээх гэсэн дөрвөн амин шинж чанараас бүтдэг. Урлагийн салшгүй нэг хэсэг бол бидний өв их соёл хувцас юм. Тиймээс энэ тал дээр ч анхаарч ажиллах юм байна. Мөн гадны соёлыг Монгол улсад үйлдвэрлэж байгаа хэн нэгнийг дэмжихгүй ээ.
 
-Таны сонгуулийн сурталчилгаа их өвөрмөц байлаа. Яагаад ийм сурталчилгааг сонгосон юм бэ?
 
-Хэмнэж чадсан хүн хийж чаддаг юмаа. Монголынхоо сүлд шүтээн болсон хүлэг морио  унасан. Том том жийпэн дотроос муур шиг гэтэж явахын оронд сүлд шүтээн болсон морин дэл дээр хийсч явж түмэн олныхоо аж амьдралыг харах ялгаа бол тэнгэр газар шиг ялгаатай. Сая би үнэмлэхээ аваад гарч ирлээ. Ороод харахад гадаад хүмүүс дунд байгаа юм шиг санагдлаа. Бүгд хар хар хорхой шиг, гадаад хувцас өмссөн байна. Ер нь монгол зүйл маань нүдний гэм болжээ. Монгол гэсэн бүхэн адлагдаж, үгүйсгэж ирсэн учраас сонгуулийн сурталчилгаагаа Монголоороо хийсэн юмаа.
 
-Яагаад үнэтэй машин биш үхэр тэрэг хөлөглөсөн юм бэ?
 
-Монголд морь, тэмээ гэсэн хоёрхон уналга байдаггүй юмаа. Зөндөө олон уналга байдаг. Тэдний нэг нь үхэр тэрэг. Үхэр тэргээ унаад иргэдтэйгээ уулзахад их амар байсан. Машины шил хаахгүй, айлын хашаа нүдээд байхгүй, хашаан дээрээс нь сурталчилгаагаа өгөхөд илүү амар, иргэдтэй нүүр тулж харьцахад амар байлаа. Шатахуун хэрэглэхгүй, бөглөрөл байхгүй зэрэг шалтгаанаар үхэр тэрэг унасан юм.
 
-Таны сонгуулийн штабад хэдэн хүн ажилласан бэ?
 
-20 гаруй залуус байсан даа. Энэ залуучууд, ердийн хөсөг, монгол зан заншлынхаа тусламжтайгаар маш хурдтайгаар миний сурталчилгаа асар олон хүнд хүрч чадсан. Их эзэн Чингис маань дэлхийг мориороо үхэр тэргээрээ хурааж явсан. Тэгвэл Жавхлан би сонгуулийн нэг хороог мориороо хураахад хэцүү бэрхшээл зүйл байсангүй ээ.
 
-Та дээлтэйгээ парламентад суух уу, эвсэл тайлах уу?
 
-Би тайлахгүй ээ, ер нь эд нарыг бүгдийг нь дээл өмсгөж сургана. Хэрвээ Монголын төлөө ярьж хуралдаж байгаа бол монгол ёс заншлаараа байх ёстой. Өөрөө гадаадын хувцас өмсчихөөд гадаадаас орлого оруулж ирдэг хэрнээ Монголын эдийн засаг гэж ярихгүй ээ. Эд нарт би жинхэнэ ядаргаа болно. Тангараг өргөх ёслол дээр гадаад хувцас өмсөхгүй байхыг анхааруулж хэлмээр байна. Монгол хувцастайгаа ирэхгүй бол цаашлаад монгол дээлээ өмсөхгүй бол Жавхлан тэмцэнэ шүү гэж хэлье.
 
-Таныг сонгуулийн жил эхэлсэн байхад малчдад өвс тараасан нь хууль бус. Тиймээс шүүхэдвэл Жавхлан унана гэсэн хар пиар гараад эхэллээ?
 
-Засгийн газартай хамтран ажиллаж, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хаврын тарчиг цагт зовж зүдэрч байгаа малчидадаа өвс хүлээлгэж өгсөн байдаг. Энэ бол хуультай харших зүйл бишээ. Монголыг хулгайлж идэж байгаа хулгайч нар нь УИХ-д дэвшиж болоод байдаг, яахаараа Монголынхоо малд өвс өгсөн хүн буруудах ёстой гэж. Энэ бол ор үндэсгүй асуудал. Би энэ үхэр илжигнүүдэд өвс өгөөгүй, монголынхоо мал зутарч байхад өвс тараасан юмаа.
 
-Та Төрийн ордонд суугаад хамгийн түрүүнд юу хийх вэ?
 
-Би суухгүй, явна. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Эд нарыг хөлдөө чирч бөөн юм болно. Намайг хараад нойр нь хүрэхгүй бөөн л юм болох байх даа.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)