Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

“Чингис хаан” гран при эхэллээ

Дэлхийн чансааны оноо олгох “Чингис хаан” гран при  жүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ. Тэмцээний техникийн зөвлөлгөөн болон бөхчүүдийн оноолт олгох сугалаа өчигдөр Блю-Скай цамхагт боллоо.
 
Дэлхийн 187 оронд шууд дамжуулах энэ  тэмцээнд 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн. Тодруулбал, тэмцээн зохион байгуулагчийн давуу хувиар манай улсаас нэг жинд дөрөв, нийт 56 тамирчин оролцох бол БНХАУ23, БНСУзургаа, ОХУ-аас 14, Азербайжен ес, Чех хоёр, Япон долоо, Казахстан дөрөв, Люксембург  нэг, Хорват, Куба, Кыргызстан, Словен улсаас тус бүр  гурван тамирчин оролцоно.  
 
Өнөөдөр хэсгийн барилдаанууд 13:00 цагаас эхлэх бол медалийн төлөөх барилдаан 17:00 цагаас эхэлнэ. Энэ өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар эхлэх бол маргааш эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн аваргууд тодорно. Сүүлийн өдөр эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм. 
 
Энэ удаагийн тэмцээн олимпын наадмын өмнө болж байгаа учир оролцогчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөн байгаа аж. Гэсэн хэдий ч шагналын сан өндөр хэвээр байгаа юм. Тодруулбал, түрүүлсэн бөхийг 100 мянган ам.доллараар байлах юм байна. 
 “Энэ  тэмцээнээр олимпын эрх олгохгүй. Олимпын эрхийн оноо олгох тэмцээнүүд тавдугаар сараар тасалбар болдог. Танай улс үүнээс дээгүүр ангиллын тэмцээн зохиох бүрэн боломжтой. Энэ нь ч “Чингис хаан” гранпригаас харагддаг. Шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд дээд ангиллын тэмцээн, уралдаан шүүдэг мэргэжлийн, өндөр ур чадвартай шүүгчид байгаа. Тэмцээнийг шүүхээр Ази, Америк, Европ тивээс ирсэн” хэмээн Олон улсын жүдо бөхийн холбооны спортын асуудал хариуцсан захирал Владимир Барта хэлсэн. 
 
Эрэгтэйчүүдийн жингийн оноолт: 
 
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын эхний хэсгийн барилдаанд Д.Өлзийбаяр ОХУ-ын Д.Стерков нар учраа таарч, С.Болдпүрэв, Т.Баттулга, А.Эрдэнэбилэг нар гоц мөргөсөн. Харин  -100 кг-д Кубын Ж.Армантерос манай бөх Т.Гантай, Л.Дашдулам Хятадын На Рисү, А.Баярсайхан Хятадын Тэ Ригүл, К.Одбаатар Азербайжений З.Коцойев нар эхний хэсэгт таарлаа.
+78 кг-д Кубын Ортиз Идализ Японы Ичихаши нар, М.Баттулга болон  Г.Гармаа, Ж.Одхүү Хятадын Ли Нан, Г.Эрдэнэбилэг Оросын Шерметов нар эхний хэсэгтээ таарлаа. 
 
 Тэгвэл -90 кг-д манай жүдоч О.Лхагвасүрэн Оросын И.Иванов эсхүл Т.Батсайхантай, Хятадын Бү Рэжид Азербайжены Ф.Дадашов, Кубын А.Гонзалез  Азербайжены В.Шарбатли эсхүл Т.Одхүүтэй, А.Гантулга Чехийн Д.Кламмерт аль эсхүл Хятадын Эригэмубатутай эхний хэсгийн барилдаанд таарсан юм. Оноолтыг сугалааны системийн дагуу санаандгүй байдлаар оноосон. 
 
Хасах -80 кг-ын эхний хэсгийн барилдаанд Д.Нямсүрэн СолонгосынW.Jung, Хятадын L.Zha, Солонгосын H.Lee Казахстаны А.Махамбетов, Чехийн Ж.Мусил Люксембургын Б.Баянаа болон манай жүдоч Т.Ганхуяг, Азербайжаны А.Сафали М.Эрдэнэхүү, А.Батмөнх нар эхний хэсэгтээ хүч үзэх нь. 
 
Харин -73 кг-д Слований Мартин Хойак Казахстаны Оразалин Нурлан, Б.Санжмятав нар, Азербайжаны Валиев Тэлман Оросын Фогэл Лео нар, Азербайжаны Гүлүзад Фаган Хятадын Ба Яндэлихэй, П.Бат-Эрдэнэ,  мөн К.Наранхүү Б.Батцэцэг, А.Ганиев нар эхний хэсэгт учраа таарлаа.  
 
М.Бөхбат: Тэр нь илүү, энэ нь түрүүлнэ  гэж таахын аргагүй
Энэ үеэр  Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатаас цөөн асуултад хариулт авлаа.
 
-Манайхаас 56 бөх зодоглож байна. Гэхдээ тамирчдын нэрс дотор олимпын эрхээ авсан тамирчид цөөн харагдаж байна? 
 
-Манай жүдо бөхийн шигшээ багийн тамирчдаас оролцоно. Энэ тэмцээнд оролцсоноор тамирчдад туршлага сууна. 2020 оны зуны 32 дахь удаагийн олимпын наадамд оролцох тамирчдаа бэлдэж оруулж байгаа гэж ойлгож болно. “Чингис хаан” гранпри  тэмцээн дэлхийн чансааны оноо олгоод зогсохгүй 2020 оны олимпын наадмын эрхийн оноо олгоно. 
 
-“Чингис хаан” гранпри өндөр зэрэглэлийн тэмцээн. Манайхаас ч тэр, гаднаас ч тэр шилдэг тамирчид оролцож байгаа. Энэ дундаас онцолбол? 
 
-Олимпын болоод дэлхийн аварга хэд хэдэн тамирчид харагдаж байсан. Мөн манай шилдэг тамирчид оролцож байна. Тэр энэ гэж цохоод хэрэггүй байх. Сугалааны оноолт боллоо. Тэр нь илүү, энэ нь түрүүлнэ  гэж таахын аргагүй байна. 
 
-Энэ жилийн тэмцээний онцлог гэвэл? 
 
-Энэ удаагийн тэмцээн олимпын наадмын өмнө болж байгаа. Олон улсын жүдо бөхийн холбооны стандарт, дүрэм журмын дагуу явагддаг. Энэ жил эдийн засгийн хямралтай байгаа болохоор тусалж, дэмжиж байгаа хүмүүсийн тоо цөөрсөн. Гэсэн хэдий ч бид шагналын сангаа бүрдүүлж чадсан. Жүдо бөхөө дэмжээсэй. Учир нь, цаашид манай баг тамирчдыг олон олон тэмцээн уралдаан хүлээж байгаа. 
 
Б.Пагва: Эрх авсан тамирчдаа оролцуулахгүй байх нь манай тактик
 
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Пагва гуайгаас дараахь тодруулгыг авлаа. 
 
-Сугалааны оноолтыг харж байхад цөөн орны тамирчид харагдаж байна. Энэ жил тамирчдын тоо яагаад цөөрчихөв? 
 
-Энэ жилийн тэмцээн олимпын наадам болохоос сар гаруйн өмнө болж байгаа учраас цөөн орны тамирчид ирсэн. Ихэнх тамирчид өдгөө зөвхөн олимпод оролцохын тулд бэлтгэлээ базааж байгаа. Нэгэнт л олон улсын жүдо бөхийн холбооны календарьт бичигдсэн учраас бид  хугацаанд нь тэмцээнээ зохион байгуулахаас өөр аргагүй. 
 
-Олимпын эрхээ өвөртөлсөн тамирчдаас зарим нэг нь өнжсөн харагдаж байна.  Н.Түвшинбаяр аваргын нэр гэхэд л алга? 
 
-Олимпод  оролцох эрхээ авсан тамирчид бүгд оролцохгүй. Манай холбооноос  ийм тактиктай байгаа. Эрх авсан тамирчид заавал энэ тэмцээнд орох албагүй. Зарим нэг тамирчдаа нөөж байна.  Н.Түвшинбаяр аварга оролцохгүй. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)