Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

ЭЕШ-ын оноотойгоо санал нийлэхгүй бол өргөдөл гаргах боломжтой

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-нд Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Харин зургадугаар сарын 19-нд өндөрлөсөн. Тиймээс боловсролын салбарт өрнөж буй гол үйл явдал нь элсэлтийн ерөнхий шалгалт, элсэгчидтэй холбоотой мэдээлэл байв.
 
Бид энэ удаа ч бас элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг дуулгахаар бэлтгэлээ. Одоогоор их, дээд сургуулиуд элсэгчдээ цахимаар бүртгэж эхлээд байна. Зарим төрийн өмчийн сургуулиуд элсэгчдээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-наас бүртгэж эхэлсэн. МУИС, МУБИС, ШУТИС гэх мэт төрийн өмчийн томоохон сургуулиудын онлайн бүртгэл энэ сарын сүүлчээр өндөрлөнө. 
 
Харин магадлан итгэмжлэгдсэн, их, дээд сургуулиудын бүртгэл долдугаар сарын 1-ээс эхэлж, 7-8 хоног үргэлжлээд, баяр наадмын өмнө өндөрлөх юм байна.
 
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗӨВ ХАРИУ ЭНЭ САРЫН 27-НД НИЙТЛЭГДЭНЭ
Шалгалтаа амжилттай өгсөн хүүхдүүд одоо дүн, оноогоо хүлээж суугаа. Мөн шалгалтад ирсэн даалгавраа хэрхэн зөв бөглөсөн эсэхээ шалгалтын түлхүүр буюу элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариунаас харах, өөрийнхөө хариултын хуудастай тулгах боломжтой байдаг.
 
Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариу хэзээ гарах вэ гэдгийг Боловс­ролын үнэл­гээний төвийн мэргэ­жилт­нүүдээс асуусан юм.
 
Элсэлтийн шал­галтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлдэг. Энэ жил ч бас энэ уламжлалынхаа дагуу “Зууны мэдээ” сонины ирэх Даваа гарагийн дугаарт буюу энэ сарын 27-ны дугаарт нийтлэнэ гэдгээ хэлж байна.  
Харин  шалгалтын дүн, онооны  жагсаалтыг  долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn сайтад байршуулан нийтэд зарлах аж.
 
Тиймээс элсэгчид шалгалтынхаа дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec.mn ​ вебсайт-аас үзэх боломжтой болно. 
 
БАТЛАМЖ ХУУДСАА ХЭЗЭЭ АВАХ ВЭ?
Шалгалтынхаа дүн, оноотойгоо танилцсан хүүхдүүд батламж хуудсаа гардаж авна. Батламж хуудсаа авсан хүүхдүүд хүссэн сургуульдаа сонирхсон мэргэжлээрээ элсэх эрхтэй болно. Иймд шалгалтын дүн, оноо нийтлэгдэх батламж хуудсыг хэзээнээс тараах тухай мэдээллийг дуулгая.    
 
“Элсэгчдийн батламж хуудсыг ирэх сарын 5-наас өмнө тарааж дуусгана гэдгийг албаныхан хэлж байна. Харин хот, хөдөөгийн элсэгчдийн батламж хуудсыг хаана хэрхэн хуваарилж олгох тухайд “Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтын бо­лон монгол хэл, бичгийн шалгалтын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулиас элсэлт хариуцсан багш, ажилтнаас хүлээн авна.
 
Харин хөдөө орон нутгийн нийт элсэгчид  батламж хуудсаа  аймгийн Бо­ловс­рол соёлын газрын элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ажилт­наас авна.
 
Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид батламж хуудсаа Боловс­ролын үнэл­гээний төвийн Олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна” гэж байв. Дээрх хоёр шал­галтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жил буюу 30 сарын  хугацаанд хү­чинтэй. Хаяж, үрэг­дүүлсэн  тохиолдолд дахин олгохгүй. Харин БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно” гэв.
 
ШАЛГАЛТЫН ДҮН, ОНООТОЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ БОЛ...
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын  тест задарсан, түү­нийг нь зарсан, ав­сан  гэх мэдээлэл ца­хим орчинд тарж, эцэг, эхчүүдийг болон эл­сэгч­дийг төөрөгдүүлээд байгаа.
 
Тиймээс зарим э­л­сэг­чид шалгалтын дүн, оноотой санал зөрөх явдал гарахыг үгүйсгэхгүй. Иймд БСШУЯ-ны дэр­гэ­дэх Боловсролын үнэлгээний төвд иргэдээс ирсэн элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалттай  холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байна.
 
“Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал ний­лэхгүй байгаа болон шал­­галтын дэвтэр, ха­риултын хуудастай хол­боотой өргөдлөө бичгээр гар­гаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын таван өдөрт багтаан Баян­зүрх дүүрэг, VI хороонд байрлах, “Оюуны Ундраа” группийн байранд, БҮТ-д ирүүлэх боломжтой. Өргөдлийг бид хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө” гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)