Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

С.МӨНХЧУЛУУН: С.Амарсайхан дарга төрийн албанд ч ажиллаж үзээгүй л хүн ш дээ

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунтай ярилцлаа.

ХОТ АЖЛАА 40 ХУВЬТАЙ ДҮГНҮҮЛСЭН. САЙН ГЭЖ ХЭЛЭХ ҮҮ

-Та хотын даргад өрсөлдсөнөөс хойш жилийн хугацаа өнгөрлөө. Өрсөлдөөд гарсан хүн маань ингэж ажиллалаа, надад бас тийм бодол байгаа гэж тоймлож хардаг уу?

-Бодитой харж, бодитой шүүмжлэлийг хэлдэг. Одоо байгааг харахад сэтгэлд хүрэхгүй юм. Хотын ажлын талаар бид НИТХ-ын хуралдаанаар яриад, Засаг даргыг огцруулах асуудлыг ч хөндсөн. Миний хувьд НИТХ-ыг тараая гэдэг саналыг аравдугаар сарын хуралдаанд хэлсэн. Ийм чадамжгүй НИТХ байснаас тарчихъя гэсэн. Хийж байгаа ажлууд нь хангалтгүй байна. Засаг дарга ч тэр, НИТХ ч тэр. Манай Засаг дарга яг төрийн албанд ажиллаж үзээгүй л хүн. Ц.Сандуйг огцруулаад оронд нь өөрөө НИТХ-ын дарга болж, нэг жил ажилласан. Тэрнээс биш яг төрийн албаны гүйцэтгэх ажил ямар байдаг, яаж явдгийг мэдэхгүй. Хөндлөнгөөс харахаар амархан юм шиг, хийж болмоор юм шиг санагдсан байх. Гаднаас хараад “Болно” гээд ороод ирсэн хүнд хийхэд хэцүү. Яг юу хийсэн юм бэ гэхээр үнэхээр хангалтгүй байгаа. Сая, НИТХ энэ оны нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлт буюу Засаг даргын ажлыг дүгнэсэн. 2019 онд хийх ёстой хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл нь 30-40 орчим хувьтай л байна. Ажлаа 40 орчим хувьтай дүгнүүлж байхад сайн гэж хэлэх боломж байна уу. 

Машины хураамж нэмлээ гэчихээд маргааш нь болилоо гээд цуцалж байдаг. Талбай дээр нэг боржин чулуу авчраад тавьчихсан. Гарч ирээд хэн хийсэн ажил вэ, яасан ийсэн гээд загнаад явж байсан. Сүүлдээ өөрийнх нь захирамжаар хийсэн болж таарсан. Ийм байдалтай л байна. Уг нь илүү боломж байсан.

-Нийслэлийн төсвийг нэг их наяд төгрөг давуулж баталсан. Тэгсэн мөртлөө мөнгөгүй гээд татвар, хураамж нэмэх гэж оролдлоо. Хот үнэхээр мөнгөгүй байдаг юмуу, эсвэл...? 

-Төсөв хөрөнгө хангалттай бий. Тэр нэг их наяд төгрөг иргэдийн татварын л мөнгө.

-Тэгээд яагаад мөнгөгүй гэж байнга шалтагладаг юм бэ?

-Бид ЖДҮ гэж яриад буй. Тэрбум тэрбумаар нь идсэн гээд л. Эсвэл төсөв нэг их наяд, хоёр их наядаар хэтэрлээ гэж ярьсаар байгаад сүүлдээ тэрбум гэдгээ ямар хэмжээний мөнгө юм, их наяд гэдэг нь ямар мөнгө вэ гэдгийг бүр ойлгохоо больчихож. Зүгээр сая төгрөг гэж байгаа мэт сонсогддог болчихсон. Нэг их наядыг биднээс татаж авчихаад дахиад мөнгөгүй, ирэх жил зам засах хөрөнгө байхгүй шүү, ингэвэл явган хүний зам засахаа больё гэж ярьсан нь үнэхээр буруу. Зүгээр хүүхэд эрхэлж байгаа юм шиг сонсогдсон. Эсвэл төрийн албан хаагчдаа цомхотгоё гэх юм. Тийм бол энэ чинь Ерөнхий сайдын өгсөн чиглэл ш дээ. Ерөнхий сайддаа хэлэх ёстой.

152 сая төгрөгөөр юу хийснээ мэдэхгүй болтлоо мөнгийг тоохоо больчихсон. Тэгчихээд иргэдийн халааснаас заавал мөнгө авах гэнэ. Авахгүй бол юм хийхгүй гэж ярьсан нь зүгээр улс төрийн шантааж. Аягүй бол 2020 онд ажил нь дутуу явбал та нараас болсон шүү гэж хэлэх зорилгоор л тэгж ярьж байна. 

-Дөчийн бидон шиг чулууг талбай дээр тавиад, буцаагаад ачлаа. Ер нь манайх тайван орон, бослого үймээн гараад байдаггүй. Давын өмнө шаардлагагүй ийм зүйлд 152 сая төгрөг үрнэ гэдэг төсөв хэр замбараагүй байдгийн илрэл биз дээ.

-Тийм. Эрх ашгийн эрэмбэ дарааг харж, аль нь хамгийн тулгамдсан асуудал вэ гэдгийг эрэмбэлэхгүй юм. Талбай дээгүүр машинтай давхиад хүн амьтан дайрсан, мөргөсөн асуудал гараагүй. Ер нь заавал том чулуу эгнүүлэх шаардлагатай юу. Жижиг шон, хотын гудмаар тойруулсан бортоготой модноосоо тавьж болоогүй юмуу гэхчилэн янз бүрийн л шийдэл байсан байх. Гол нь хийчихээд, тэрийгээ эргээд мэдэхгүй гайхталаа явна гэдэг сонин. 152 сая төгрөг чинь иргэдийн л татварын мөнгө. Эрх баригчид маань өөрсдөөс нь гараагүй учраас ерөөсөө тоодоггүй нь үүн дээр харагдлаа.

-Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг...

-Татвар төлөгчид гол нь мэдэх ёстой. Ойлгох юм бол татвар төлөгчид нь уйлна ш дээ.

-Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах асуудал яригдсан. Иргэд “Газрын наймаа явах нь...” гэж хардаж байна?

-НИТХ-аар ороод хувьчлалын жагсаалтад батлагдсан. Ер нь буулгаад барилга барих юм байна гэж ойлгосон. Цэнгэлдэх хэлбэрээр нь хувийн хэвшил аваад явахад би хувьдаа дэмжих л байсан. Гэтэл хувьчлаад газар дээр нь барилга барина гэдэг нь ойлгомжтой байгаа. Оруулж ирж байгаа хүмүүс нь ч тийм юм ярьсан. Миний зүгээс санал хэлсэн. Хэрвээ хувьчилж байгаа бол менежментийн гэрээгээр хувьчил аа. Тэгээд үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүйгээр 5-10 жил яв гэж. Гэтэл менежментийн гэрээгээр биш компанийн хуулийн дагуу давуу эрхээр шууд хувьчилна гэсэн. Хувьчлаад авчихсан хойноо юу хийнэ үү өөрсдийн дурын асуудал болно л доо. 

-Энэ жил төр өөрөө гардан шахмал түлш үйлдвэрлэж байна. Нөөцгүйдэж, дуулиан ч дагууллаа. Иргэд энэ өвөл хөлдөх вий, ядаж хоёр өдрийн нөөцгүй. Төр энэ ажлыг муу зохион байгуулж байна, хувийн хэвшлүүдээ оруулахгүй яасан юм бэ гэх мэт олон асуудал нэг зэрэг хөндөгдлөө.

-Зоригтой том алхам уг нь. Гэвч, шахмал түлш нь ховор юм. Дээрээс нь угаартаж амь нас эрсдэх аюул гарлаа. Үүнтэй холбоотойгоор маш олон айл цахилгаан халаалт руу шилжжээ. Нэг талаасаа давуу зүйл байх. Гол нь шахмал түлшийг л зөвхөн түлүүлэх биш ямар нэгэн байдлаар халаагуур руу ч гэсэн шилжинэ гэдэг чинь нэг алхам. Яваад үзэхээр арван айлын тав нь халаагуур руу шилжсэн байна лээ. Тэгээд хоёр гурав нь шахмал түлшээ түлээд, нөгөө хоёр нь мод түлээд байж байна. Шахмал түлшний нийлүүлэлт бол хангалтгүй байгаа. Үүнийг би өнгөрсөн НИТХ-ын чуулган дээр хэлсэн. Дараагийн чуулган дээр ч ярьж тавина. Яг борлуулалтын цэг дээр очихоор тэндээ түлш нь байхгүй. Нэг хороонд 2-3 борлуулалтын цэг байдаг. Хороо гэдэг чинь 10 мянган хүн амтай нэгж. Тэр хүмүүс нөгөө гурван цэгээс очиж шахмал түлшээ авна. Дуусчихсан байвал цаашаа дараагийн хороо руу явдаг. Ийм хүндрэлтэй асуудал гарч байна.

-Цахилгаан руу шилжиж байгаа айлуудаа хувилаад хасахаар ойролцоогоор 130-140 мянган өрхийг л арай чүү түлшээр хангаж байгаа болж таарав уу?

-Айлууд картаараа долоо хоногт зургаан шуудай түлш авдаг. Одоо хүүхдүүд амраад өдөржингөө гэртээ хүнтэй байна. Ид хүйтэн ес ч эхэллээ. Тэгэхээр зургаан шуудай нүүрс хаанаа ч хүрэхгүй. Томоохон байшинтай айлуудыг яагаад ч халааж барахгүй. Тиймээс айлууд маань цахилгаан халаалт руу ихэнх нь шилжиж. Гэхдээ тогны мөнгө их гарна. Мөн тэр бүр халаагуурыг шууд худалдаад авах чадвартай айл хэд билээ. Гэр хороолол дунд халаагуур байтугай талхаа өдөртөө зохицуулж байгаа өрх олон бий. Яг айлууддаа байдал хүнд тусч байна. 

-Сурвалжлаад явж үзэхэд борлуулалтын цэгийн хаалгыг нь нүдэж булаацалдаад л, тэнд эсэн мэнд хонох уу, хөлдөх үү гэдэг дүр зураг харагдаж байсан.

-Нялх хүүхэдтэй, өвчтэй хүнтэй айлууд байгаа. Хөгшин настай хүмүүс ч бий. Тэдэнд аягүй хэцүү байхгүй юу?

-Шахмал түлш ерөнхийдөө нийслэлийн ажил ямар явдгийг сөхсөн. Хүч нь ч хүрэхгүй байлаа.    

-Сайн байвал утааг буурууллаа гэдэг гавьяаг нь авч, нийслэл хийсэн юмаа, Засгийн газар хийсэн юмаа гээд булаацалдах гээд байдаг. Саар болоод ирэхээр нь тэгэхгүй. Угаарын үеэр нийслэл бол бид мэдэхгүй ээ. Энэ манай асуудал биш. Засгийн газраас хийж байгаа гээд ярьж байсан ш дээ. Нийслэл үүн дээр хот доторх түгээлтийг нь хариуцаж байгаа. Дээрээс нь угаарын асуудал гарснаас хойш савлагаа болон айлуудад зар сурталчилгаа хүргэх, анхааруулга, зөвлөмж хүргэх дээр ажиллаж байгаа. Яахав, ингээд тал талаасаа том алхам хийх гээд явж байгаа учраас эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа нь энэ юм болов уу. 

-Хувийн хэвшлийнхэн тоног төхөөрөмж суурилуулаад, зарим нь зээл авч үйлдвэр байгуулсан юм билээ. Тэднийг оролцуулж байгаад яг Засгийн газрын тогтоол гарангуут бүх ажлыг нь төр өөртөө авчихсан гэж дуулдсан. Ард нь нэлээд хэдэн тэрбумын хохиролтой газрууд бий гэсэн. Нөөц хүрэхгүй энэ үед хувийн хэвшлээ баруун зүүн сугандаа чирээд, оролцуулаад явах ёстой юм биш үү.

-Албан тушаалтнуудын зүгээс өгч байгаа тайлбараар шахмал түлш шинэ тутам байна. Төр өөрөө гардаж хийхгүй бол хажуугаар нь хувийн хэвшлийнхэн ямар нэгэн байдлаар нийлүүлж чадахгүй ч юмуу, дундаа тасалдах, стандартын шаардлага хангахгүй хортой юм зарж асуудал үүсвэл яах вэ гэдэг юмыг ярьсан. 

Би бас үүнийг буруу гэж харж байгаа. Яагаад гэвэл төр өөрөө хяналтаа л сайн тавих ёстой. Стандартыг нь гаргаж өгөөд, шаардлагыг нь тавиад, тухайн компанийн хүчин чадал хүрэх үү гэдгийг нь үзээд, хувийн хэвшлүүдээ явуулах ёстой. Тогтворгүй бодлогоос болоод хувийн хэвшил эргээд унадаг шүү дээ.

Өнөөдөрхөн хүмүүс над руу хандлаа. Нөгөө угаар мэдрэгчийн асуудал. Угаар мэдрэгч оруулж ирнэ гэж тендер зарлаад 20-30 компани оролцоод явж байтал гэнэт тендерээ татаж аваад, нийслэлээс Хятадын компанитай шууд гэрээ хийхээр болчихсон. Гэрээгээр хийж байгаа дүн нь тендерээр орж ирсэн хүмүүсийн үнийн саналаас өндөр үнэлгээтэй. Дээрээс нь яг угаарын хий мэдрэгч биш зүгээр утаа мэдрэгч байна гээд хүмүүс над руу хандсан. Нийслэлийн Засаг даргад албан бичиг өгч, гомдол гаргачихсан байгаа гэсэн. Хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэсэн асуудлыг ярьж байна лээ. Тэгэхээр төрийн бодлогын дагуу шахмал түлшийг хувийн хэвшлүүд ч хийх юм байна гээд үйлдвэр оруулж ирээд бэлдээд, ихэнх нь зээл авсан байдаг. Гэтэл бид өөрсдөө хийнэ гэчихээр нөгөө  газрууд чинь хэдэн тоног төхөөрөмжтэй л үлдэнэ. Цаана нь банкны хүү явж байгаа шүү дээ.

-Одоо бараг нэгдүгээр сарын 1 болох гэж байна. Засгийн шийдвэр аравдугаар сарын 09-нд гарсан. Тэрнээс хойш гурван сар болоход аваагүй байдаг. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 74 тэрбум төгрөгийн 6 тэрбумаар нь авна гэж мэдэгдсэн. Явж явж, ер нь угаар мэдрэгч одоо шаардлагатай юу?

-Хятадын компанитайгаа очоод гэрээ хийчихсэн юм шиг байна лээ. Авчраад тараасаар байтал өвөл дуусах байх. Энэ жил хэрэглэлгүй хадгалчихаар дараа жил бараг хэрэггүй биз. Төлөвлөлтгүй, гэнэт гэнэт шийдвэр гаргадгийн гай юмуу даа.

 

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД "ДАВХАР ДЭЭЛ" ӨМСӨЖ, ЗАСАГ ДАРГЫНХАА АЛБАТУУД НЬ БОЛЧИХСОН

-Төрийн ордон дахь улстөрийн агаар амьсгалыг арай бага хэлбэрээр тээгээд суучихсан байдал НИТХ-ын удаа дараагийн хуралдаан дээрээс харагдах боллоо. Уг нь Улаанбаатарын 1.5 сая иргэнийг төлөөлсөн хүмүүс. Иргэний эрх ашгийн төлөө урьдаар дуугарч, тэднийг хамгаалж явах ёстой улсууд биш билүү. Гэтэл улстөрч байдал нь ихдээд байна уу?

-Намын бүлгээрээ хуваагдаад, намын даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг, кноп дардаг толгойгүй хүмүүс болчихоод байна.

Сүүлд гэхэд замын хураамж нэмэх асуудал дээр төлөөлөгчид дотооддоо дургүйлхсэн. Сонгууль дөхчихөөд байхад ийм асуудал гаргаж болж байгаа юмуу, наад татвар чинь зөв үү гэж шүүмжлэлтэй ярьсан боловч яг НИТХ-ын чуулган дээр кноп дарах болоход бүгд дэмжээд явчихаж байгаа юм. Дараа нь эргээд Ерөнхий сайдаас чиглэл өглөө гэж Засаг дарга оруулж ирээд танилцуулахад Засгийн орлогч нь өөрөө ч хэлж л байсан. Бүгдээрээ шүүмжилсэн. Нэг гаргасан шийдвэрээ хамгаалах ёстой. Шийдвэр гаргачихаад буцдаг байж болохгүй. Хийх ёстой гэж бүгд ярьсан боловч кноп дарахдаа бүгдээрээ “Цуцалъя” гэдэг дээр дарсан. Энэ юу харагдаж байна гэхээр өөрийн үзэл бодолгүй, өөрсдөө шийддэг юм бага болчихож ээ.

Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу гэхээр 45 төлөөлөгчөөс Ардчилсан намын 11 төлөөлөгч нийслэлд ямар нэгэн төрийн ажил хийдэггүй. МАН-ын 34 төлөөлөгч байснаас Ц.Сандуй бид хоёр намаас гараад, цаана нь 32 төлөөлөгч үлдсэн. 32-оос гурав нь байна уу даа нийслэлд ажиллаагүй. Бусад нь бүгд Нийслэлийн Засаг даргын доор ажиллаж байгаа хүмүүс болсон. Тэгэхээр Засаг даргын аппаратад ажиллаж байгаа хүмүүс оруулж ирсэн саналыг нь үг дуугүй дэмждэг ийм л байдалтай болчихоод байгаа юм. “Давхар дээл”-ийн сөрөг үр дагавар энд бодитойгоор харагддаг. Түүнээс төлөөлөгчид төсвийг батлаад, иргэд рүү чиглэсэн, нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд дээр санал шүүмжээ хэлээд, энэ асуудлууд чинь болохгүй байна. Энэ нь зураг төсөвгүй, энэ байршил нь болохгүй байна гэдэг асуудлыг яриад явах ёстой. Тэрнийхээ араас хяналт тавих үүрэгтэй. Гэтэл өнөөдөр Засаг дарга авто замын сангийн ажлуудыг багцаар нь оруулж ирээд “Тохижилтын ажил” гээд 10 тэрбум төгрөг тавьсан байлаа гэхэд дотор нь яг ямар ажил байгаа нь мэдэгдэхгүй байна ш дээ.

Уг нь төлөөлөгчид юу хийх юм бэ, ирэх жил ямар ажил явах вэ гэдгийг нэг бүрчлэн нэрээр нь, зураг төсөвтэй нь батлаад, тэр ажлууд нь зөв зүйтэй байна уу гэдэгт хяналт тавих ёстой юм л даа. Гэтэл бүгдээрээ Засаг даргынхаа ажилтнууд болчихоод байна. Засаг даргадаа хяналт тавих ёстой хүмүүс цэргүүд нь болчихсон. Зургаа нь гэхэд Засаг даргын орлогч. Тэгээд төрийн өмчит бүх л байгууллагад байна. Өмчийн харилцааны газар, хот тохижилт, автобус компаниудад бүгдээрээ Засаг даргын албатууд болчихсон учраас төлөөлөгчид ерөөсөө дуугарах боломжгүй болсон.

-НИТХ-ын төлөөлөгч “давхар дээл” өмсөхийг хуулиар хориглоогүй байдаг юмуу?

-Төрийн захиргааны байгууллага дээр бол улс төрийн албан тушаалтнууд ажиллах боломжгүй. Төрийн өмчит үйлдвэрийн газар дээр бол төлөөлөгчид ажиллах боломжтой. Хориглосон юм байдаггүй, тиймээс ажиллаад байдаг. Төрийн захиргааны байгууллагын даргаар ч гэсэн төлөөлөгч ажиллаж л байна. Нэг талаасаа төлөөлөгч, нөгөө талаасаа Засаг даргын цэрэг болчихоод байдаг. Ерөөсөө НИТХ маань Засаг даргын нэг агентлаг шиг байгаа юм. Хурлын дарга ч тоохгүй. Хууль дүрмийг маш их зөрчиж байгаа.

-Тухайлбал, яаж дүрэм журам зөрчиж байна вэ?

-НИТХ-ын чуулганыг зарлахдаа 15-аас доошгүй хоногийн өмнө зарлана гэж заасан байдаг. Тэр нь төлөөлөгчдөд зараа хүргэж, ийм асуудлыг хэлэлцэх гэж байна гэдэг материалыг нь танилцуулах ёстой. Гэтэл хоёр гурав хоногийн өмнө зарладаг. Бараг чуулган дээр материалыг нь тараадаг. Нөгөө Засаг даргын албатуудад материал дээр юу гэж байгаа нь сонин биш. Дарга өгсөн үүрэг гэж хүлээж авдаг болчихсон. Шууд кнопоо дарна. Тэгээд би есдүгээр сарын чуулган дээр хэлдэг нь тэр. Ийм байгаа бол НИТХ-ыг тараая. Тараад шинэ хүмүүсийг оруулж ирье. Үнэхээр чадамжгүй болчихож ээ гэдгийг хэлсэн.

-Иргэд маань НИТХ-ын төлөөлөгчөө тэр болгоныг бас таньдаггүй. Төлөөлөгч тойрог дээрээ өөрийгөө таниулаагүй байгаа нь тааруу ажиллаж буйн нэг дохио болов уу. 

-Би өөрөө Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Өмнө нь нийслэлд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байсан. Төрийн захиргааны албаар явж байгаад улс төрд орсон. Манай тойргийнхон намайг хангалттай мэддэг. Засаг даргад нэр дэвшихээс өмнө ч хангалттай мэддэг байсан.

Өнөөдөр манай төлөөлөгчдийн 30 орчим нь төрийн ажил хийж байна. Төрийн ажил дээр бүтэн найман цаг ажиллаад, хажуугаар нь тойрог руугаа ажиллах зав зай олдохгүй л дээ. Ер нь цаашдаа НИТХ байнгын ажиллагаатай байгаад, яг хурлынхаа чиглэлээр ажилладаг, давхар ажил эрхэлдэггүй, цалин хөлсөө аваад явдаг болох ёстой гэж үзээд байгаа юм. 

ХЭД ХЭДЭН НАМААС ХАНДАЖ, "МАНАЙД ОРЖ, ДЭВШ" ГЭСЭН АСУУДАЛ ЯРЬСАН

-Та МАН-ын гишүүнчлэлээсээ гарсан, иргэдийн хурал дотроо бүлэггүй болсон. Ер нь ингэхэд таны улс төрийн “эрэг хашаа” чинь яг хаашаагаа гарчихсан явж байна вэ?

-Цаашдаа яахыг асууж байна уу. Өнөөдөр УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдлаа. Миний хувьд өмнөх  ажлаа сайн хийх ёстой. Иргэдийн төлөөлөгчийнхөө ажлыг дүгнүүлж таарна. Яахав, цаашаа УИХ-ын сонгуульд дэвшинэ гэсэн бодолтой байна. Ямар байдлаар дэвших үү, аль нам бэ, бие дааж уу гэдэг миний сонголтын асуудал. 34 намын алин дээр нь ч очоод “Би танай намд оръё” гээд өргөдөл бариад очиход авах л байх. Над руу одоогийн байдлаар 7-8 нам хандчихсан байгаа. “Манай намд ор оо, манайхаас дэвшээд яв аа” гэдэг асуудлууд ярьж байгаа.

-Аль намаас вэ?

-Яахав олон л нам байна. Тэр нь гэж шууд хэлээд яахав.

-Ардын нам чинь буцаад гишүүнчлэлээ сэргээгээч гэж хэлээгүй юу?

-Эрх бүхий удирдах албан тушаалтны зүгээс тийм асуудал яриагүй. Намын жирийн гишүүд бол байнга “Та намдаа орооч ээ. Бид гарын үсэг цуглуулаад явах уу” гэдэг. Харин холбогдох албан тушаалтнуудтай ер нь тийм асуудал яриагүй. Уулзаагүй.

-Ямартаа ч том тойрогт нэр дэвшихээр зэхээд байгаа юм байна, тийм үү?

-Сонгуулийн хуулиа сайн харъя. Бие даагаад дэвшихэд хэр хүндрэл гарах нь уу. Аль нэг намаас дэвшихэд ямар асуудал гарах нь уу гэдгийг харж байгаад шийдвэрээ гаргана. Ямар ч байсан УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа. 

-Томсгосон тойргийн тогтолцоог өмнө нь хоёр гурван удаа туршсан ч зарим хүмүүс 2008 оных дээр илүү акц өгч, тэр сонгуулийн чинь дараа л айхтар юм болсон ш дээ гэцгээж байна.

-Ахицтай гэж харж байгаа. Жижиг тойргоос сонгогдсон гишүүд эргэж сонгогдохын тулд зөвхөн өөрийн тойрог руугаа л ажилладаг. Гэтэл уг нь тэр тойрог дээрээ хийдэг ажил нь иргэдийн хурлынх баймаар. Иргэдийн төлөөлөгчид нь тойргоо авч яваад, нөгөөдүүл нь улсын бодлогоо аваад явах ёстой. Тийм учраас  томсгосон тойрог дээр тодорхой алхам гарах байх гэж бодож байна. Тухайлбал, манай Сонгинохайрхан дүүргээс зургаан гишүүн Сонгинохайрханыг зургаа хуваагаад гардаг бол одоо Сонгинохайрханыг нэгтгээд тав, зургаан хүн гарч ирэх нь байна. Тэр хүмүүс нь нийлээд ядаж бодлого гаргаад явах байх. Ийм ахицтай тал бол бий.

-Нэг намынхны биендээ гаргах ёс суртахуун, тараа таниулж, цаад мөн чанараа шавхсан сонгууль болох нь гэж харцгаах юм. 

-Тэр тодорхой л доо. 50+26 хувилбар дээр ч ялгаагүй тэгэх л байсан.

-Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн бол дэвших боломжгүй боллоо. Өрсөлдөгчдөө зохиомол хэрэг тохоох асуудал гарч мэдэх нь гэж болгоомжлох хэсэг байна.

-Мэдээж, авлига албан тушаалын хэрэг хийсэн хүн ёс зүйн хувьд дахиад төрд ажиллах хаашаа юм. Гэхдээ Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх гэж бий. Мөн Эрүүгийн хуулиар хүний ялтай байх хугацааг тооцохыг заасан. Хүн биеэр эдлэх ял байна. Тэрнийхээ дараа хоёр, гурван жил төрд ажиллах эрхгүй гээд хуульчилчихсан. Энэ хугацаа дууссан бол тэр хүн ялгүй болсон гэсэн үг. Заавал хүнийг насаар нь тэгж яллах гээд байх буруу асуудал.

 

Ц.САНДУЙ ДАРГАД ЯЛ ОНООХОД БИДНИЙ ХЭН НЬ Ч ИТГЭЭГҮЙ

-Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйд “60 тэрбум”-ын гэх хэргээр ял оноосон. Та Нийслэлийн МАН-ын дэд дарга, НИТХ дэх МАН бүлгийн дарга байсан. Ц.Сандуйтай хамт ажиллаж байсны хувьд юу гэж бодож байна вэ?

-Шүүхийн шийдвэрийг би төрийн албанд хэдэн жил ажилласны хувьд гайхаж байгаа. Яагаад өнөөдөр прокурорын яллах дүгнэлтээр орсон хуулийн зүйл ангийг яллах боломжгүй байна гээд буцаахаар тэгвэл өөр зүйл ангиар яллана гээд оруулж ирээд яллачихдаг юм. Тэр зүйл анги нь бас хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан юм байна гэхээр тэгвэл хэвлэлд гарсан хугацаанаас нь хойш тооцно гээд явж байдаг. Хүчээр яваад байгаа юм шиг харагдсан. Гэхдээ шийдвэрийг тухайн шүүгч өөрийнхөө итгэл үнэмшлээр гаргасан байх. Одоо дараагийн шатны шүүхэд давж заалдсан байгаа. Дараагийн шүүх ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь шүүхийн асуудал. Үүнийг мэдээж Иргэний нийгмийн байгууллагууд харж л байх ёстой. Хэрэг хийсэн юмуу, ямар гэм буруутай байна гэдгийг. Хууль тэгш үйлчлэх ёстой. Түрүүн ярьдаг авлига, албан тушаалын хэрэгт орсон хүмүүс ёс зүйн хувьд цаашаа дэвших эрхгүй байна гэж бодоход тэр хүнд хуулиар олгогдсон эрх нь байгаа учраас бас тэгш эрхтэй байх ёстой. Үнэхээр гурван шатны шүүх нь буруутай гэж тогтоовол хуулийн практикийн дагуу хуулиа хэрэглэхдээ ингэж л хэрэглэх юм байна гэж харна. Гурван шатны шүүхийн шийдвэр эцэслэж гарч байж шийдэгдэх учраас энд миний зөв, буруу гэж харах бол зүгээр хувь хүний л дүгнэлт юм.

Ц.Сандуй дарга 60 тэрбумын асуудлыг ярьсан, ярихыг нь сонссон гэдгээ хэлсэн. Нөгөө нөхөр ирж яриад, тэрийг нь сонсоод, тэгээд хүлээж аваагүй. Хүлээж аваагүй болохоор нь нөгөө хүн цаашаа яваад өөр газар аваачиж зараад ч юмуу, ингээд асуудал үүсч. Ер нь Ц.Сандуй Засаг дарга болоогүй. НИТХ-ын дарга болсон. НИТХ-ын дарга хүнийг томилж, чөлөөлдөг хүн биш. Ажил, албан тушаалд тавьдаггүй. Тийм учраас тэр “60 тэрбумын схем” гэдэг юм хэрэгжээгүй гэж би бол хувьдаа ойлгож байгаа. Сонссоныхоо төлөө ингээд ял авч байгаа юм байна.

Авч байгаа ял нь сонгуулийг будилаантуулсан гэдэг ял. Сонгуулийг будилаантуулахыг бэлдсэн, зохион байгуулсан гэдэг асуудлаар ял авсан. МАН-ын 34 хүнийг удирдаж, сонгуульд авч орсон хүн нь ийм зүйл ангиар ял авч байгаа юм бол 2016 оны сонгууль будилаантсан юм байна гэж би харах гээд байна. Тийм бол өнөөдрийн энэ НИТХ хүчин төгөлдөр байж чадах уу, үгүй юу гэдэг асуудал үүснэ биз дээ.

-Шүүхийн шийдвэрээр бол...?

-Тийм. Шүүхийн шийдвэрээр энэ хүн сонгуулийг будилаантуулсан болж таарах гээд байна. Тэгэх юм бол өнөөдрийн НИТХ-д байгаа 34 төлөөлөгч сонгуулийн будилааны үр дагавар гэж харагдах гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр шүүх өөрсдөө эцэслэн шийдэх л байх.

-Очиж эргэсэн үү?

-Төлөөлөгчид ярьж байгаа. Манай 45-ын дарга нь байсан, бидэнд хүн чанар байх ёстой. Үүн дээр НИТХ ямар асуудлыг хөндөх юм бэ гэдгийг ярьж байгаа. Ц.Сандуй төлөөлөгчтэй уулзах, эргэх ажлыг Иргэдийн хурлын ажлын алба хариуцаад зохион байгуулъя гэсэн. Мөн МАН-ын бүлгийн төлөөлөгчид намын удирдлагууддаа хандаж гарын үсэг зураад, “Үүнийг эргэж хараач ээ. Намын удирдах албан тушаалд байсан нөхрийнхөө асуудлыг эргэж харах ёстой” гэдэг асуудлыг тавьсан юм билээ.

-Матрын нулимс унагалаа гэдэг шиг хүйтэн газар руу явсан хойно нь дор дороо юм ярьцгаалаа гэхчилэн тал талын л санал шүүмж явж харагдсан.

-Ял авна гэж хэн ч бодоогүй. Хэрэгжсэн хэрэг бол биш байхгүй юу. Ярьсан юм байна, тэрийг нь сонссон юм байна. Гэхдээ хэрэгжээгүй. Тэгээд ял авна гэхээр нь гайхаж байсан. Өөрөө ёс суртахууны хувьд уучлал хүсээд НИТХ-ын даргын ажил, Нийслэлийн намын даргын ажлаа бол өгсөн шүү дээ.

 

Ярилцсан: Ц.БАЯРЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [192.82.76.191] 2020/01/21
математикч