Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

СУДАЛГАА: Хүүхдүүд 17.00-18.00 цагт 1.4-115 дахин их тоосонцрын бохирдолд өртдөгийг тогтоолоо

Энэхүү судалгаагаар сургуулийн хүүхдүүд PM2.5 тоос болоод агаар дахь хүхрийн давхар исэл, азотын давхар исэлд хэрхэн өртөж буйг тодорхойлохыг зорьжээ.
 
Хүүхдүүд хичээлдээ явах болон харихдаа дунджаар 38 минутыг, сургууль дээрээ 3.7 цаг, гэртээ 18.1 цагийг өнгөрүүлдэг болох нь тогтоогдсон байна.
 
Өөрөөр хэлбэл хоногийн 24 цагийн 81 хувийг гэртээ, 16 хувийг сургууль дээрээ өнгөрүүлж, 3 хувийг хичээлдээ явах, харихад зарцуулдаг байна.
 
Тэдний 49 хувь нь орон сууц, 27 хувь гэр хорооллын байшинд, 24 хувь нь Монгол гэрт амьдардаг бөгөөд 60 хувь нь өглөө, 40 хувь нь өдрийн ээлжинд хичээллэдэг байсан аж.
 
 
СУДАЛГААНЫ ДҮНД:
 
Хүүхдүүд хоногийн турш дунджаар
 
280 мкг/м3 PM2.5 тоосонцор,
301 мкг/м3 азотын давхар исэл,
654 мкг/м3 хүхэрлэг хийнд өртөж байжээ.
Агаар бохирдуулагч эдгээр бодисын хүний биед үзүүлэх хүлцэх хэмжээ нь 50 мкг/м3 бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
 
Тухайлбал, хүүхдүүд хичээлдээ явахдаа дунджаар 38 минутыг зарцуулдаг бөгөөд хамгийн багадаа 69 мкг/м3, хамгийн ихдээ 8039 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 1.4-161 дахин их PM2.5 тоосонцрын бохирдолд өртөж байгаа аж.
 
Ингэхдээ оройн 17.00-18.00 цагт хүлцэх хэмжээнээс хамгийн их буюу 11 дахин их агаарын бохирдолд өртөж байгааг тогтоосон байна.
 
 
Харин тоосонцрын хувьд хүлцэх хэмжээнээс 1.4, хамгийн ихдээ 115 дахин тоосонцроор амьсгалж байгаа аж.
 
Тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог бөгөөд амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэж, амьсгалын замын архаг өвчнийг сэдрээдэг байна.
 
Түүнээс гадна уг судалгааны дүнд хүүхдүүдийн хоногийн турш өртөж буй азотын давхар ислийн хэмжээ хүлцэх хэмжээнээс 6, хүхэрлэг хийн өртөлт 13 дахин хэтэрсэн байгааг тогтоожээ.
 
Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг.
 
 
Хүүхдүүд агаарын бохирдол өртөхөд гадаад орчны агаарын бохирдлын хэмжээ, гэрийн байрлал, хичээлдээ явах, гэртээ харих цаг, хичээлийн ээлж, сууцны төрөл, гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэг эсэх нь нөлөөлж байгаа аж.
 
Агаарын бохирдлын энэ байдал хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьсгалын дээд замын үрэвсэлт өвчин, хатгалгаа, уушгины архаг бөглөрөлт, хавдар, зүрх судасны өвчлөл үүсгэх шалтгаан болох эрсдэлтэйг судалгааны багийнхан онцолж буй юм.
 
Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ маскны хэрэглээг нэвтрүүлэн, агаар шүүгчийг хэрэглэж, төр эрх бүхий боловсролын байгууллагуудаас хичээлийн цагийн хуваарьт анхаарал хандуулах шаардлага тулгараад байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)