Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Энэтхэг эмч нар элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын үзлэг хийнэ

Бүгд найрамдах Энэтхэг улсын “Фортис” группын эрхтэн шилжүүлэх мэс заслын тэргүүлэх зэрэглэлийн эмч нар энэ сарын 26-28-нд Улаанбаатар хотноо үзлэг хийх гэж байна.
 
Эмнэлгийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэгч Ази дахь хамгийн том байгууллагын нэг “Фортис” групп олон чадварлаг эмч, мэргэжилтэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, нарийн болон төрөлжсөн мэргэжлийн төвүүдтэй дэлхийн жишигт нийцсэн байгууллага юм. Тус групп нь Энэтхэг даяар гуравдагч болон дөрөвдөгч шатлалын эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 10 мянган ор бүхий 54 эмнэлэг, 260 оношилгооны төв, өндөр чадвартай 23 мянган ажиллах хүч, баг хамт олонтой, өдөрт 3100 гаруй өвчтөнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж.
 
Тус эмнэлгийн эмч Вивек Виж нь Монголын 50 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж, бүгд амжилттай болсон. Түүний багийнхан 2500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгаж, өвчтөнд 95, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр 2015 онд АНУ-ын Чикаго хотноо байрлах Элэг шилжүүлэн суулгах олон улсын нийгэмлэгээс Хүндэт шагнал хүртсэн юм. Харин доктор Рахул Бхаргава насанд хүрсэн 200 гаруй хүнд чөмөг шилжүүлэн суулгаснаараа хойд Энэтхэгтээ дээд амжилт тогтоожээ.
 
Энэ удаад тус группын Элэг шилжүүлэн суулгах болон Дотрын мэс заслын тасгийн дарга, доктор Вивек Виж, Урологи, Бөөр шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч, доктор Ражев Сод, Клиникийн Гематологийн буюу чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга, доктор Рахул Бхаргава зэрэг шилдэг эмч нараар ахлуулсан багийнхан Улаанбаатар хотноо дахин ирэх гэж байна. Тэд энэ сарын 26-нд “Интермед” эмнэлэгт, 27-нд Улсын нэгдсэн Нэгдүгээр эмнэлэгт, 28-нд Хавдар судлалын үндэсний төвд тус тус үзлэг хийхээр төлөвлөжээ.
 
Вивек Виж элэгний хавдар, элэгний цирроз, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөн, элэгний архаг эмгэг, Ражив Сод бөөр шилжүүлэн суулгах, Рахул Фаргава цусны эмгэгүүд (цусны хавдар, чөмөг, хэм шилжүүлэн суулгах) гэсэн чиглэлээр үзлэг хийх бөгөөд өвчтнүүд элэгний MRI эсвэл CT шинжилгээ, Элэгний үйл ажиллагааны шинжилгээ болон өмнө нь хийлгэж байсан шинжилгээний бичгүүдээ авч ирэхийг зөвлөж байна.
 
Дашрамд дурдахад, “Фортис” эмнэлгийн албан ёсны төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо нээгдсэн бөгөөд тус эмнэлгийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах, зуучлах, бичиг баримт бүрдүүлэх, БНЭУ-ын виз хүсэх зэрэг цогц үйлчилгээг авах боломжтой болжээ. 
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)