Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Гурилын үнийг өсгөхгүйн тулд 7.8 тэрбум төгрөг зарцуулжээ

Өнгөрсөн зун хэт халалт олон хоногоор үргэлжилж, хур тунадас бага байснаас тодорхой бүс нутгуудаар га-гаас хураах ургацын хэмжээ эрс буурсан. Иймд жилийн хэрэгцээт буудайнхаа 40 гаруй хувийг л дотоодоосоо хангасан байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 367 мянган га-д улаанбуудай тариалж, 230  мянган тонн ургац хураан авсан.
 
Үүнээс зохих стандартын шаардлагад 128 мянган тонн хүнсний буудай нийцжээ. Эдгээрийг 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгж зах зээлд нийлүүлсэн байна. Дээрх буудайн 23.2 мянган тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ОБЕГ-ын Улсын нөөцийн салбарт, 104,8 мянган тонныг гурилын 32 үйлдвэрт нийлүүлжээ.
Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн тул гурилын хүртээмжийг хэвийн хэмжээнд, үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газар 2018 оны “Хүнсний улаанбуудайн урамшууллыг шинэчлэн тогтоох, үрийн улаанбуудайн үнийг хөнгөлөх тухай” тогтоол гаргасан. Энэ дагуу хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллыг улаанбуудайн чанартай нь  уялдуулжээ.
 
1-3 дугаар ангиллын  буудайд  60.0 мянган төгрөг,
4 дүгээр ангиллын буудайд 50.0 мянган төгрөгөөр тогтоон тариаланчдад нийт 7,8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  
Тэгвэл яг жилийн өмнө I гурилын улсын дундаж үнэ 1025 төгрөг байсан энэ сарын 14-ний байдлаар 1075 төгрөг байна гэж ҮСХ мэдээлсэн юм.
 
Баян-Өлгий аймагт өнгөрсөн сард 960 төгрөгийн үнэтэй байсан I гурил энэ сард 1000 төгрөг болж өсөөд байна. Мөн Хэнтий аймагт 1150-1200 төгрөг болж өссөн бол бусад аймгуудад гурилын үнэ тогтвортой байна.  
 
Мөн Увс, Завхан зэрэг баруун аймгуудын тариаланчдад Засгийн газрын холбогдох тогтоолыг үндэслэн
 
1-3 дугаар ангиллын буудайн тонн тутамд 90.0 мянган төгрөг,
4 дүгээр ангиллын буудайн тонн тутамд 75.0 мянган төгрөгийн урамшуулал олгожээ.
Одоо Тариалан эрхлэлтийг дэмжих сан 32,4 мянган тонн үрийн буудай хадгалж байна.
 
2017 оны ургацын байдал, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн боломж, хадгалж буй үрийн хэмжээг харгалзан дэрх үрийн буудайн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөн, нийт тариаланчдад дахин дэмжлэг үзүүлэх шийдвэрийг ч салбар яамнаас гаргажээ.
 
Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалж буй дотоодын болон импортын үрийн буудайн үнийг тонн тутамд 200,0 мянган төгрөгөөр хөнгөлж, борлуулах аж.  
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)